Энэ нь хог хаягдлыг ялган, боловсруулах болон түүгээр амжиргаагаа залгуулдаг хүмүүсийн амьдралыг дээшлүүлэхэд нэмэр болох зорилго бүхий реалити шоу “NBS” телевизээр цацагдах ажээ. “Сайхан хотод сайхан амьдаръя” нэртэй жилийн турш явагдах уг реалити шоу нь дөрвөн үе шаттай бөгөөд шоунд оролцогчдын тухайд тодорхой эрхэлсэн ажилгүй, амьжиргааны баталгаажих түвшнөөс доогуур, архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүсийг цагдаагийн байгууллагатай хамтран илрүүлж, цуглуулна гэнэ. Хүмүүсийг сонгон, цуглуулах ажил тайлбаргүй, нэвтрүүлэг байдлаар нэг өдрийн турш цацагдах ажээ. Нөөц боломжиндоо тулгуурлаад 100-300 хүн эхний ээлжинд "баривчлана", тэднээсээ 30 хүртлэх хүнийг гол баатрууд болгон сонгох ажээ. Сонгох гэж хэлж буйн шалтгаан нь хэдийгээр алдсан ч гэсэн цаашид амьдралаа авч явах итгэл үнэмшилтэй, хөдөлмөрлөж чадах бие болоод сэтгэхүйн чадварыг давуу тал хэмээн үзэж, хамтдаа өсөх боломжийг хангах юм.
Оролцогчдыг тусгай тохижуулсан байшин, өрөөнд байрлуулан, оношлогоо, эмчилгээг хийж, реалити шоуны туршид хоол ундыг нь хангах гэнэ. Мөн цуглуулсан хог хаягдалд шинжилгээ хийж, эргэлтэнд оруулах, үйлдвэрлэгч нарт сурталчлан цаашид боловсруулах үйлдвэрийг бий болоход түлхэц, дэм болох нь ногоон үйлдвэрлэлийг дэмжсэн үйлс болох ажээ.
Тус төслийн бэлтгэл ажил оны өмнө эхэлсэн ба одоогийн байдлаар реалити шоуны товч танилцуулгыг хийжээ.