-Танай намын дарга “Хамтарсан Засгийн газраас гарна” гэдгээ мэдэгдлээ. Та үүнийг мэдэж байсан уу?
Э.Бат-Үүл: -Би ийм шийдвэр гарна гэдгийг анхнаас нь мэдэж байсан. Энэ шийдвэрийг маш их хүсэн хүлээсэн хүний нэг нь яах аргагүй би. Үнэхээр түүхэн чухал шийдвэр. Монголын ардчилсан парламентат ёсыг аварсан улс төрийн чухал шийдвэр боллоо. Ардчилсан намын гишүүд албан тушаалаас илүү өөрийн эрхэмлэдэг үнэт зүйлээ өргөж явдаг гэдгээ харууллаа. Стратегийн ордуудыг хөдөлгөөнд оруулах, сонгуулийн хуулийг гаргахад зайлшгүй улстөрийн зөвшилцөл хэрэгтэй байсан. Тийм учраас тухайн үеийн нөхцөл байдлыг авч үзээд Ардчилсан нам хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд орж байсан. Гэхдээ би цөөнх болж эсэргүүцэж байсан хүний хувьд тэр түүхэн үүргээ гүйцэтгээд парламентат ёсоо авч гарах шийдвэр гаргалаа гэж бодож байна. Та бүхэн манай намын даргын хэвлэлийн бага хурал дээр хэлсэн үгийг анзаарсан бол “Түүхэн үүргээ гүйцэтгэсэн” гэж хэлсэн. Түүхэн үүрэг ахин дахин гарч ирэхгүй.
-Гэхдээ Үндэсний зөвлөлдөх хороо энэ саналыг дэмжихгүй бол яах вэ?
-Би дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна. Тухайн үед зайлшгүй улстөрийн зөвшилцөл хэрэгтэй цаг үе байсан уу гэвэл байсан. Өнөөдөр бол парламентат ёсоо авч гарах, тэгээд гол нь УИХ-ын 2012 оны сонгуульд ард иргэддээ сонголт хийх боломжийг олгох зайлшгүй шаардлага бий болгож байгаа.
-Гол нь танай нам хариуцлагаас мултарч байгаа юм биш үү. Олон зүйлийг хамтдаа хийхээр гэрээнд тусгасан байсан?
-Олон сонгогчтой уулзаж байхад сонгуулийн үеэр амлаж байсан амлалтуудаа хэрэгжүүлсэн гэж хэлдэг юм шүү. Тухайлбал, стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулсан уу, оруулсан. Анхны орлогоос нь ард иргэддээ хүртээх ёстой хувь хишгээ хүртээсэн гэдэг дээр сэтгэл хангалуун байгаа. Би нэг зүйлийг онцолж хэлье, ийм бүс нутагт өнөөдөр ийм том халамжийн бодлого явуулж байгаа төр лав байхгүй.
-Намын даргынхаа гаргасан шийдвэрт та ямар байр суурьтай байна вэ?
Х.Тэмүүжин: -Албан ёсны шийдвэр хараахан гараагүй байна. Үндэсний зөвлөлдөх хороо руу асуудал орж байж албан ёсны шийдвэр болно. Яагаад гэвэл хамтарсан Засгийн газарт оръё гэдэг шийдвэрийг Үндэсний зөвлөлдөх хороо гаргасан учраас.
-Тэгвэл танай “Нэг ардчилал” клуб дэмжиж байгаа юу?
-Дэмжиж байгаа. Сая би намын даргадаа баяр хүргэчихээд ирлээ.
-Ардчилсан нам хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд байх хугацаандаа хийх ёстой ажлуудаа гүйцээж чадсан уу?
-Засгийн газраас явуулсан арга хэмжээнүүдийг харахаар Ардчилсан намын сайдууд байгаа салбарууд илүү урагшаа ахисан байдаг. Тодорхой хэмжээний хууль эрх зүйн шинэтгэлүүд хийгдсэн гээд дэвшилттэй зүйлүүд бий. Уул уурхай, дэд бүтцийн салбарууд гээд яривал. Ядаж л уул уурхайн том шийдвэрүүдийг хэн түлхэж, хэн дэмжиж, аль хүртэл чирч явуулсан юм. Энэ бүхнийг харахаар Ардчилсан нам ямар ч байсан үүргээ гүйцэтгэсэн. Хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарч байгаатай холбоотойгоор янз бүрийн юм ярих байх. Одоо ч ярьж эхэлж байна. Бялуу хуваах болохоор орж ирчихээд, хариуцлага хуваах болохоор гарч байна гэж хэлж байна. Хариуг нь хэлэхээс аргагүй байна. Энэ бол бялуу хуваадаг намын л харж байгаа өнцөг. Тэгэхээр бид ажил хуваасан юм, ажлаа хийсэн, харин та нар бялуу ярьж байгаа болохоор түүнийгээ иджээ л гэж хариу барихаас аргагүй нь.
-Бүрэн эрхийн хугацаа дуусахад тун ойртож байхад яагаад ийм алхам хийх болов оо. Шалтгаан нь юу байсан юм бол?
-Ардчилсан намд олон нийтээс сүүлийн гурван жилд шахаж шаардсан үг бол Засгийн газраас гаръя, илүү хариуцлага яръя. Яагаад гэвэл Ардчилсан намын мөн чанар болсон хүний эрх шударга ёс, хууль шүүхийн байгууллагын шинэтгэл, хариуцлага гээд олон зүйл хамтарсан Засгийн газрын өнгөн дээр улам бүдгэрээд байна. Тийм учраас ярьдаг сэдвээ энэ улс оронд хэрэгжүүлэх бодлогоо улам тод болгохын тулд бүдгэрүүлээд байгаа газраас нь салгах ёстой юм байна. Тийм учраас энэ бол Ардчилсан намын олон нийтийн хүсэл эрмэлзэл юм.