МАН, АН Засгийн газарт хамтарч ажилласнаар Монголын хөгжилд шийдвэрлэх нөлөөтэй олон алхмуудыг хийж, түүхэн үүргээ гүйцэтгэсэн гэдгийг одоо, ирээдүйн аль ч цаг үед монголчууд хүлээн зөвшөөрөх нь гарцаагүй биз ээ. Мөн энэхүү хамтрал, нэгдлийн гэрэл, сүүдрийг ч дүгнэн цэгнэх нь тодорхой юм.
Ардчилсан нам түүхэн үүргээ гүйцэтгэлээ гэж үзэж, ард түмэн сонголтоор оноогдсон сөрөг хүчний байр суурин дээрээ очиж байгааг буруутгах, тэр тусмаа болчимгүй гэж хэлэх нь учир дутагдалтай. Ерөнхий сайд С.Батболд тэдний эл алхам эрх зүйн талаас хамтарсан Засгийн газрын гэрээг зөрчиж байгааг сануулсан нь зүйн хэрэг боловч уг засаглалын хэлбэр өөрөө гэрээ битгий хэл хууль зөрчин байгуулагдсаныг ч санах хэрэгтэй юм. Хамтран ажиллаж, олон түүхэн шийдвэрүүдийг амжилттай хэрэгжүүлж, улс орны ирээдүйд хаалга нээж өгсөнд нь харин ч Ардчилсан намд “баярлалаа” гэж хэлээд улс төрийн эр зориг гаргаж буйд нь “Баяр хүргэе” гэсэн бол С.Батболд том харагдах байлаа.
МАН болон АН сонгуулийн марафоноо эхлүүлснээ аль аль нь албан ёсоор зарласан хэрнээ хамтарсан хэвээр байх нь угаасаа гайхаш төрүүлж байсан. Бүрэн эрхийн хугацаанаас үлдээд байгаа зургаан сар бол хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дутууг гүйцээхэд биш сонгуулийн бэлтгэлд зориулагдана гэдэг нь ч ойлгомжтой байхад танхим тарсанд харамсах нь үнэмшил багатай туслаа.
Харин МАН-ын даргын хувьд хувь улстөрчийнхөө үүднээс харамсах зүйл нь гэвэл дараагийн Засгийн газрын асуудал өөрөөс нь үл хамааран зайлшгүй хөндөгдөх болсон явдал биз ээ. Ардчилсан намын сайд нарын суудлыг нөхөж, тэргүүнээр нь тэр өөрөө үлдэх эсэхийг С.Батболд шийдэх биш МАН-ын эрх барих байгууллагын хүрээнд ярих нь тодорхой бололтой.
Ардчилсан намынхны хувьд албан тушаалыг биш ардчиллын үнэт зүйл, өөрийн үзэл баримтлалаа хадгалж үлдэх шийдвэрийг гаргасанд Н.Алтанхуяг даргадаа талархал илэрхийлж байна. Намаа байр суурь, үнэт зүйл дээр нь авч үлдэх шийдвэр гаргасан Н.Алтанхуягтай одоо ҮЗХ хариуцлага тооцох шаардлагагүй болж, сонгуульд түүгээр удирдуулан орох итгэл үнэмшил дээр санал нэгдэх төлөвтэй байна. Нөгөө талаас Ардчилсан нам сөрөг хүчний улс төрөө дээрх мэдэгдлийн хамт албан ёсоор эхлүүлэх шиг боллоо. Учир нь тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат АН-ын дээрх шийдвэрийг танилцуулах үеэрээ “иргэдийнхээ улс төрийн эрх чөлөөг буугаар булааж авсан төр засагтай орныг ардчилсан засаглалтай гэж хэлэх боломжгүй. Ардчилсан нам ардчилсан Ерөнхийлөгчийн гаргаж ирсэн, одоо жинхэнэ ардчилсан засаглалыг тогтоож чадна” гэж мэдэгджээ. Ардчилсан нам МАН-тай хамтарсны сүүдэрт долдугаар сарын 1-ны хэрэг явдалд улс төрийн дүгнэлт хийх эр зориг, иргэдийн эрх, эрх чөлөөний асуудал булингартаж байсныг үүгээр далд сануулж, сөрөг хүчний байр сууриа илэрхий тодотгосон алхам гэж үүнийг олон нийт хүлээж авч байна. Өнгөрсөн хугацаанд Ардчилсан нам сөрөг хүчний байр суурь, дуу хоолойгоо боомилуулах шалтгаан нь Засгийн газар, төрийн албаны хүрээнд МАН-тай хамтарч байсантай холбоотой билээ. Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд Ардчилсан нам нэгдсэн бодлогогүй оролцож, гишүүн сайд нарынх байр суурь үнэгүйдэж эхэлсэн гэдэг шүүмжлэл, бухимдал энэ удаад Н.Алтанхуягийн эрс шийдвэрт нэлээдгүй нөлөө, шахалт болсон нь эргэлзээгүй болов уу. Юутай ч гишүүд, дэмжигчид, олон нийтийн зүгээс багагүй хугацаанд хүсч, шаардаж байсан улс төрийн шийдвэрийг Ардчилсан нам ийнхүү гаргасанд харамслаас илүүтэй талархал зохих байх аа.