”Бид хамтарсан засгаас гарахаар шийдлээ”

Хуучирсан мэдээ: 2012.01.06-нд нийтлэгдсэн

”Бид хамтарсан засгаас гарахаар шийдлээ”

Ардчилсан намаас сар бүр уламжлал болгон явуулдаг 4-11 уулзалт өчигдөр Төрийн ордонд болж АН-ын дарга Н.Алтанхуяг, намын Ерөнхий нарийг бичгийн дарга Д.Эрдэнэбаатар, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг нараас нэгэн “гэнэтийн бэлэг” задалсан нь Засгийн газраас гарах болсон тухай мэдэгдэл байлаа. Ийнхүү мэдэгдэх болсноо тайлбарлахдаа өмнө нь хамтрах болсон нөхцөл байдлыг эргэн санахыг хүссэн юм. Намын дарга Н.Алтанхуяг энэ талаар “Монголчууд хамтарсан Засгийн газар байгуулагдаад гурван жил хагас болсон учраас олон зүйлийг мартсан байх. 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа долдугаар сарын 1-ний хар өдөр тохиож, улс оронд сөргөлдөөнтэй байдал үүссэн. Ингээд улстөрийн хувьд Монгол Улс сөргөлдөөнтэй байдлаар цааш явах эсэх тухай асуулттай тулгарсан. Энэ үед АН тодорхой хэмжээгээр ухаалаг шийдвэр гаргаж, хамтарсан Засгийн газарт орж, ард иргэдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэх, улстөрийн тогтвортой байдлыг хангах, Монгол Улсынхаа хөгжил дэвшлийн төлөө хүчин зүтгэе гэж ҮЗХ-ноос шийдвэрлэсэн. Хамтарснаараа бид Монгол Улсад улстөрийн тогтвортой байдлыг хадгалж чадсан. Хамтарснаараа бид дэлхий нийтэд томоохон гамшиг авчирсан эдийн засгийн хямралыг харьцангуй гарз хохирол багатай даван туулсан. Хамтарснаараа бид олон жил дуншиж байсан уул уурхайн салбар, “Оюутолгой”, “Тавантолгой”-г эдийн засгийн эргэлтэд оруулж, улс орны эрчимтэй эдийн засгийн хөгжлийн суурийг тавьсан.

Жижиг, дунд үйлдвэрлэлийн асуудлаар томоохон ажлуудыг эхлүүлж чадсан. АН хамтарсан Засгийн газарт орж ажилласнаараа өөрт оногдсон түүхэн үүргийг хариуцлагатай, нэр төртэй хийж чадсан гэж би АН-ын даргын хувьд үзэж байна. 2012 он гарлаа. Онцлогтой жил. Энэ оны зургадугаар сард УИХ-ын болон орон нутгийн сонгууль болно. Сонгуульд мэдээж АН, МАН хоёр тусдаа орно. Хоёр нам тус тусын үзэл баримтлал, ойрын хугацаа болон АН-ын санаачилсан 2020 он хүртэлх хугацаанд монгол хүнээ хэрхэн хөгжүүлэх, улс орныхоо хөгжлийг хэрхэн төсөөлж байгаагаар мөрийн хөтөлбөрөө боловсруулан оролцох нь дамжиггүй. Тийм учраас АН өөрт оногдсон түүхэн үүргээ хангалттай сайн биелүүлж чадсан тул Засгийн газраас гарах нь зөв гэж үзэж байна.Бид хамтарсан Засгийн газраас гарахаар шийдлээ” гэв.


Ингээд АН-ын удирдлагын зүгээс уг мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.

-Намын удирдлагуудад хамтарсан засгаас гарах шийдвэр гаргах эрх нь байхгүй биз дээ?

-Өнөөдөр би намын даргын зүгээс байр сууриа илэрхийлж байна. Бид шийдвэрийг ойрын хугацаанд болох ҮЗХ-ныхоо хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.

-Энэ асуудлыг шийдвэрлэх ҮЗХ хэзээ хуралдах вэ?

-Удахгүй.

-Хамтарсан засгийн газрын хариуцлагыг хэн хүлээх вэ?

-Хамтарсан Засгийн газрын өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын амжилт бас алдаа дутагдлыг АН хүлээнэ. Түүнээс хариуцлагаас зугтсан гэсэн ойлголт байхгүй. АН-д хийж гүйцэтгэсэн олон ажил бий. Цаашид хийх ажил ч их байна. Бид “Монгол хүн-2020” хэлэлцүүлгийнхээ хөтөлбөрийг боловсруулж, “Эдийн засгийн хувьсгал”-аа хийж гүйцээнэ.

-АН-ыг ИЗН-тай нэгдэнэ гэсэн яриа байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Тийм зүйл одоохондоо яриагүй.

-Таныхаар хамтарсан Засгийн газрын хийж гүйцэтгэсэн ажлыг дүгнэвэл?

 -Ард түмэн л дүн тавина даа. Бусад хүмүүс том, том тоо хэлэх байх. Гэхдээ би тэгдэг нь биш. Ер нь хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хийсэн ажлын дүн гарах л байх.

-Хамтарсан Засгийн газраас гарах шийдвэрээ Ерөнхий сайдад дуулгасан уу. Өчигдөрхөн Засгийн газрын тэргүүн хамтарсан Засгийн газар энэ хэвээрээ ажиллан, бүр ирэх дөрвөн жилд ч хамтрах тухай ярьж байсан?

-Хамтраад ажиллаж байгаагийн хувьд нөгөө намынхандаа дуулгасан. Ер нь манай хэвлэл мэдээллийнхэн гурван жил дуулгасан шүү дээ.

-Хамтарсан Засгийн газраас гарснаар шинэ сайдуудыг хэрхэн томилох бол?

-Манай намд зургаан сайд харьяалагддаг. Тэгэхээр дараагийн зургаан сайд МАН-аас гарна биз. Түүнийг бид богино хугацаанд сонгоход туслаад өгнө. Ер нь АН бол хийвэл хийсэн шиг хийгээд, боливол больсон шиг болиод, хийснийхээ төлөө хариуцлагаа хүлээдэг эрийн цээнд хүрсэн хоншоортой намын шинжтэй л байгаа.

-Сонгууль болохоор хоёр нам тусдаа болчихдог, сонгуулийн дараа нэгдчихдэг байдал хэдий болтол үр­гэлжлэх вэ. Магадгүй ирэх сонгуу­лийн дараа АН дахин хамтрах уу?

-Ирэх дөрвөн жилийг тааж хэлдэг Ванга байхгүй. АН бодлоготой, хөтөлбөртэй, зорилготой, үзэл баримтлалтай. Түүнийхээ дагуу ажиллаж байгаа. Хамтарсан Засгийн газарт орж ажилласан нь бялуу хуваана гэхээсээ илүү хариуцлагаа ухамсарлаж ажилласан хэрэг. Манай намаас ажилласан сайд нар, УИХ-д суугаа 27 гишүүн маань үнэхээр энэ хугацаанд Монгол Улсынхаа хөгжлийн төлөө, монголчуудынхаа ахуй амьдралыг жаахан ч гэсэн дээшлүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр ажилласан. Хамтраад ажиллах зүйл байвал бид хамтарна. Харин өрсөлдөх үедээ өрсөлдөнө. Үүнийг “Улстөрийн намууд дандаа хэрэлдэж байдаг. Эсвэл хамтарсан чигтээ дуусдаг” гэж болхи байдлаар ойлгож болохгүй.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж