Татварын бодлого дагаж машины үнэ өсөв

Хуучирсан мэдээ: 2012.01.06-нд нийтлэгдсэн

Татварын бодлого дагаж машины үнэ өсөв

УИХ-аас энэ оны төсвийг батлахдаа Онцгой албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль баталсан. Үүнд авто­машины онцгой албан татварын хууль ч мөн багтаж байгаа юм. Энэхүү хуулийг Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийг дагаж мөрдөх өдрөөс эхлэн дагаж мөрдөх ёстой.  Гэтэл татвар нэмэгдэх сургаар автомашины ченжүүд ч машиныхаа үнийг оноос өмнө нэмээд эхэлчихсэн. Харин хууль хэрэгжиж эхэлсний дараа автомашины үнэ ханш ямар байгааг сонирхохоор нийслэлдээ л хамгийн том нь болох “Да хүрээ” авто машины захыг зорилоо.

Уг нь автомашин худалдаалах зориулалттай зах хажууханд нь байсаар атал захын өмнөх автозамын нэгдүгээр эгнээгээр нэлээд урт  үргэлжилсэн номертой, номергүй, шинэ хуучин автомашинуудыг зарахаар тавьсан харагдлаа. Хууль журмандаа бол тээврийн хэрэгсэл зорчих замын нэгдүгээр эгнээнд машин тавихыг хориглосон байдаг. Олон жилийн өмнөөс л зах дотор машинаа тавьж чадаагүй иргэд, ченжүүд энд зогсдог болсон уламжлал одоо ч хэвээр. Уг зам дээр машин зарахаар зогсч байсан 30 эргэм насны залуу “Зах дотор машин тавих мөнгө төгрөг ч алга, зай талбайн ч олдохгүй юм байна. Унаж байсан машинаа зарчих санаатай л зогсож байна. Надтай адилхан зорилготой хүмүүс ч энд олон байгаа. Автомашины үнэ нэмэнгдсэн болохоор хоёр жилийн өмнө энэ захаас худалдаж авсан Верна Аксентаа таван сая төгрөгөөс тохиролцоод зарчих санаа байна. Хамгийн хямд үнээр шүү. Ченжүүд нь ирж үнэ унагаагаад байх юм. Зүгээр машин хайж яваа жирийн иргэдэд л зарна даа” хэмээн ярьсан юм. Цааш явж япон автомашин худалдаалдаг хэсэгт орлоо. Өнгө үзэмж, загвар хийц, үйлдвэрээс гарсан он, моторын багтаамж зэргээсээ шалтгаалан янз бүрийн үнэтэй машинууд өнгө алаглан зогсоно. Тэндхийн ченжүүд ч зарж буй машинаа  аль болох цэвэрхэн сайхан харагдуулах гэж байсхийгээд л дээр нь тогтсон цас, цанг арчиж цэвэрлэнэ. 2002 онд үйлдвэрлэгдсэн Субару Легаси маркийн авто машины үнийг асуухад 15 сая төгрөг түүнээс доошоо буулгахгүй гэж байлаа. Хэдхэн сарын өмнө энэ машиныг 12 сая төгрөгөөр худалдаж байсан яагаад ийм үнэтэй байгааг худалдаж буй залуугаас асуухад “Автомашинаас авдаг татвар нэмэгдчихсэн, дээр нь доллар болон иений ханш өсөөд оруулж ирэх зардал нь хамаагүй өндөр болчихоод байна. Ер нь жижиг тэрэг урьд нь зарагдаж байснаасаа 2-3 сая төгрөгөөр нэмэгдчихсэн байгаа. Одоо машины үнэ бууна гэж байхгүй улам л өснө. Он гарахаас өмнө оруулж ирсэн машинууд л иймэрхүү үнэтэй зарагдаж байгаа. Одоо орж ирэх машинууд бүр ч үнэтэй болно” гэлээ. Үнэ нь огцом нэмэгдэж тэнгэрт тулсан автомашин борлогдохгүй бол үнэ нь буурах байх даа гэж асуухад,

-Манайхан нэг хэсэгтээ шоконд орж байгаад л удахгүй аваад эхлэнэ. Тэрэнд огт санаа зовохгүй байна. Хэсэгхэн цаг хугацааны л асуудал. Угаасаа манайхны хэрэглээ их өндөр болсон. Хүн болгон л машинтай болохыг хүсч байгаа цаг шүү дээ. Удахгүй цагаан сар болно. Борлуулалт нэмэгдэх нь ойлгомжтой гэсэн юм. Нээрээ ч монголчууд шинэ он гарч, шинэ улирал эхэллээ хэмээн билэгшээж тэмдэглэдэг энэ баяраар айл болгон л төмөр хөлөг хөлөглөн ах дүү, азай буурлууд дээрээ очиж золгох сонирхолтой байдаг. Зарим нь өвөл машинаа дулаан грашид “сойж” орхиод цагаан сараар асааж гангарах нь ч бий. Баяр дөхөхөөр өргөн хэрэглээний бараанаас авахуулаад автомашин хүртэл үнээ нэмдэг зах зээлийн эрүүл бус тогтолцоо бас Монголд байдаг.

Энэ зах дээр худалдаалж байгаа япон тэрэгнүүдээс хамгийн хямд нь найман сая 500 мянган төгрөг. “Үүнээс доош үнэтэй машин бараг л олдохгүй” гэж ченжүүд хэлж байлаа. Моторын багтаамж нь өндөр суудлын тэрэгнүүдийн / жийп/  үнэ ч бас тэнгэрт хадчихаж. Өмнө нь 23 орчим саяар л зарагддаг байсан Тоёото Прадо маркийн автомашины үнэ 30 саяд хүрсэн аж. Моторын багтаамж өндөртэй автомашинаас авах албан татвар нэлээд нэмэгдсэн болохоор дагаад үнэ нь өсч байгаа нь энэ. Хос тэжээлтэй буюу цахилгаан болон шатахуун хоёуланг нь хэрэглэдгээрээ санхүүгийн хувьд ч хэмнэлттэйд тооцогддог Тоёота Прүс 20 маркийн автомашин нь сүүлийн үед нэлээд эрэлттэй байгаа юм байна. Үнэ нь 13,5 сая төгрөг. Үнийг нь сайн буулгалаа гэхэд 13 саяд л өгөх аж. Гэтэл хэдэн сарын өмнө 11 сая төгрөгөөс “ярина” гэсэн ханштай байж билээ.

Автомашиныхаа үнийг дагаад сэлбэгийн үнэ ч мөн өссөн байх юм. Тус зах дээр сэлбэг зардаг чингэлгүүдээр явж сонирхоход сэлбэг тус бүрийн үнэ зохих хэмжээгээр нэмэгдсэн гэж хэлж байлаа. Сэлбэгийн ченжүүд  Японоос хуучин машин худалдаж аваад тэндээ задалж, сэлбэгээр нь оруулж ирдэг болохоор машины албан татвартай хамаагүй юм бишүү гэж асуухад “Иений ханш өссөн болохоор сэлбэг үнэтэй болсон” гэлээ. Хажууханд сэлбэг авахаар зогсч байсан залуу “Хэдий иений ханш өссөн ч сэлбэгийн үнийг арай дэндүү нэмж байгаа юм биш үү” гээд дургүйцэх. Харин сэлбэгийн ченж “Өөр чингэлэгт манайхаас ч үнэтэй зарж байгаа. Авахгүй юм бол дуугүй бай” гэсэн хариу барив.

Нийслэл хотын авто замын ачааллыг бууруулах, байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөх, улсын төсвийн орлого нэмэгдэх давуу талтай хэмээн Автомашины онцгой албан татварын хуулийг баталсан. Гэтэл сургаар нь бүх машин тэр бүү хэл сэлбэгнийх нь үнэ өсчихсөн байх. Ард иргэдэд дарамт учруулах энэ мэтийн хуулийг санаачилж хэрэгжүүлснээс шинэ машинуудыг нэгдсэн журмаар тухайн улс орноос нь оруулж ирэх арга чаргыг судлах, дэмжих боломж байдаггүй юм болов уу эрх баригчдад…

Х.Нарангэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж