Балетчин Д.Алтанхуяг дахин Монголынхоо тайзнаа

Хуучирсан мэдээ: 2012.01.06-нд нийтлэгдсэн

Балетчин Д.Алтанхуяг дахин Монголынхоо тайзнаа

Дэлхийн шилдэг найман балетчны нэг, АНУ-ын “Бостон балет” компани, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин, Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг өчигдөр эх орондоо ирлээ. Өнгөрсөн зургадугаар сард балетын урлагт дуртай үзэгчдийг бишрүүлээд буцсан балетчин залуу энэ удаад бас л нэгэн гайхамшигтай бүжигчинтэй хамт иржээ. Түүний Тамара Рохо гэдэг. Энэ цаг үеийн шилдэг балетчдын нэг Тамара Английн хатан хааны “Рояал Опера” театрын гоцлол бүжигчин.

Энэ цагийн дэлхийн шилдэг балетчны нэг, Гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн санаачлан байгуулсан “Монголын балетын хөгжил сан” өнгөрсөн зун “Night Of Ballet” олон улсын балетын фестивалийг амжилттай зохион байгуулж, дэлхийн шилдгүүдтэй танилцуулж, үзэгчдийн сэтгэлд хүлээлт үүсгээд АНУ-ыг зорьсон. Д.Алтанхуяг өнгөрсөн долдугаар сарын 3-нд П.И.Чайковскийн “Хунт нуур” балетын ханхүү Зигфридийн дүрийг Монголынхоо тайзнаа амилуулахад үзэж чадсан цөөхөн азтай үзэгчид шагшин баярлаж, чадаагүй нэгэн нь харамссаар үлдсэн. Тиймдээ ч Д.Алтанхуягийг дахин Монголынхоо тайзан дээр дүүлэн бүжихийг харах хүсэл дүүрэн хүлээлт өнөөдөр ч хэвээрээ байгаа хэрэг.

Тэгвэл тэр цаг одоо ирлээ. Д.Алтанхуяг ирлээ, гэхдээ Тамара Рохо хэмээх гайхалтай техник, дур булаам, сэтгэл татсан жүжиглэлт, гэрэлтсэн их авьяасаараа дэлхийд танигдсан бүжигтэй хамт ирлээ. Тэд энэ сарын 14-нд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа А.Аданы “Жизель” балетад бүжнэ. Романтизмын үеийн шилдэг бүжгэн жүжгийн нэг Францын нэрт хөгжмийн зохиолч А.Аданы “Жизель” хайр дурлалын эмгэнэлт балетын Альфредын дүрд Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг, тариачин охин Жизельд Тамара Рохо гоцлох юм.

Тамара Рохо нь 10 наснаасаа эхлэн бүжиглэсэн бөгөөд гайхалтай техникээрээ 1997 онд “Сонгодог бүжгийн урлагийн хувьсал” хэмээх алдрыг хүртсэн. Өдгөөгийн алдарт бүжигчин Тамара 1994 оны Парисийн олон улсын балетын тэмцээнээс алтан медаль хүртэхэд нь шүүгчээр ажилласан Наталья Maкaрова, Владимир Викторович Васильев, Галина Самсова зэрэг домог болсон балетчдаас гранпри шагналаас илүүд тооцогдох шүүгчдийн нэрэмжит шагналыг хүртэж, балетын урлагт орж ирсэн билээ.

Тамара Рохо өнөөдөр гайхалтай техник, дур булаам, сэтгэл татсан жүжиглэлтээрээ Их Британи улсын Лондон хотын төвд орших 1732 оноос түүхтэй “Рояал Опера” театрын тайзыг амилуулж буй. Гайхамшигт бүжигчин бүсгүй Монголын тайзнаа бүжих нь бас л нэг онцлог үйл явдал. Магад тэрбээр Монголын үзэгчдийг байлдан таниулна биз. Мэдээж эх орныхоо тайзан дээр бүжиглэх агшин бүхнийг бахархан нандигнадаг хэмээдэг Н.Алтанхуягийн хамт бүжих энэ удаагийн тоглолт үнэхээр бас нэгэн гайхамшигт эгшин болох буй за. Дэлхийд танигдсан хоёр гайхалтай бүжигчдийн гоцлох А.Аданы “Жизель” балетын тасалбар хэдийнэ худалдаанд гарчээ. Тасалбар нь партер 120,000 төгрөг, ложа 90,000 төгрөг, хоёр давхрын голын суудал 40,000 төгрөг, захын суудлууд 20-30,000 төгрөгийн үнэтэй аж. Дахин зүйлийг сануулахад “Жизель” балетыг энэ сарын 14-нд 15.00, 19.00 цагт өдөрт хоёр удаа тоглох юм шүү.


М.Дөлгөөн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж