Цагдаагийн ар гэрийнхэн Ерөнхийлөгчид хандлаа

Хуучирсан мэдээ: 2012.01.05-нд нийтлэгдсэн

Цагдаагийн ар гэрийнхэн Ерөнхийлөгчид хандлаа

2008 оны долдугаар сарын 01-нд алба үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон, эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж, холбогдох хэрэг нь эдүгээ шүүхэд шилжээд байгаа цагдаагийн алба хаагчдын ар гэрийнхэн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Хууль зүйн байнгын Хороо, Хууль зүй дотоод хэргийн сайд  Ц.Нямдорж, Монгол Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, Сүхбаатар дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч н. Соёмбо-Эрдэнэ, Цагдаагийн ерөнхий Газрын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргил,  Хүний эрхийн хороонд хандаж, Цагдаагийн эрхийг хамгаалуулах хүсэлт гаргасан байна.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан гаргасан хүсэлтэд “Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таны энэ өдрийн амар амгаланг эрэхийн ялдамд төрийн их ажилд тань өндөр амжилт хүсье.

    Өнөөдөр ажил үүргээ гүйцэтгэсний төлөө хилсээр яллагдахдаа тулаад байгаа цагдаагийн ажилтнууд нь бидний хань нөхрүүд цагдаагийн хүнд хүчир албанд цэл залуу халуун наснаасаа зүтгэж нойр хоолоо хасан, онц хүнд ноцтой олон гэмт хэргүүдийг илрүүлж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэдэг цагдаагийн алба хаагчид гэдгийг бүх насаараа хамт амьдарч ажил төрлийг нь тайван амгалан хийлгэхийн төлөө санаа тавьж, ажил төрлөө хийхийн хамт, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэн олон удаа шөнө орой ирэхэд нь хамт нойргүй хонож жаргах зовоход нь цаг үргэлж хамт байдаг гэргий  бид нар сайн мэднэ. Цагдаагийн алба хаагчид нь өөрийн сайн дураараа ажилладаггүй, тушаал шийдвэрээр үүрэг даалгавар авч иргэдийнхээ амгалан тайван байдлыг хангахын тулд гэр бүлээрээ ч баяраа хуваалцаж чаддаггүй баяр ёслол, өдөр шөнөгүй гэмт хэрэг гарсан үед бүтэн сараар ч гэртээ ирдэггүй тийм л хүмүүс билээ.

Гэтэл цагдаагийн ажилтнуудыг долдугаар сарын үймээний үеэр амиа алдсан дөрвөн хүний хэрэгт буруутган бүтэн гурван жил  гаруй хугацаанд шалгаж ар гэр, аав ээж, үр хүүхэд бидэнд сэтгэл санааны маш их хохирол учрууллаа. Энэ гурван жилийн хугацаанд 3 өөр зүйлээр ял сонсгож байгаа бөгөөд одоо 294.2 “Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг”-ээр яллах дүгнэлт үйлдэж өмгөөлөгчид болон өөрсдөд нь хэргийг танилцуулалгүй шүүхэд шилжүүлсэнд үнэхээр гомдолтой байна. Хуульчдын ярьж байгаагаар цагдаагийн алба хаагчид яагаад ч энэ цэргийн гэмт хэргээр зүйлчлэгдэх ёсгүй юм байна.  Үүнээс үзвэл бидний ханиудыг хэлмэгдүүлэн  яллах гэж байна. Тэр өдөр албан ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаа нарыг үймээн самууныг тараах үүрэг өгч дуудаж ажиллуулаад одоо гэм буруутан болгон яллаж байгаад бид бүхэн үнэхээр төрдөө гомдож сэтгэл эмзэглэж байна. Бид хань ижлээ төрийн цагдаа гэдгээр нь бахархаж төр нь цагдаагаа хамгаална гэж өдийг хүртэл итгэж найдаж ирсэн билээ. Хэрвээ бидний хань нөхрийг буруутгаж байгаа бол доорх хүмүүс бүр илүү буруутай тэдэнд хариуцлагаа тооцох ёстой.

Тэр үеэр сонгууль будлиантсан гэдгээр жагсаал цуглааныг зохион байгуулж улс төржүүлэн улс олон нийтийн өчнөөн хөрөнгийг шатааж сүйтгэсэн хүмүүс өнөөдөр ямар ч гэм зэмгүй өнгөрч байна. Ж.Батзандан, О.Магнай, Б.Жаргалсайхан нарын хэсэг бүлэг хүмүүс жагсаал цуглаан зохион байгуулж түүнээс ямар хор уршиг гарахыг тооцолгүй олон хүмүүсийг цуглуулж турхирч, хамт дайрч орж жирийн олон түмнийг цагдаа нарын эсрэг турхирч ард түмэн, цагдаа нарыг хооронд нь хагаралдуулж, улсад өчнөөн хохирол учруулсан атлаа эдүгээ Өршөөлийн хуульд хамрагдсан. Бидний хань ижлүүд ч бас Өршөөлийн хуульд хамрагдсан ч улс төрийн нөлөөллөөр холбогдох хуулийг зөрчин эрх бүхий албан тушаалтнуудын хүсэлтээр  асуудлыг дахин сэргээсэн нь Монгол Улсын хууль эрх зүйн түүхэнд байгаагүй аргаар хуулийг зөрчиж  алба үүргээ гүйцэтгэсэн иргэдээ  яллаж болох уу?

Монгол Улсын Хууль нь нотлогдсон гэмт хэрэгтнийгээ хамгаалдаг атлаа үүргээ гүйцэтгэсэн, хилсээр гүтгэгдсэн төрийнхөө цагдааг хамгаалж чаддаггүй юм байна гэж ойлгоход хүргэж байна. Цагдаа нарын эсрэг шидэх чулууг машин машинаар нь зөөж, шатах дэлбэрэх бодисыг нь бэлтгэж өгсөн, намын байранд угаартаж үхсэн тэр хүний амь нас,  үймээний үеэр буудуулж нас барсан 4 хүний амь нас, тэр үеэр бэртэж гэмтээд түүнээсээ болж нас барсан 2 цагдаагийн амь нас, өрөөсөн бөөр, өрөөсөн нүд, өрөөсөн төмсөггүй болсон, бүх үүдэн шүдээ цөмлүүлсэн, хөл гараа гэмтээсэн, одоо ажлын ямар ч чадваргүй, тархи нугасны гэмтэлтэй болж ид сайхан хийж бүтээх насандаа эмчлэгдэхээргүй татаж унадаг өвчин эмгэгтэй  болон насаараа хүний гарт асруулж байгаа тэр олон сайхан залуу цагдаагийн ажилтнууд хохирсон явдалд жагсаал цуглаан зохион байгуулж үймээн самуун үүсгэсэн тэр хүмүүс буруутай, жагсаал цуглаан зохион байгуулсан хүмүүс түүнээс гарах бүх хохирлыг хариуцах ёстой гэдгийг цагдаагийн ар гэр бид бүхэн хатуу шаардаж байна. Гэтэл гол буруутан хэргийн эзэн Ж.Батзандан  нь Их хуралд нэр дэвшинэ, их хурлын гишүүн болно гэж явж байна. Энэ хүн өнөөдөр үймээн самууныг голлон зохион байгуулж өчнөөн хор хохирол учруулчихаад би ямар ч гэм зэмгүй цагаадсан, би наранд, цагдаагийнхан Гянданд байх ёстой гэж тавлан “Улс төрийн тойм” сонинд ярилцлага өгч сонгуулийн шоугаа хийгээд явж байна. Энэ нь шударга үнэнд үнэхээр нийцэх үү? Хэрвээ тэд нар ийм үймээн самуун үүсгээгүй бол бидний хань ижлүүд тэнд очиж одоо ийм байдалд орох ёсгүй байсан. Бүхэл бүтэн том байр, улсын өчнөөн хөрөнгө болон Уран зургийн Галарей, Соёлын Төв өргөөг  шатаалгаж, гудамжинд байсан машин тэрэг, олон ард иргэдийн өмч хөрөнгө эвдэж сүйтгэсэн тэр хүмүүст ямар хариуцлага тооцох вэ?

Тэр мөндөр шиг чулуу, тоосго, хавтангаар нүүлгэж байхад үймээн самууныг тараах ямар ч техник хэрэгсэлгүй арав хорин цагдаа нарын дунд ганц хуванцар бамбай, өөрийгөө хамгаалах чадваргүй каскан малгайтай, тал ханцуйтай цагаан цамцтай улаан нүцгэнээрээ тэмцэж зодуулж, төмөр хашаагаар хөл гараа сүлбүүлж, амь насаараа дэнчин тавьж, цус нөжөө гоожуулан ард иргэдээ хамгаалж шатаж байсан байшингаас хэдэн зуун хүнийг угаартаж шатаж үхэхээс аварч үүрч дүүрч, гарах замыг нь зааж өгч өөрсдийн бололцоогоороо аварсныг шатаж байсан байшингаас авруулсан хүмүүс эрхбиш гэрчлэх байхаа. Өргөсөн тангарагтаа үнэнч байж төр улсаа хамгаалж, улс нийтийн эд хөрөнгөнд хэмжээлшгүй хохирол амсах байсныг таслан зогсоож, олон хүний амь нас, Монгол улсын архив, Засгийн газрын ордон, Гадаад харилцааны яамыг шатаж сүйтгэхээс хамгаалан эр зоригоороо ажилласан цагдаа нар буруутаж байгаа нь шударга үнэнд яагаад ч нийцэхгүй билээ. Бидний хань нөхрүүдэд Цэргийн гэмт хэргээр зүйлчилж байгаа нь зүйд нийцэхгүй гэдгийг олон хуульчид хэлж зөвлөж байгаа бөгөөд энэ зүйл ангиар хүнийг хилс хэрэгт гүтгэж байгаад гэргий бид нар үнэхээр сэтгэл эмзэглэж байна. Хэрвээ шударга үнэн, шударга ёс байдаг бол бидний хань ижлүүд хохирох ёсгүй гэдэгт цагаан сүүтэй ээжүүд бид итгэж байна. Цагдааг яаж зодуулж нүдүүлж, сүлбүүлж, өшиглүүлж цус нөжиндөө хутгалдаж байсныг бүх монголын ард түмэн харсан та ч гэсэн харсан байх. Гэтэл өнөөдөр хэн цагдааг өмгөөлж хамгаалах юм бэ?

Хэрвээ цагдаагийн ажилтнуудыг гэм буруутан болгож яллах юм бол гэргий бид нар үр хүүхдүүд, аав ээж, ах дүү, найз нөхдийнхөө хамтаар амь насаараа дэнчин тавьж тэмцлийн хурц хэлбэрийг сонгох болно. Биднийг Монголын цагдаа, Цагдаагийн ар гэрийнхэн, аав ээжүүд, эхнэр хүүхдүүд, ах дүү нар, Монголын бүх ард түмэн дэмжинэ гэдэгт итгэж байна.      Эн асуудлыг анхааралдаа авч үнэн зөвөөр хуулийн дагуу шийдэж өгөхийг Таниас хичээнгүйлэн хүсч байна.

    Бидний хүсэлтийг болон төлөөлөлийг хүлээн авна гэдэгт итгэж байна”  гэжээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж