Одоогоос хоёр жилийн тэртээ Кембрижийн стандартаар бэлтгэх сургуульд, нийцсэн багш нарыг бэлтгэх зорилгоор сургалт зохион байгуулж, Кембрижийг Монголд “урих”-аар болоод байсан билээ. Рекламыг нь ч сүр дуулиантайгаар хийж, Засгийн газрын ч томоохон ПиАр болсон. Харин өнөөдөр бидний хүсэн хүлээгээд, хүүхдүүдээ бүртгүүлээд, рекламдаад байсан Кембриж хаана байна. Мэдэхгүй. Та, бид, бүр хариуцсан яам нь ч хүртэл мэдэхгүй. Нээрээ “тэр” хаачив. Уриад байсан ирээгүй юм уу?
2010 оны гуравдугаар сар. Кембрижийн стандартаар бэлтгэх 115 дугаар сургуульд багшлах боловсон хүчнийг бэлтгэхийн тулд англи хэлний сургалт явуулжээ. Үүний дараачаас эхлээд “Шинэ эхлэл”, “Монгень” болон Төмөр замын 20 дугаар дунд сургуулийг байгуулан хүүхдүүдийг ч аваад байсан. Гэтэл одоо энэ сургуулиуд туршилтын сургалтаа хийж байгаа гэх. Бэлтгэл болон судалгааны ажил үргэлжилж байна. Тодорхой мэдээллийг өгөх боломжгүй байгаа гэх. “Бидний хийсэн судалгаагаар одоогийн сургалтын системийн 90 хувь нь Кембрижтэй адилхан, 10 хувь нь өөр гэж гарсан. Тэр 10 хувийг хэрхэн Монголын хөрсөнд буулгах вэ гэдэг асар том ажил. Одоогийн байдлаар зөвхөн бэлтгэл ажил өрнөж байгаа болохоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэж Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр сэтгүүлчидтэй хийсэн зангиагүй уулзалтын үеэр ярьж байсан юм. Ямартай ч бэлтгэл ажлыг сайтар базааж байна.
“Шинэ эхлэл”, “Монгень”, Төмөр замын 20 дугаар дунд сургууль болон “Монгол тэмүүлэл” сургуульд ямар ч байсан хүүхдүүд суралцаж байгаа. Гэхдээ Кембрижийн стандарт хараахан бүрэн утгаараа хэрэгжээгүй байгаа учраас хүүхдүүдийг нэмж авах чиглэлийг баримтлахгүй байгаа ажээ. Гэхдээ сар бүр гадны мэргэжилтнүүд эдгээр сургуулиуд дээр очиж ажилладаг бөгөөд сургалтын явц ямар шатандаа явж байгааг судалдаг гэх. Хамгийн гол асуудал нь стандартанд нийцсэн багш нар хараахан байхгүй гэх асуудал. Үүнийг салбарын сайд нь ч баталж буй. Гэхдээ сургалтаар шийдэхийг хичээж байгаа аж. Харин энэ сургуулиудад бүртгээд байсан сурагчид ямар нэгэн шийдвэр гарахыг хүлээх хэрэгтэй болох нь. Учир юу гэвэл энэхүү стандарт одоохондоо түүхий учраас.
Хөтөлбөрийг хараахан боловсруулж амжаагүй. Кембрижийн стандартаар сургалтын үйл ажиллагааг явуулах загвар сургуулиудад судалгааны болон бэлтгэл ажлын дараа хөтөлбөрийг боловсруулах юм байна. Гэтэл 2014 оноос Кембрижийн стандартанд бүрэн шилжинэ гээд заачихсан байдаг. Салбарын сайд, салбарын ажилчдын үгийг сонсвол энэ байдал 2014 онд хараахан амжихгүй ч юм шиг. Уг нь Кембрижийн стандартыг хамгийн зөв шийдлээр хэрэгжүүлсэн улс нь Сингапур. Сингапурын сурагчид доод тал нь зургаа, дээд тал нь есөн хичээлийг сонгон үзэх боломжтой. Сингапурын Боловсролын яам сурагчдын өөрийн хүсэл тэмүүлэл болон сонирхлыг харгалзан сургалтын хөтөлбөрт зөвшөөрөл олгодог онцлогтой. 6-9 сонгосон хичээл дээр нь нэмэгдэж, Англи хэл, Математик, Ерөнхий эрдэм, Эх хэл, Шинжлэх ухаан, Хүн орчны хичээлүүдийг үздэг байна. Сонгож суралцдаг хичээл нь хууль эрх зүй, дүрслэх урлаг, загвар, технологи, Математикын нэмэлт зэрэг хичээлүүд байдаг. Сингапурын дунд сургуулиуд ерөнхий эрдмийн шалгалтыг “хагас жил”-ийн шалгалт гэх бөгөөд зургадугаар сарын эхний долоо хоногийн даваа гаригт авдаг. Харин арваннэгдүгээр сард аман болон бичгийн шалгалтыг авдаг ажээ
Сингапур ийм байхад манайх яах гээд байна аа… Харамсалтай нь, үүнийг жирийн иргэд нь ч, салбарын мэргэжилтнүүд нь ч мэдэх юм алга. Ямар ч байсан 2014 онд бүрэн шилжинэ л гэсэн хариулт тодорхой байна.
Ерөнхий сайд болоод салбарын сайдын үгийг сонсвол манайд хэзээ нэгэн цагт ирэх нь ирнэ. Гэхдээ хугацаа нь тийм ч тодорхой биш. Уг нь бид Кембрижэд хаягласан “урилгыг” 2014 он байхаар хийсэн. Гэхдээ урилгыг хүлээж авах эсэх нь эргэлзээтэй. Учир нь бид бэлтгэл ажлыг хэрхэн хийхээс хамаарах учраас. Ямар ч байсан энэ намар гадны эрдэмтэд Монгол Улсын боловсролын салбартай танилцсан. Тэд танилцаад танай багшлах арга барил, боловсролын тогтолцоо зэрэг нь Кембрижийн тогтолцооноос арай өөр юм байна. Гэхдээ өөрчлөх боломжтой гэдгийг сануулаад буцжээ.
Гурван жилийн өмнөөс сүр дуулиантай зарлаж, энэ онд бүрэн хэрэгжсэн гэх ойлголтыг төрүүлээд байсан Кембрижийн стандарт өдгөө хэрхэх нь тодорхойгүй байна. Ямар ч байсан судалгааны ажил үргэлжилж л байгаа гэх. Судалгааны ажил өрнөөд, төгс төгөлдөр бэлтгэх гэсээр байтал бүрэн шилжих ёстой 2014 онд амжих эсэх нь эргэлзээтэй…?
Кембриж чи хаана байна…