Ноён С.Эда цаг гарган хүлээн авч уулзсанд Ерөнхийлөгчид талархах ялдамдаа "Японд айлчлах үеэрээ та парламентад сайхан үг хэлж сэтгэл их хөдөлгөсөн хэмээгээд өнгөрсөн оны гуравдугаар сард тохиолдсон байгалийн гамшгаар Монголын Засгийн газар, ард түмэн тусалсанд талархал илэрхийлье" гэв.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Японы гуравдугаар сарын 11-ний гамшгийг монголын ард түмэн өөрт тохиолдсонтой адилаар хүлээн авсан. Энэ гамшгийн хохирлыг японы ард түмэн амжилттай даван туулна гэдэгт итгэлтэй байна. Миний айлчлалын үеэр хоёр тал харилцаагаа Стратегийн түншлэлийн зарчмаар хөгжүүлэхээр тохиролцсон. Энэ бол чухал тохиролцоо бөгөөд харилцааны бүх түвшинд баримтлан хоёр талын ашиг сонирхлыг ойлголцсон үндсэн дээр хөгжүүлэх ёстой гэж үзэж байна. Нэн ялангуяа хоёр тал байгуулахаар ажиллаж буй Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр энд чухал үүрэгтэй. Үүнийг яаравчлан эхлүүлнэ гэдэгт найдаж байна. Уул уурхай, эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтэц, мал аж ахуй, газар тариалан гээд хоёр талын сонирхож байгаа салбаруудын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд Японы парламентын Монгол-Японы найрамдлын бүлгийн дэмжлэг туслалцаа чухал гэдгийг хэлмээр байна. Япон бол манай гурав дахь хөрш. Тиймээс хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг юм. Энэ жил хоёр орны харилцаанд онцгой жил болно. Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэнэ. 2012 он 40 жилийн харилцаагаа урагшлуулсан амжилтын болоод шинэ шинэ алхам хийсэн жил байгаасай гэж бодож байна. Мөн ойн жил өндөр дээд хэмжээний зочин хүлээж байгааг маань дамжуулна гэж найдаж байна” гэлээ.
Ноён С.Эда ойн жилийн анхны зочин болсондоо баяртай байгаагаа хэлээд ойгоор Японы парламентын төлөөлөгчдийг айлчлуулах бодолтой гэв. Мөн удахгүй Японы Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Монголд айлчилж хоёр орны тохиролцоог урагшлуулах чиглэлээр яриа хэлэлцээ хийнэ гэж тэрээр хэлэв.