Өсөлт бас дахин өсөлт

Хуучирсан мэдээ: 2012.01.05-нд нийтлэгдсэн

Өсөлт бас дахин өсөлт

Хуучин цагт байгаль нь өгөөжтэй орнууд хамгийн баян байлаа
Өнөө үед хүн нь илүү бүтээлч улс орнууд хамгаас баян ажээ

Хенри Бокль

Өсөлт бас дахин өсөлтийн тухай ярьсан хоног хугацаа улиран одож, 2012 онтой золгох нь. Өглөөний утаа, оройн автомашины  түгжрэл гээд их хотын түмэн асуудал ар араасаа хөвөрсөөр. Ханан дахь хуанлийн хуудас арванхоёрдугаар сарын 31-нийг заах мөч  ойртсоор байна. Баярын ширээгээ хэрхэн гоёх тухай эзэгтэй нар одооноос бодож, багачууд хэнийх том бэлэг өгөх бол гэж догдолж сууна. Харин  Ерөнхий сайд маань  Монгол Улс үсрэнгүй хөгжлийн гараанаас хөдөлж байгаа тухай зурагтын мэдээгээр онцолж харагдах нь олшров. Тэрбээр улс орны  амьдралд их өөрчлөлт гарахыг тэмдэглэлээ. Эдийн засгийн өсөлт буюу гэнэтийн их орлого бидний амьдралд хэрхэн нөлөөлж, өрхийн төсөвт ямархан гэгээ татуулах бол оо.

“Хүчит шонхор” худалдааны захад хонины мах кг нь 3100-3500 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна (өнгөрөгч арваннэгдүгээр сарын 27-ны байдлаар). Уг нь өдийд махны үнэ хямдардаг ч энэ жилийн хувьд өмнөх жилүүдийнхээсээ ч илүү үнэтэй байгаад иргэн миний бие төдийлэн  бухимдсангүй. Он гараад орлого нэмэгдэнэ гэсэн таатай хүлээлттэй байгаа учраас тэр. Килограмм махны борлуулалтад хэрэглэгчийн хүлээлт нөлөөлж, худалдагч нар магнай тэнэгэр, толгой гэдгэр үлдлээ. Үр дүнд нь инфляци “хөгжиж”, иргэд дахиад л үнийн өсөлттэй нүүр тулна. Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж ч нийлүүлэлтээс давсан илүүдэл эрэлт инфляцийн өсөлтийг  өдөөж  байгаа тухай  ярьсан. Мөн орон сууц, автомашины үнэ өснө гэсэн үнийн цуурхал  эдийн засгийн өсөлтийг илүүдэл зарлага болгож, иргэдийн хэтэвчийг  холгож  байгаад эдийн засагчид санааширч сууна. Хүсэж мөрөөдсөн төсвийн орлого, эдийн засгийн өсөлт гэдэг чинь “үнийн өсөлт ноёрхохыг” хэлдэг юм уу гэж эзэгтэй нар асууж байна. Гэтэл өсөлтийг бодитой байлгахын тулд инфляцийг нэг оронтой тооноос хэтрүүлэхгүй байлгах нь төгрөгт итгэх итгэлийг хадгалж болохыг Төвбанкны ерөнхийлөгч улстөрчдөд сануулсан. Өсөлтийг инфляци болгохгүй, улс орны хөгжилд шингээж үлдээхэд толгой гашилгах нь зөвхөн Монголбанкны үүрэг биш байлтай.

Манай ДНБ-ий өсөлт энэ оны хоёрдугаар улиралд  17,3 хувьтай гарсан. Ирэх онд бүр 20 хувьд хүрнэ гэсэн мэргэжлийн байгууллагуудын урьдчилсан таамаг ч  бий. Хэдийгээр өндөр тоо харагдаж байгаа ч энэ нь  бодит өсөлт биш гэдэгтэй олон эдийн засагч, мэргэжилтэн, төр, засгийн хүмүүс ч санал нэгддэг. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Сэдваанчиг “ДНБ-ийг буруу тооцсон байж болзошгүй гэсэн эргэлзээ надад байгаа” хэмээн хэвлэлээр мэдэгдэв. УИХ-ын гишүүний ийн эргэлзсэнийг буруутгах аргагүй юм. Учир нь огцом өсөлтийг илэрхийлэх дээрх том тоо нь монголчуудыг төдийгүй дэлхийг алмайруулаад буй. Монголын өсөлтийг сонссон гаднынхан гайхахаас ч аргагүй. Учир нь, ганцхан жилийн дотор 17-20 хувиар өсдөг эдийн засаг гэж дэлхийд байхгүй гэнэ. Дэлхийн жишгээр эдийн засгийн бодит өсөлт жилдээ 1-3 хувьтай л байдаг аж. Харин Монголын эдийн засагт цутгаж буй их мөнгөний хэмжээг инфляцийн өсөлтөөс хэрхэн хамгаалж, бодит өсөлт бий болгох вэ гэдэг дээр хаа хаанаа толгойгоо гашилгах нь  чухал юм.  Тэгвэл өсөлт гэж чухам юуг хэлээд байна вэ?

Тооноос чанарт  

Үйлдвэрлэж буй бараа бүтээг­дэхүүний өсөлтийг хэмжих үүднээс эдийн засагчид анх эдийн засгийн өсөлтийг бодож олжээ. Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээ хэмжих хэрэгсэл нь мэдээж эдийн засгийн өсөлт. Харин манай улсын хувьд үйлдвэрлэлийн өсөлт жилийн 20 хувьд хүрэх хэмжээнд очсон уу?

“Тухайн жилд шинээр үйлдвэрлэж, хүний гараар бүтээгдсэн баялгийн хэмжээг л эдийн засгийн өсөлт гэж нэрлэдэг” хэмээн СЭЗДС-ийн Эдийн засгийн тэнхмийн эрхлэгч Ц.Батсүх тайлбарлалаа. Тэгвэл хүний гараар бүтээгдсэн баялгийн өсөлтөд ДНБ, үндэсний нийт бүтээгдэхүүн /ҮНБ/ гэсэн хоёр ойлголт багтах  ажээ. ДНБ нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр нэг жилийн дотор бий болсон нийт  үйлдвэрлэлийн хэмжээ. Харин ҮНБ нь Монгол үндэстний нэг жил хүртэлх хугацаанд үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүний хэмжээг хэлдэг байна. Өөрөөр хэлбэл, ҮНБ-ийг илүү ойлгомжтойгоор илэрхийлбэл монголчууд өөрсдөө дотооддоо юу хийж бүтээж чадаж байна вэ гэдэг юм. Манай улсын хувьд хөрөнгө оруулагч бус хөрөнгө хүлээн авагч учраас ДНБ-ий хэмжээ их, харин ҮНБ-ий хэмжээ харьцангуй  бага байдаг болохыг тэрбээр тэмдэглэлээ.

Улстөрчид болоод салбарынхан өндөр өсөлттэй гарах ДНБ-ий хэмжээгээр иргэдээ “хуурдаг” гэж үү? Монгол Улсын нутагт үйл ажиллагаа явуулж буй гаднын хөрөнгө оруулагчдын үйлдвэрлэл, ДНБ-ий хэмжээг хөөрөгдөөд, өөрсдөдөө баялаг бий болгоод, түүнийгээ аваад явчихаж байна. Гэтэл манайд үйлдвэржилт хөгжөөгүй учраас бахь байдгаараа үлдэж, ҮНБ гэсэн ойлголт төдийлэн үнэ цэнэтэй биш байна. Тэгээд ч эдийн засгийн өсөлт буюу үйлдвэрлэлийн өсөлт хэрэглэгч, ард түмний амьжиргааны түвшинд нөлөөлөх үү гэвэл үгүй л бололтой. Эдийн засгийн өсөлтийг хэмжих зорилго нь үйлдвэрлэлийн өсөлт болохоос хөгжлийн хэмжүүр биш ажээ. Харин үйлдвэрлэл жигдхэн хөгжөөд, орлого нь зарлагаа давж, түүнийг тэгш хуваарилсан тохиолдолд л иргэд өсөлтийн үр шимийг тэгш мэдрэх гэнэ. Ц.Батсүх багш “Уул уурхайн орлогыг иргэн бүр адил тэгш хүртэж байна уу, гэвэл үүн шиг худлаа зүйл үгүй байх. Орлогыг тэгш бус хуваарилж байгаа учраас ард түмний амьдрал сайжрахгүй. Эдийн засгийн өндөр өсөлт хүн амын магадгүй 10-хан хувьд нь асар хүчтэй мэдрэгдэж, үлдэж буй 90 хувьд нь ядууруулах зэвсэг болж хувирдаг” гэв. Тэгвэл хэн орлогыг тэгш бус хуваарилаад байна вэ?

Эдийн засагт их хэмжээний хөрөнгө оруулчихсан хүнд өсөлтийн ихэнх хувь нь ногддог. Харин эрх мэдлийг дагаж хөрөнгөтэй болсон хүнд эдийн засгийн өсөлт мэдрэгдэнэ. Тухайлбал, эдийн засаг 20 хувь өсөхөд ийм эрх мэдлээр хөрөнгөжсөн хүний  амьжиргааны түвшин бараг 30 хувиар өсдөг болохыг Ц.Батсүх онцоллоо. Үүнээс гадна эдийн засаг өсөхөд хүн ам, хөдөлмөрийн өсөлт, технологийн дэвшил нөлөөлдөг байна. Тэгвэл, манай улсын хүн ам эдийн засаг нь  20 хувиар өсөхөөр хэмжээнд очтолоо олуулаа болж чадсан уу. Хөдөлмөрийн бүтээмж дээшилсэн үү?

“Манай улсын эдийн засгийн 20 хувийн өсөлт бол хөрөнгө оруулагч хэдэн нөхрийг дэмжиж байгаа болохоос ард түмний амьдралд нөлөөлөхгүй” хэмээн Ц.Батсүх багш шулуухан дүгнэсэн. Тэгвэл эдийн засгийн өсөлтийг иргэдэд наалдуулж, бодитой  байлгахын тулд хэрхэх ёстой вэ?

“Иргэдийн худалдан авах чадвар дээшилж байгаа нь нэг талаасаа эдийн засгийн өсөлт юм шүү дээ” гэж  МУИС-ийн ЭЗС-ийн багш Л.Оюун тайлбарласан юм. Цалин, тэтгэвэр нэмэгдэж буйг эерэг талаас нь харвал эдийн засгийн өсөлтийн үр дүн гэж үзэж болох нь. Өсөлтийн үр шимийг илүү хүртэх хүмүүст “Нарантуул” захын бизнес эрхлэгчдийг нэрлэж болох аж. Гэхдээ орлого нь нэмэгдсэн иргэд “Нарантуул” худалдааны төвийг тоохгүй байх талтай. Өөрөөр хэлбэл, тэд чанар, брэнд хөөж их хотын үнэтэй дэлгүүрүүдээр саатна. Харин эдийн засгийн өсөлтийн үр дүнд  бараа бүтээгдэхүүний эргэлт сайжирдаг гэдэг онолоор бол гадаа гандаж,  бор зүрхээрээ болгож яваа олон хувиараа хөдөлмөр эрхлэгч “Нарантуул” захын наймаачдад шууд бус дамаар нөлөөлнө гэсэн үг ажээ.  

Өсөлтийг тэгээд хэн хүртэх вэ?

Ирэх онд манай улсын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 5400 ам.долларт хүрнэ гэсэн чихэнд чимэгтэй мэдээ бий. Энэ гэхдээ  бодит тоо мөн үү?  Гэтэл улсын хэмжээнд ядуурал 40 хувьд хүрчихлээ шүү дээ.

Он гараад цалинг 53 хувиар нэмэгдүүлэх болохоор төрийн албан хаагчид болоод эмч, багш нарт орлого өснө гэсэн хүлээлт бүр ч их бий. Тиймээс зарим нь цалин нэмэгдэх юм чинь гээд үнэтэй цахилгаан бараа, шинэ автомашин, брэнд хувцас худалдан авах шийдвэр тээн  эргэлзэхгүй явж байж ч болох. Тийм ээ, тэдний орлого нэмэгдэнэ. Гэхдээ нөгөө талд цалин  нэмэх нь нэгэнт өсөлтийн хурд авсан инфляцийг улам бүр гааруулах вий дээ гэсэн болгоомжлол нийгэмд  буй юм. Багшийн цалин яаж нэмэгдэхийг бодоод үзье л дээ. Ерөнхий боловсролын сургуулийн дадлага туршлага багатай шинэхэн багшаар жишээ татъя. Ийм  багшийн одоогийн гар дээрээ авч буй  дундаж цалин 300 орчим мянган төгрөг аж. 53 хувиар нэмэхээр шинэхэн багш маань даруй гар дээрээ 440 орчим мянган төгрөг авч, баярлана. Санаандгүй байтал цалин нь 100 гаруй мянган төгрөгөөр нэмэгдсэн багш бүсгүйн хэрэглээ тэлж, бараа бүтээгдэхүүний  борлуулалт хурдсахад нөлөөлөх нь тодорхой. Үнэ хайчих бол. Үүнд, Сангийн сайд хэлэхдээ “Цалинг хоёр хувааж нэмэх болохоор инфляцийн дарамт үүсэхгүй” гэж булзааруулж байгаа. “Инфялци бол үйлдвэрлэгч талд эерэг. Тогтмол орлоготой хэрэглэгчдэд халтай далд татвар” хэмээн мэргэжилтнүүд хэлж байна. Нобелийн шагналт, эдийн засагч Мильтон Фрийдман “Хувь заяагаа сонгох нь” номондоо инфляци нь мөнгөний тоо хэмжээ өссөнөөс үүдсэн үзэгдэл хэмээн тэмдэглэжээ. Бодит эдийн засгийн өсөлтийг бий болгох хөшүүрэг нь хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлт. Тиймээс эдийн засаг тэлэхийн хэрээр ажлын байр бий болох учиртай тухай Ц.Батсүх багш онцлов. Гэтэл өнөөдөр манайд ажлын байрыг “үйлдвэрлэх” аж үйлдвэрлэл хөгжихгүй байгаа нь эдийн засаг бодитоор өсөөгүйн тод жишээ болов уу.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан арваннэгдүгээр сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн төлөв байдлаар улсын хэмжээнд Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 62700 болжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 54,4 хувиар өсчээ.  Үнэхээр сэтгэл түгшээх мэдээ байгаа биз дээ. Биднийг “эдийн засгийн өсөлт сайн байна, Монгол Улс үсрэнгүй хөгжих нь  хэмээн хөөрөн баясах зуур бодит эдийн засгийн өсөлт гарахад шууд нөлөө үзүүлэх ажил эрхлэлтийн байдал улам бүр дордож байгаа нь харамсалтай. Төр, засгаас “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” гэж зарлаад  ч энэ салбарт  үр дүн төдийлэн гараагүй. Эдийн засгийн өсөлт нь хөдөлмөрийн бүтээмж дээшилсэн тохиолдолд бий болдог баялаг болохыг МҮХАҮТ-ийн тэргүүн С.Дэмбэрэл хэлсэн.

Эдийн засгийн бодит  өсөлтийг хэмжих бас нэгэн шалгуур нь хүний хөгжил. Гэтэл үсрэнгүй эдийн засгийн өсөлттэй гэж буй гэгдэх Монгол Улс НҮБ-аас гаргасан Хүний хөгжлийн индексээр дэлхийн 169 орноос 100 дугаар байрт жагсжээ. Энэ нь дундаж гэсэн ангилалд дөнгөж  багтсан гэсэн үг юм. Эдийн засагчдын хэлж буйгаар өсөлт, хөгжил гэдэг эдийн засагт хоёр өөр ухагдахуун гэнэ. Эдийн засгийн өсөлт бол хөгжил бус, үйлдвэрлэлд гарч буй тоон үзүүлэлтийг хэлдэг байна. Тогтвортой өсөлт аль болох урт хугацаанд үргэлжилсний дүнд  хөгжлийн чанар бий болдог аж. Тэгвэл энэ үүднээс аваад үзвэл эдийн засгийн огцом өсөлттэй, хэзээ ч өндрөөс унаж болзошгүй манай улсын хувьд хөгжил гэсэн ойлголт тэртээд бий гэсэн үг. Монгол Улсыг хөгжиж буйд итгэхийн тулд  чанарын өөрчлөлтийг харах хэрэгтэйг Ц.Батсүх багш зөвлөлөө. “Гэнэт идсэн хоол гэдсэнд халтай” гэгчээр өндөр өсөлт эдийн засагт эсрэгээрээ хортой гэдгийг эдийн засагч, мэргэжилтнүүд хэлж буй. Хамгийн наад зах нь инфляцийг хөөрөгддөг байна. Тиймээс эдийн засгийн тогтвортой өсөлтийг  дэмжих нь илүү чухал аж. Мөн УИХ-ын гишүүн Р.Амаржаргал “Эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоонд хүрлээ гэж сайрхацгаах юм. Баярлахаасаа илүү болгоомжлох ёстой юм биш үү” хэмээн нухацтай гэгч нь хэлсэн удаатай. Түүний үзэж байгаагаар “Жилийн 15-20 хувийн өсөлт өөрөө эрүүл үзэгдэл биш. 100 км цаг хурдалж буй машин тоормозгүй болсонтой адил. Эдийн засаг ямар ч удирдлагагүй, хэзээ хагарахыг нь мэдэхгүй томорч буй хөөстэй ижил” гэлээ. Тэрбээр “Гадаад капиталын цутгалт, түүхий эдийн үнийн өсөлтийг шүтсэн эдийн засгийн өсөлт тун   богино настай” гэж дүгнэв. Зэс, нүүрсний үнээс хэт хараат манай эдийн засагт эрсдэл хэт өндөр  байгааг  эдийн засагч УИХ-ын гишүүн товчхон бөгөөд тодорхой тайлбарласан нь энэ.

Эдийн засгийн өсөлтийг өндөр үнээр худалдаж авч байгаа юу?

Барилгын жижиг компанитай хамаатны ахаасаа эдийн засгийн өсөлт барилгын бизнест нөлөөлж байгаа эсэхийг асуухад “Мөнгөний эргэлт сайжирсан нь өсөлтийн нэг шинж байх. Гэхдээ барилгын салбарт материал, түүхий эдийн нийлүүлэлт хангалтгүй хэвээр байна. Түүхий эд ховордоод ирэхээр эрэлтээ дагаад үнэ өсчихдөг байдал ч ужиг өвчин хэвээр. Тиймээс монголчууд эргээд эдийн засгийн үр ашигтай өсөлтийг өндөр үнээр худалдан авахад хүрээд байна” гэсэн нь улстөрчдөд нэгийг бодуулах биз ээ. Ирэх оноос “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжинэ шүү дээ.

Эдийн засагт бий болох өсөлтийг нээрээ бид өндөр үнээр худалдан авч байгаа юу. Инфляци цаашид өсөлтийг бүр ч үнэтэй болгох уу?  Гэхдээ ийм байдалд хүрэхгүй гэж найдъя. Учир нь,  Төвбанкны ерөнхийлөгч  “Төсвийн зарлагыг нэг их наяд төгрөгөөр бууруулсан нь инфляцийг 10 орчим хувьд барих боломжийг  бүрдүүллээ” хэмээн мэдэгдсэн. Иргэдийн худалдан авах чадвар огцом  нэмэгдэхээр сагсанд буй өргөн хэрэглээний барааны үнэд нөлөөлж, инфляци хөөрөгдөхийг Монголбанк улстөрчдөд байнга сануулдаг. Өөдөөс нь Засгийн газар “өсөлт” гэсэн товчхон хариулт өгдөг билээ. Харин “Мөнгө хэний гарт байна, түүнд эдийн засгийн өсөлт илүү мэдрэгдэнэ” гэж эдийн засагчид учирлах.   

Малчны хотонд инфляци л очдог

“Эдийн засгийн өсөлтийг айл бүрийн босгоор алхуулъя” гэж уриалснаараа  эдийн засагч Н.Туяа олонд танигдах боломжоо улам бүр баталгаажуулав.Түүний хэлсэнчлэн үнэхээр өрх бүрийн санхүүгийн үүд хаалгыг эдийн засгийн өсөлт тогших болов уу. Мэдээж, эдийн засгийн өсөлт гэдэг эрхэмсэг үнэ цэнэтэй тоо.

Айл бүхэнд өвлийн өвгөн аав бэлэг тарааж чаддаггүй. Айл бүрээр орж бэлэг тараах хүсэл байгаад ч цан хүүрэг савсуулсан, цагаан сахалт өвөө  цаг хугацаандаа амждаггүй. Үүний  нэгэн адил айл бүрийн босгоор  алхах учиртай  эдийн засгийн өсөлт өвлийн өвгөн шиг байж таарахгүй. Тиймээс Н.Туяа эдийн засагч ийн оновчтойгоор уриалсан биз ээ. Өсөлтөөс юу горьдох вэ? Өндөр цалин, ажлын байр, өөр ямар боломж хүлээх вэ. Тогтмол орлогогүй, мал сүрэг нь  эрсдэл ихтэй, малынхаа ноос ноолуурын ашиг шимийг жилдээ нэг хүртдэг  малчны амьдралд эдийн засгийн өсөлт хэрхэн ирэх вэ. Өнөөдөр өсөлтийн үр дүн бус, инфляцийн өндөр цифрээр хэмжигдсэн нугарсан үнэтэй, “хугарсан” чанартай бараа бүтээгдэхүүн малчны хотонд очдог. Төв, суурин газрын иргэдийг бодоход харьцангуй хэрэглээ багатай ч гурил будаа,  тамхи тариа, дээлийн торго дурдан  мэтийн өргөн хэрэгцээт бараагаа зах зээлийн үнээс хэд дахин өндөр үнээр авдаг хөдөөнийхөнд эдийн засгийн өсөлт хүрэх болов уу? Малчин Доржийн гарт мах, ноос ноолуур байвал түүнийгээ зах зээлийн үнээр арилжаалсан тохиолдолд эдийн засгийн өсөлтийг тэр мэдэрнэ. Саальчин Чимэгээ ааруул тосоо борлуулах нь эдийн засгийн өсөлтийг “амтлах” оролдлого хийж байгаа хэрэг хэмээн таамаглаж байгаагаа эдийн засагчид хэлж байна.

Маргааш амьдрал сайхан болно гэсэн мөнхийн итгэл найдвар алдрахгүй. Эдийн засгийн хурдтай өсөлтийг дагаж ажлын байр олноор бий болсноор л Монгол Улсын иргэн бүр ажилтай, орлоготой сайхан амьдрах боломж бүрдэх нь. Юутай ч итгэл найдвар тээсэн  их өсөлтийн жил Монголын эдийн засагт тавтай морилог.

Б.Баяртогтох

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж