-Дээрхийн гэгээнтэн та гурав дахь жилдээ орос сүсэгтэн олны хүсэлтээр тэдэнд айлтгалаа хийж байна. Энэ удаа Дарамсалад ирсэн орос даяанчдаас ямар сэтгэгдэл төрөв? Тэдний тоо жилээс жилд өсч буй шалтгааны та хэрхэн тайлбарлах вэ?
-Сүүлийн хэдэн зууны турш Оросын холбооны буддын шашинтай улсууд ба Түвд хооронд маш ойр холбоотой байсныг юуны өмнө хэлье. Буддын гайхамшигтай багш, гүн ухаантнууд тэнд төрж, Түвдэд ирсэн байдаг. Тэдний зарим нь насан өөд болтлоо Түвдэд үлдэн сүм хийдийн тэргүүн болсон. Жишээлбэл, 1959 онд Дрепунг Гоманг хийдийн хамба лам нь Согпо Лигдэн. Бас би Түвдэннямыг сайн санаж байна… Тэд бол Оросоос Түвдэд ирсэн гайхалтай гүн ухаантнууд, сайн багш нар. Тэгэхээр бид хоорондоо үргэлж, онцгой, дотно харилцаатай байлаа.
Үүний зэрэгцээ хувьсгалаас өмнө XIII Далай лам Оросын хаантай холбоотой байсан. Лхас дахь Далай ламын өргөөнд Оросын хаанаас XIII Далай ламд бэлэглэсэн бэлэг хадгалаастай байгаа. Түүний нэг нь шигтгээтэй бөгж. Эзнээ олоогүй бэлэг юм даа. Далай лам, лам нар чинь тийм гоёлоор гоёдоггүй (инээв). Очир эрдэнэтэй, дунд нь хааны өөрийн хөрөгтэй маш гоё бөгж. Оросын сүлдээр чимэглэгдсэн халаасны алтан цагийг би санаж байна. Ер нь бол би Орост халуун сэтгэлээр ханддаг. Би оросуудтай уулзах бүрдээ л өмнөх Далай ламыг санадаг, бидний хооронд холбоо байгааг мэдэрдэг. Буддагийн бүс нутгийн хүмүүст би цаг үргэлж л буддизм бол манай өвгөд дээдсийн шашин гэж хэлдэг. Би тэднийг шинэ итгэл үнэмшилд татдаггүй. Харин тэд эртний оюуны өвөө уламжлан хадгалахад нь тус дэм болдог.
Оросын буддизмын уламжлалтай бүс нутагт буддизмыг сонирхох хандлага өсч буйд би маш баяртай байна. Хүмүүс буддизмаас өөрсдийн шаардлагад нийцэх зүйлээ олж байна. Өнөөдөр сургаал сонсохоор зөвхөн Оросоос биш Хятад, Солонгос, Японоос хүмүүс ирж байгааг би их бэлэгшээж байна. Эдгээр орнуудын даяанчдын тоо жилээс жилд өсч байна. Хүмүүс буддизмыг жинхнээсээ сонирхон судлаж байгаад би их баяртай байна. Учир нь өөрсдийгөө буддист гэсэн хүмүүс өмнө нь арц, хүжээр утуулах дуртай байж (инээв). Тэд буддизмыг судлахаас илүүтэй ёслолд анхаарч иржээ. Одоо байдал аажмаар өөрчлөгдөж байгаа нь нэлээд найдвар төрүүлэх боллоо.
Буддын практикт оюуны чадвараа дээд зэргээр дайчлан судалгаа хийж дүгнэлт гаргах нь маш чухал гэдгийг би ямагт давтан хэлдэг. Бидний асуудлын гол нь сэтгэлийн хөөрөл. Хэрхэн сэтгэл хөдлөлөө барих вэ? Сөрөг хөөрлийг өөрчлөхийн тулд өөрийн оюун ухааны чадвараар дээд зэргийн үр дүнтэй ашиглахыг буддизм сургадаг. Тиймээс буддизмд суралцах нь маш чухал. Хүмүүс үүнийг ойлгож байгаад нь би их баяртай байна.
-Та 2011 оны гуравдугаар сард цагаачдын нийгэмлэгийнхээ улс төрийн лидерийн эрх мэдлээс татгалзсаны дараа анх удаагаа 1,5 мянган орос даяанчтай та уулзаж байна. Яагаад ийм шийдвэр гаргасан талаар Орост тун бага мэдээлэл гарсан. Тэгэхээр та шалтгааныг нь сайн тайлбарлаж өгнө үү? Таны энэ шийдвэр Түвдийн хүмүүст нөлөөлсөн болов уу? Тухайн үед цөөнгүй түвд лам өөрийгөө шатааж байсантай үүнийг холбон үзэж болох болов уу?
-Би хүүхэд ахуй цагаасаа л Түвдийн захиргааны уламжлалт систем нь олон сул талтайг ойлгож байлаа. Би Түвдийн улс төрийн удирдлагыг 1950 онд аваад шууд л өөрчлөлт хийж эхэлсэн. Гэвч бидний эхлэл амжилт олсонгүй… 1959 онд Энэтхэгт ирээд бас шууд л улс төрийн бүтцийг ардчилал руу чиглүүлэн өөрчилж эхэлсэн юм. Бид 2001 онд анх удаагаа улс төрийн удирдлагын сонгууль явууллаа. Ардчилал юугаараа намайг татаад байгааг тайлбарлахыг хүсч байна. Дэлхий ертөнц бол хаад, шашины тэргүүнүү, ямар нэгэн намынх биш харин манай гаригийн долоон тэрбум хүнийх гэж би ямагт хэлж байсан. Дэлхий бол хүн төрөлхтнийх. Би саяхан Америкт айлчлахдаа Америк бол 300 америкчуудынх болохоос Ардчилсан эсвэл Бүгд найрамдах намынх биш гэж ярьж явлаа.
Түвдэд сүүлийн 400-аад жил Далай лам л автоматаар засгийн тэргүүн болж байв. Өнөөдөр тэр систем хуучирчээ. Түүнийг өөрчлөх хэрэгтэй. Улс орны эзэд нь түүний ард түмэн юм. Улс орныг удирдах хамгийн шилдэг арга нь бол Засгийн газрыг сонгуулиар байгуулдаг ардчилал. Удирдлага нь ард олондоо ажлаа тайлагнаж, хэдэн жилийн дараа солигдож байх ёстой. Энэ нь ард түмний засаглалын шилдэг хувилбар.
Би өөрөө 2001 оноос бараг хагас огцроод байсан. Үүнээс хойш арван жил өнгөрчээ. Улс төрийн асуудалд хамаатай шийдвэрийг сонгуулиар сонгогдсон улс төрийн удирдлага гаргаж байснаас биш миний гарт байгаагүй. Өнөөдөр харж байхад Түвдийн нийгэмлэг ардчиллын асуудлаар хангалтай боловсорчээ. Тэгээд л би улс төрийн эрх мэдлээ бүрэн өгөх цаг ирлээ гэж бодсон юм. Үүндээ ч баяртай байна. Улс төрийн эрх мэдлээсээ албан ёсоор татгалзсан тэр шөнө би ер бусын бөх, гүнзгий нойртой хонож билээ (инээв). Сэтгэл маш их уужирсан байлаа.
Ийм шийдвэр гаргасан ч би янз бүрийн танхимын өмнө үг хэлэхдээ би өмнөхийн адил Далай лам хэвээр байна гэдэг. Харин энэ цолноос би огцрох эрхгүй. Буддын сайн лам ба Далай лам хэвээр би дуусах юм. Нийт хүн төрөлхтний үнэт зүйлийг тараан дэлгэрүүлж, хувь хүн, нийгмийг аз жаргалтай болгох миний үүргүүдийн нэг нь энэ юм. Энэ үүргээ би үхэх хүртлээ гүйцэтгэж явах болно. Мөн түүнчлэн шашнуудын хоорондын зохицлыг бэхжүүлэх нь миний бас нэг үүрэг болно. Энэ хоёр үүргээ би энэ амьдралынхаа сүүлчийн өдөр хүртэл үүрч явна.
Улс төрийн үүрэгтэй холбоотой бүгдийг би сонгогдсон удирдлагад нь шилжүүлсэн. Сүүлийн хэдэн сарын дотор шинэ Засгийн газрын үйл ажиллагаа өмнөхөөс үр дүнгээр сайжирсан нь харагдаж байна. Би сэтгэл хангалуун байгаа. Түвдүүд улс төрийн лидерээрээ сонгосон Лувсансэнгээ Энэтхэгт төрсөн хүн. Энд түвд сургуульд дунд боловсрол эзэмшээд Дели хотын их сургуульд суралцсанаас гадна Харвардын их сургуулийг дүүргэсэн юм.
Асуудлын хоёр дахь хэсэг түвдүүдийн тухай. Эхлээд Түвдийн түвдүүдээс гадна цагаач түвдүүд нэлээд уймарсан байлаа. Би боломж гарвал л тэдэнтэй ярилцаж миний гаргасан шийдвэрийн шалтгааныг ойлгуулаах хичээсэн. Тэгээд тэд энэ өөрчлөлт нь тэдний сайн сайханд хэрэгтэйг аяндаа ойлгоод ирсэн юм. Мэдээж Түвдэд амьдарч байгаа түвдчүүдтэйгээ уулзахад их хязгаарлагдмал байгаа. Гэхдээ тэд миний гаргасан шийдвэрийн шалтгааныг ойлгох болно.
Үнэний хүч мөнх байж, зэвсгийн хүч нь урт наслаагүй ирсэн билээ. Дэлхийд үнэний хүч ба зэвсгийн хүчний хоорондын тэмцэл байнга явагдаж байна. Эцсийн дүнд нь үнэний хүч л ялж ирсэн юм. Сүүлд нь өөрийгөө шатаасан талаар. Энэ бол том эмгэнэл. Гэр бүлийн асуудал эдгээр түвдүүдийг өөрийгөө шатаахад хүргээгүй нь ойлгомжтой.
-Та өөрийн гол үүргийн нэгийг шашин хоорондын яриа хэлцэлд зуучлах явдал гэдэг. Сүүлийн үед шашин хоорондын мөргөлдөөн дэлхий хэмжээнд хурцдаж байна. Христийнхэн энэ дэлхийд хөөгдөн туугдаж буй нийгэмлэг боллоо гэсэн статистикийг гаргаж байна. Нэн ялангуяа Египет, Африкийн орнууд болон Ойрхи Дорнодод, Иракаас уугуул христийнхнийг хөөгдсөнөөр илэрч байна Асуудал хэнээс хамааралтай вэ? Энд та юуг зөвлөх вэ?
-Шашин хоорондын зохицлыг тогтоохын тулд бусад шашнуудыг судлах хэрэгтэй. Хайр сэтгэл, зовлон, жаргал, тэвчээр, өрөвч сэтгэлээр хүмүүжүүлэх арга барилыг нь судлах хэрэгтэй. Та бусад уламжлалыг судлаад ирэхээр бидний хооронд олон нийтлэг зүйл байгааг аяндаа олж үзнэ.
Үүний зэрэгцээ христийнхэн дунд олон суут хүмүүс, лалынхан дунд ч ялгаагүй байгааг мартах ёсгүй. Ямар ч шашны нийгэмлэгт маш сайн хүмүүс үргэлж байдаг. Бас юунд ч нэмэргүй муу хүмүүс бий. Байх ёстой л зүйл. Энд бүгдийн нэгэн янзаар үзэж болохгүй. Хэрэв нэгэн шашинд нь өөдгүй хүмүүс байгаа бол тэр сөрөг үзэгдлийг бүх шашинд нь нялж болохгүй. Энэ бол огт буруу.
Ингэхээр бид бие биеийнхээ талаар илүү ихийг мэдэх ёстой. Зөвхөн номноос биш. Бид өөр шашныг төлөөлсөн хүмүүстэй уулзаж тэднээс сэтгэлийн итгэл үнэмшлийнхээ талаар туршлага солилцох хэрэгтэй. Би өөрөө бусад шашнуудын төлөөлөгч нар лалынхан, христийнхэн, индусийнхний төлөөлөгч нартай тогтмол уулзаж, тэднээс итгэл үнэмшлэлийн гүнзгий туршлагыг нь мэдэн бидэнд олон зүйл адилхан байгааг олж авдаг. Та үүнийг өөрөө хийгээд үз. Олон шашнуудыг адилхан үнэт зүйл нэгтгэж буйг ойлгоно. Та бүгд бие биеэсээ суралцаж эхлэх болно.
Хүмүүс хязгаарлагдмал амьдралтай, тэдэнд харилцаа холбоо байхгүй нөхцөлд итгэхгүй байдал үүсдэг. Үүнийг зарим хүмүүс улс төр, эдийн засгийн амбициа гүйцэтгэхийн тулд ашиглаж байна. Үүнийг нэгдүгээрт гэж хэлье. Хоёрдугаарт, бид ямар шашин шүтэх нь хүн бүрийн хувийн хэрэг. Танд шашин таалагдахгүй байна уу? Тэгвэл шашингүйгээр амьдарч яагаад болохгүй гэж? Харин та тусч, сайн хүн чигээрээ л үлд. Хэрэв та шашинд сүсэглэхээр шийдсэн бол түүндээ үнэн сэтгэлээсээ ханд. Эс тэгвээс та энгийн хувцсаа ламынх болгон өөр нэр зүүсэн ч гэсэн таны дотор бүдүүлэг сөрөг сэтгэл хуучнаараа л хүчтэй байх болно. Тэр нь тус биш ус юм.
Чилийн нэг эрдэмтэн найз надад бий. Тэр нэгэн бага хурал дээр “эрдэмтэн ч гэсэн өөрийн шинжлэх ухааны судалгааны салбартаа хүлэгдсэн байж болохгүй” гэж хэлж билээ. Сайхан хэлжээ! Намайг хар, би бурхны шашинтай. Гэхдээ би өөрийн шашинд уягдах ёсгүй. Ямар нэгэн юмнаас уягдсан байхад та хамааралтай байх болно. Та хүрээлэн буй орчиндоо бодитоор хандаж чадахгүйд хүрнэ. Итгэл үнэмшлийг байнга хадгалж явахын чухлыг би ямагт хэлдэг. Гэхдээ бусад хүний итгэл үнэмшилд хүндэтгэлтэй хандах нь зүйтэй.
-Дэлхийн эдийн засгийн ба сэтгэл санааны даяарчлалын хямралаасаа огт гарч чадахгүй байна. Хүмүүс ирээдүйд итгэх итгэлээ алдан амиа егүүтгэж байна. Үүнээс гарах ямар зам байна вэ? Хүн юунаас тулгуураа хайх болж байна?
-Эдийн засгийн мэргэжилтнүүдээс асуувал дээр гэж би бодож байна. Надад тийм асуудал тавиад ашиггүй юм л даа. Би мөнгө зарахыг л мэдэх болохоос хэрхэн олохыг огт мэдэхгүй (инээв).
-Ёс суртахууны ямар нэгэн шалтгааныг та харахгүй байна уу?
-Харин энд би хариулт өгч чадна. Ажил хэрэгч хүмүүс, эдийн засагчдын ярианаас миний хийсэн дүгнэлт бол хэтэрхий их шунал хямралын шалтгааны нэг нь. Хүмүүс богино хугацааны үр дүнг бодон урт хугацааны үр дагавраа тооцоолохгүй байна. Үүнийг сохор мунхаглал гэхээр. Энд сэтгэлийн хөдөлгөөн тодорхой үүрэгтэйг та харж байгаа биз? Бусдыг нь мэдэхгүй юм даа. Хүн төрөлхтөн гэж нэгдмэл бүтнээр нь бид бодож сэтгэж сурах хэрэгтэй гэдэгт би итгэнэ. Энэ бол үнэндээ хэрэгтэй байна. Дэлхий долоон тэрбум хүнтэй. Бүх хүн үндсээрээ бол адилхан, бидний цэнхэр гариг ганцаараа бид бүгдийнх. Улс төрийн газрын зураг дээрх хил бол хоёрдогч юм.
Экологи, даяарчлалын дулаарал зэрэг асуудалд улс хоорондын хил хязгаар хэрэггүй. Тийм ч учраас бид бүхэл бүтэн ертөнцийн тухай илүүтэй бодож, “миний улс” эсвэл “тэдний улс” гэж ярих ёсгүй. Копенгагенд болсон Цаг агаарын өөрчлөлтийн олон улсын бага хурал дээр зарим оролцогч орнууд тэдний өөрсдийн сонирхол нь бусад орнуудынхаас чухал гэдгийг харууллаа. Энэ нь бүтэн зураглал байхгүйг үзүүлж байна. Би ингэж бодож байна.
"Ардын эрх" сонин