Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2012.01.05-нд нийтлэгдсэн

Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы үдээс хойхшхи хуралдаанаар Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2011 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж байна.

УИХ-аас 2008 онд Татварын өршөөлийн тухай хуулийг баталснаар аж ахуйн нэгжүүд далд орлогоо ил болгох, хоёр данс хөтөлдөг байснаа нэг болгох, улмаар өр ширтэй байсан бол түүнийгээ цайруулах зэрэг олон талын үр дүнг амсчээ. Гэвч зарим аж ахуйн нэгжүүд нь иргэдэд хохирол учруулсан байна. Тухайлбал, иргэд хөдөлмөр эрхлэх явцдаа сар тутамд Нийгмийн даатгалын шимтгэлд цалингаасаа 10 хувийн татвар төлж байсан ч Татварын өршөөлийн хуульд хамрагдах нэрийн дор иргэдийг хохироосон байна. Энэ асуудлын хүрээнд нийтдээ 1600 гаруй аж ахуйн нэгж нь иргэдэд 800 гаруй сая төгрөгийн хохирол учруулжээ. Үүнээс болж иргэд тэтгэврээ тогтоолгох боломжгүй болсон байна. Тиймээс нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж, цэц дунд суудлын хуралдаанаараа УИХ хууль зөрчсөн гэсэн шийдвэрийг гаргасан нь энэ аж.

Одоогийн байдлаар УИХ-ын Хууль зүй болоод Нийгмийн бодлогын байнгын хороогоор “Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй” хэмээн үзсэн бол Төсвийн байнгын хороо нь “Боломжгүй” гэж үзсэн. Харин чуулганаар одоо энэ шийдвэрийг хагалах юм.

Нийгмийн хамгалаал, хөдөлмөрийн сайд Т.Гандигийн хэлснээр бол дээрх Татварын өршөөлийн хуулийн улмаас есөн жилийн турш Нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн иргэн хохирсон, одоо хэр нь тэтгэврээ тогтоолгох боломжгүй хохирч яваа. Харин УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нарын хувьд “Татварын өршөөлийн хууль нь хариуцлагагүй компаниудыг өөгшүүлсэн арга хэмжээ биш, далд эдийн засгийг ил болгох гэсэн л хууль байсан. Нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөхгүй байлаа гээд иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжгүй биш. Авах эрх нь нээлттэй байгаа” гэлээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг “Иргэнийг хохироож болохгүй, Татварын өршөөлийн хуулийг хүлээгээд сууж буй олон аж ахуйн нэгж бий. Тийм учраас Ажил олгогч нарын хувьд хариуцлагатай хандах ёстой” гэдгийг энэ асуудал харуулж байгаа шүү гэлээ. Хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж