Өнгөрсөн жилийн аттестатчлалын шалгалтаар хаагдсан сургуулиудын ихэнх нь өөрийн гэсэн сургалтын байргүй, түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж байжээ. Хамгийн гол нь жилийн, жилд эдгээр сургуулиудын оюутнууд хүйтэн байранд, хөөгдөн, туугдан байж хичээллэдэг тухай ярьж байсан юм. Нийт хичээлийн жилд 2-3 долоо хоног хичээл орохгүй байх тохиолдол ч гардаг байжээ. Шалтгаан нь түрээсээ төлөөгүйгээс болж. Харин оюутнууд нь төлбөрөө тушаачихсан байдаг. Хаагдсан сургууль бүгд ийм байсан уу гэвэл үгүй. Хүний байранд хичээлээ явуулдаг ч өөр шалтгаанаар хаагджээ.
Өнгөрсөн шалгалтаар зарим сургуулийн үндсэн багш 2-3 хүний тоонд л багтаж байжээ. Гэтэл цагийн багшийнх нь тоо 10 гарчихсан байх жишээтэй. Харин хуулиндаа үндсэн багшийнх нь тоо нийт багшийн 70 хувийг эзлэх ёстой гээд заачихсан байдаг. “Бид шалгалтынхаа хүрээнд багшлах боловсон хүчний тэнцвэрийг харгалзаж харсан. Цагийн багш нар гэрээт ажилчинд тооцогдох учраас үндсэн багш нарыг олон байлгахыг шаарддаг. Хаагдсан сургуулиудын ихэнх нь үндсэн багшийнхаа тоогоор үнэхээр хангалтгүй байсан” гэж БСШУЯ-ны мэргэжлийн боловсролын хэлтэсийн мэргэжилтэн Х.Батсайхан ярьж байсан юм.
“Тэгвэл хаасан сургуулиудын оюутнуудыг яая гэж байгаа юм бэ?” гэж Мягмар гэж өөрийгөө нэрлэсэн хүн твиттерээр асууж байна. Нээрээ тэдгээр оюутныг яах юм бэ? Хаах шийдвэр гарсан 14 сургуулийн үйл ажиллагаа энэ сарын 25-нд бүрмөсөн зогсоно. Харин БСШУЯ-наас одоогийн байдлаар суралцаж байгаа хүүхдийн кредит цаг болоод дүнгийн голчыг хуулж, өөр сургуулиудад шилжүүлэх ажлыг өрнүүлж байна. Харин энэ ажлын явцад хүмүүсийн нэр солигдох, хасагдах, нэмэгдэх зөрчил гарах учраас нарийн шүүлтийг хийж байгаа аж. Мөн тухайн сургуульд ордог байсан хичээлийн агуулга, долоо хоногт хэдэн цаг ордог байсныг нягталж шилжин орох сургуульд нь өгөх юм байна.
Үлдсэн сургуулиуд санаа амар байх уу?
14 их, дээд сургуулийн үйл ажиллагааг нь ямар нэг хэмжээгээр хааж, 50 гаруй сургуульд хяналт, шалгалт хийсэн өнгөрсөн удаагийн шалтгалтад хамрагдаагүй сургуулиудыг энэ жил үргэлжлүүлэн шалгана. Шалгалтад тэнцээгүй тохиолдолд хаалгыг нь барих тогтолцоо үйлчилнэ. “Энэ удаагийн шалгалтад хамрагдаагүй сургуулиудыг бид энэ онд ч гэсэн шалгана. Хэрвээ аттестатчлалд тэнцээгүй бол хаалгыг нь барих болно. Нэг ёсондоо шалгалтыг нарийн чанд хийнэ гэж ойлгох хэрэгтэй” гэж Х.Батсайхан ярьж байна. Одоогийн байдлаар өөрийн гэсэн байргүй, үндсэн багшийн тоогоороо тааруу, хичээлийн цаг нь бага гэх дутагдалтай олон сургууль байгаа гэх. Яаманд сургуулиудтай холбоотой гомдол санал цөөнгүй ирдэг ажээ.
Ямар нэгэн ажил явуулахад ард нь ямар нэгэн лобби ордог гэх айдас хүн болгонд бий. Тэгвэл боловсролын салбарын сургуулиудыг хааж байгааг хэн нэгний лоббигоор хийгээгүй гэдгийг мэргэжлийн хүмүүс нь баталж байна. Учир нь хуулинд заасан эрх хэмжээнийхээ дагуу мэргэжлийн олон салбарын байгууллагууд энэ шалгалтад хяналт тавьдаг учраас ямар нэгэн лобби байх үндэслэлгүй гэнэ. “Нээлттэй өрсөлдөөний зарчмаа бодвол эдгээр сургуулиудыг олон нийтэд нээлттэй байдлаар явуулж сургуулиудыг хаах нь зөв байх. Дээрээс хэн нэгний үзэл бодлоор хаадаг байж болзошгүй. Хувийн сургуулиудын энэ нийгэмд “амьдрах” боломжоор хангах хэрэгтэй” гэж хувийн сургуулиудыг төлөөлөн Р.Оюунцэцэг гэх хүн ярьж байсан юм.
1960-аад оны дундуур Их Британийн их сургуулиудын тоо нэмэгдээд ирсэн байна. Хүн амынхаа хувьд тухайн үед манайхаас илүү байсан ч засаг захиргаанаас нь сургуулиудыг хэтэрхий олон байна гэж үзжээ. Үүний дараа боловсрол хариуцсан байгууллагаас нь хяналт шалгалт хийсний дараа 200 гаруй сургуулийн үйл ажиллагааг нь зогсоож томоохон сургуулиудтай нэгтгэсэн гэдэг. Яг үүний дараанаас дээд боловсролын чанарыг илүү чангатгаж хэрвээ сургууль байгуулах гэж бол нарийн чанд шалгуурыг даван, дараа нь дээд боловсролын зөвлөлд хүлээн зөвшөөрөгдөж байж сургалтын үйл ажиллагаагаа явуулахыг зөвшөөрдөг байсан аж. Харин одоо Их Британийн боловсрол дэлхийн жишиг боловсролуудын нэг хэмээн хүлээн зөвшөөрөгддөг болсон билээ. Энэтхэгт улсад шаардлага хангаагүй сургуулийг хаах ажил ид өрнөж байгаа гэх. Учир нь сүүлийн үед шинээр хөрөнгөжиж байгаа хүмүүс хувийн сургууль барих болсон бөгөөд Энэтхэгийн Засгийн газраас зарим сургуулиудыг хаахаар болоод байгаа юм.
Ямар ч байсан Монголд өдгөө 170 гаруй болоод байсан их сургуулиудын тоо одоогийн байдлаар 95 болоод байна. Цаашид ч цөөлөх чиглэлээр хариуцсан яам нь ажиллана. Тааруу сургуулиуд шалгалтад бэлэн байгаарай?