Ардчилсан нам энэ удаад нэгдмэл байж чадлаа. Учир нь 2008 онд хамтарсан Засгийн газарт орж ажиллах шийдвэрийг Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо ёстой л наашаа харж инээж, цааш харж уйлан байж гаргаж байсан. МАНАН-гийн Засгийн газар гэж хэлүүлэх эрсдэл, хоёр нам ялгаагүй боллоо гэж ард түмэнд чичлүүлэх эрсдэл, сонгогчдоо алдах эрсдэл, намын зарим гишүүдийнхээ дургүйцлийг хүргэх эрсдэл гээд олон эрсдэл тэднийг хүлээж байсан юм. Гэсэн хэдий ч Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо тухайн үед улстөрийн тогтвортой байдлын төлөө хамтарсан Засгийн газарт орж байсны гол хариуцлагыг үүрсэн хүн нь намын дарга Н.Алтанхуяг байлаа. Тэгвэл өнөөдөр тэрбээр Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт түүхэн үүргээ гүйцэтгэсэн гэж үзээд ард түмнийхээ хүсэлтээр гарах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Богино хугацааны шийдвэр байж болох ч гэлээ эрсдлээс айгаагүй энэ алхмаараа тэрбээр Ардчилсан нам нэгдмэл байр суурьтай байгааг харуулж чадлаа. Бас намын дарга зоригтой алхам хийлээ гэж хэлж болох болов уу.
Г.Дарь