Г.Нарангэрэл 2500 гаруй малтай. Малаа төллөх, сувай гэж ангилан тусад нь хариулдаг. Энэ нь бэлчээр талхлахгүй байх бас нэг арга ажээ. Энэ жил газрын гарц сайн байгаа, дээр нь дөрвөн мянган боодол өвс бэлдсэн учир өвлийн хэцүү цагийг ажралгүй давж, урин цагтай золгочихно гэлээ. Тэрбээр туслах дөрвөн малчинтай. Тэднийгээ сард тус бүр 300 мянган төгрөгөөр цалинжуулан, нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлж, түлээ түлш, хоол хүнс гээд хэрэгцээтэй бүхнийг нь бэлдэж өгдөгөө ч Ерөнхий сайдад дуулгалаа. Төр, засгаас авч хэрэгжүүлж байгаа “Малчдын талаар төрөөс баримтлах бодлого”, Хөдөө аж ахуйн биржийн тухай хууль, “Монгол мал” хөтөлбөр, “Таван эрдэнэ” арга хэмжээний талаар Засгийн газрын тэргүүн товч танилцуулав.
Ерөнхий сайд С.Батболд хэлэхдээ “Засгийн газар энэ оноос малчин бол мэргэжил гэдгийг баталгаажуулж, малчин өрх бүрийг жижиг, дунд үйлдвэрлэгч гэж үздэг болж байгаа. Малчин хүн ажил олгогч, жижиг, дунд үйлдвэрлэгч гэдгийг Сайн малчин Г.Нарангэрэл мэргэжлийн түвшинд харуулж байна. Энэ мэт олон сайхан жишээ улс орны өнцөг булан бүрт түгэж, энэ хэрээрээ иргэдийн ахуй амьдралд тус нэмэр болохын ерөөл өргөе” гэлээ. Төр, засгаас малчид, малчин өрхөө санхүү, үйлдвэрлэл, зах зээл гээд бүх талаар дэмжинэ. Гагцхүү малчид үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малынхаа үүлдэр, угсааг сайжруулах, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд борлуулан, ашиг орлого олж байхын төлөө зүтгэх хэрэгтэй гэдгийг Засгийн газрын тэргүүн онцолж байв. Ажил хийвэл ам тосдоно гэдгийг Хэнтий аймгийн Хэрлэн сумын III багийн малчин Г.Нарангэрэл харуулж байна. Тэрбээр нэг хүү, гурван охинтой. Том хүү нь аймгийн төвд талх, нарийн боовны цех ажиллуулдаг бол өөрөө сүү, цагаан идээгээ аймгийн иргэдийн хэрэгцээнд нийлүүлдэг байна. Охидууд нь удам дамжсан малчид болжээ. Чанарын шаардлага хангасан ноосоо үндэсний үйлдвэрт тушаавал урамшуулал олгож байгаа нь амьдралд ихээхэн нэмэр болж байгаа тухай малчид ам уралдан ярьж байлаа. Өмнө нь ченжүүдийн аманд багтан хэлсэн үнээр нь ноосоо өгдөг байсан бол одоо өөрсдийн байгуулсан хоршоогоороо дамжуулан ноосоо тушааж, үр шимийг нь хүртэж байгаадаа баяртай байна гэж Ерөнхий сайдад хэлэх малчин олон байна. Г.Нарангэрэл гэхэд л энэ жил ноосоо тушаасны урамшуулалд хоёр сая гаруй төгрөг авчээ.
Шинэ оны ажлын эхний өдөр Улаанбаатар хотоос 410 километрийн зайд өвөлжиж байгаа гэрт нь хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод Сайн малчин Г.Нарангэрэл талархал илэрхийлж, Баянхутаг сумын наадамд торгон жолоо өргүүлсэн хээр алаг соёлон морио бэлэглэсэн байна.