Дакар ралли-2012 уралдааны дөрөв дэх гараа өчигдөр Сан Хуан хотоос Чилесито хүртэл 362 км зайд үргэлжилж, мотоциклийн ангилалд Испанийн нисгэгч Марк Кома түрүүллээ. Гэхдээ нийлбэр дүнгээр түүний хамт “KTM” багийг төлөөлж буй Сайрил Деспре тэргүүлсэн хэвээр байна. Өдгөө 35 настай Кома Деспрегээс хоёр минут гаруй хугацааны өмнө барианд орсон ч нийлбэр дүнгээр түүнээс найман минут, 10 секундын хоцрогдолтой байгаа юм. Харин гуравт бичигдээд буй Португалийн Элдер Родригез тэргүүлэгчээс бараг 27 минутаар хоцорч байна. Тэрбээр өчигдрийн гараанд дөрөвдүгээрт хурдалжээ.
Харин суудлын тэрэгний ангилалд Дакар раллигийн есөн удаагийн аварга Стефан Петерансель тэргүүлж байна. “Mini” багийн нисгэгч өчигдрийн гараанд таван минут, 19 секундын давуу байдалтай түрүүлж, түүний араас “Toyota”-гийн Орландо Терранова, Гиниель де Вильерс нар бариалжээ.
С.Цэлмэг