-Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хувьд 2011 он анхаарлаа юунд төвлөрүүлж ажилласан жил байв аа?
-2011 он бол Хурлын бүрэн эрхийн хугацааны маш хариуцлагатай жил. Уралдаанаар жишвэл бариар уу дөхсөн үе. Хурлаас батлан гаргасан аймгийн хөгжлийн бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөнүүдэд заасан ажлуудаа бүрэн, чанартай, биелүүлэхэд голлож анхаарсан жил байв. Бид Хурлын хороодоороо тэдгээр бодлогынхоо хэрэгжилт ямар үр дүнд хүрэв гэдгийг сум, байгууллага бүрт очиж шалгаж дүгнэлээ. НӨУБ-уудын хувьд Монгол улсад нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 20 жилийн ойн угтал жилд дотоод харилцаагаа улам боловсронгуй болгож, төлөөлөгчдөө хөгжүүлж, чадамжаа нэмэгдүүлэх ажил байлаа.
-2011 оныг Төв аймаг “Бүтээн байгуулалт-хөрөнгө оруулалтын жил” болгон зарласан. Урианы жилийн ажлын үр дүн?
-Аймгийн ИТХ 2011 оныг аймгийн хэмжээнд “Бүтээн байгуулалт-хөрөнгө оруулалтын жил” болгон зарлаад уг ажлыг зохион байгуулах салбар хороо байгуулж, нарийвчилсан төлөвлөгөөтэй ажиллуулж гүйцэтгэлийг нь саяхан дүгнэхэд урианы жилд 52.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийж, төлөвлөгөөний 5 бүлэг 121 ажил, арга хэмжээ 94,15 хувьтай хангалттай хэрэгжсэн дүн гарлаа.
-Хурлаас 2011 онд аймгийн хөгжилд чухалчлагдах хэд хэдэн зорилт хурлаас дэвшүүлээд ажиллуулсан, амжилттай болсон тухай сая та илтгэв үү?
-Тиймээ. Хамгийн томоохон зорилтыг нь хэрхэн хэрэгжүүлснийг би сая хэллээ. Түүнээс гадна Бүрэн эрхийн хугацаанд ”Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх талаар ИТХ-аас баримтлах бодлого”, “Аймгийн хөгжлийн хөтөлбөр”, ”Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр” зэрэг бодлогын баримт бичгүүд, шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангах удирдлага, зохион байгуулалт, зохицуулалт, хяналт үнэлгээний шуурхай бодит байдлыг дээшлүүлж үр дүнд хүргэх зорилт дэвшүүлэн ажиллаж дараах үр дүнд хүрлээ.
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг 227 зорилт арга хэмжээ бүрээр Хурлын 5 хороо нарийвчлан тооцож ХI хуралдаанаар 68.20 хувьтай “хангалттай” байна гэж дүгнээд хэрэгжилтийн хувь доогуур, хугацаа болоогүй ажлууд, Хурлаас батлан хэрэгжүүлж буй олон бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, тогтоолуудын хэрэгжилтийг бүрэн хангах үүргийг аймгийн Засаг даргад өглөө. Мөн хуралдаанаар аймгийн эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 195 зорилт арга хэмжээний хэрэгжилт 90.26 хувьтай ”хангалттай” дүгнэгдэв. Аймгийн Хурлаас баталсан шийдвэрүүдийн хэрэгжилтийн үр дүнг тооцсон тухай дээр тодорхой илтгэсэн бөгөөд энэ онд бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө зэрэг тухайлсан 42 шийдвэрийнхээ хэрэгжилтийг хуралдаанаар хэлэлцэн дүгнэжээ. Ингэснээр аймгийн ажил эрчимжиж тодорхой үр дүнд хүрсэн байна.
Улс, орон нутаг, төсөл хөтөлбөр хувийн хөрөнгө оруулалтаар 2011 онд 52.9 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хийж сум хөгжүүлэх сан, жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн эх үүсвэр 2.8 тэрбумаар нэмэгдэж 2.3 тэрбум төгрөгний зээл олгосны дээр банк санхүүгийн байгууллагууд нийт 54.3 тэрбум төгрөгний зээл олгосноос бичил бизнест 10 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Эдгээрийн үр дүнд 24 жижиг үйлдвэр шинээр байгуулагдаж одоо аймгийн хэмжээнд 272 үйлдвэр цех үйл ажиллагаа явуулж хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл /2005 оны зэрэгцүүлсэн үнээр/ 6.2 тэрбум төгрөг үүнээс боловсруулах салбарын үйлдвэрлэл 3.3 тэрбум төгрөгт хүрч өмнөх оноос 5.3 дахин өссөн байна. Мөн 1137.4 мянган төл бойжуулж 106.9 мянган тн үр тариа, 65.6 мянган тн төмс, 12.8 мянган тн хүнсний ногоо хураан авч нэгжээс авсан үр тариа, нийт хураан авсан төмсөөр улсдаа тэргүүлж өмнөх оны ололтыг ахиуллаа.
Ажилгүйдэл, ядуурлыг бууруулахаар Хурлаас дэвшүүлсэн бодлого хэрэгжиж 2007 оноос хойш ажлын 10923 шинэ байр бий болж, 10 шахам мянган хүнийг ажилд зуучлан оруулснаар ажиллах хүчний оролцооны түвшин 74.7 хувь, хөдөлмөр эрхлэлтийн түвшин 92.0 хувьтай, ажилгүйдлийн түвшин улсын дунджаас 39.4 хувиар доогуур байна.
Харин аймгийн хөгжлийн хөтөлбөрийг 2008 оноос хойш тодорхой дүгнэсэн зүйлгүй явж иржээ. Уг хөтөлбөр болон Төвийн бүсийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг нэгтгэсэн төлөвлөгөөг энэ онд боловсруулсныг Тэргүүлэгчдийн хурлаар батлан хэрэгжилтийг хангаж байна.
-Тэгвэл 2012 онд аймгийн хөгжлийн чиглэлээр ямар ямар зорилтууд дэвшүүлж байна вэ?
-2012 онд аймгийн ИТХ-аас олон зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ бүрэн эрхийн хугацааны үйл ажиллагааны зорилтуудаас хэрэгжилт нь удаашралтай болон дутуу дулимаг байгаа зүйлсийг бүрэн ханган биелүүлэх талаар нутгийн удирдлагын бүх шатны байгууллагын анхаарлыг хандуулж ажлаа эрчимжүүлэх төлөвлөгөөтэй байна. Мөн хурлаас баталсан аймгийн эдийн засаг, нийгмийн салбаруудын хөгжлийн урт дунд хугацааны бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилт, эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж сум, байгууллага, иргэд, ТББ-уудын санал авч орон нутгийн хөгжлийн хэрэгцээг бодитой гаргасны үндсэн дээр “Аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр” бүрэн эрхийн хугацаанд Хурлаас баримтлах бодлого, шинээр болон шинэчлэн боловсруулах эрх зүйн баримт бичгийн жагсаалтыг батлан мөрдөх ажлыг хийнэ. Мөн Монгол улсын Их Хурлын болон, орон нутгийн сонгуулиудын бэлтгэл зохион байгуулалтыг хангаж хуулийн дагуу явуулах, сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан аймаг, сум, багийн хурлуудын үйл ажиллагааны дүрэм, журмуудыг хууль зүйд нийцүүлэн шинэчлэн боловсруулж батлуулан мөрдүүлэх, шат шатны төлөөлөгчид, тэргүүлэгчдийн сургалт семинар зохион байгуулах Хурлын үндсэн бүтэц хороо, төлөөлөгчдийг чиг үүргийн асуудлуудад өргөн оролцуулах механизм стандартыг бий болгох, орон нутгийг удирдах үйл ажиллагаанд иргэдийн оролцоо хяналтыг хангах үндсэн дээр НӨУБ-ын чадамж үйл ажиллагааг улам боловсронгуй болгон хийхээр төлөвлөж байна.
Аймгийн эдийн засгийн өсөлтийг хангахад иргэд, ААН-үүдийн нэгдэх, хоршох, түншлэх явдлыг тэргүүн ээлжинд дэмжиж суурилагдсан хүчин чадлыг бүрэн дүүрэн ашиглуулах, орон нутгийн хэрэгцээг дотоодоос хангаж зах зээлээ хамгаалах, үйлдвэрлэл үйлчилгээнд шинэ техник, технологи нэвтрүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд ААН, байгууллага, иргэд-нутгийн захиргааны түншлэлийг идэвхжүүлж, тэдгээрийн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанарыг эрс сайжруулах зэрэг хамгийн эхний ажлууд байна. Мөн ирэх он Төв аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг угтсан бүтээлч ажлын төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлж ойн бэлтгэл зохион байгуулалтын төлөвлөгөө гарган хэрэгжилтийг ханган ажиллана. Газрын харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилт, газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн харилцаа хэрхэн хууль зүйд нийцэн үүсч байгаа талаар аймгийн хэмжээнд шалгалт хийж үнэлэлт өгч ажиллах, УИХ болон орон нутгийн сонгуулийн жил тул аймаг, сум, багийн түвшинд ажил цалгардах, төрийн жинхэнэ албан хаагчид улс төржих явдлыг гаргуулалгүй ажлын хариуцлагыг эрс сайжруулж үр дүнг ахиулахад тавих хяналтыг чангатгах зорилтууд дэвшүүлээ.