Гэтэл Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн шүүх хурлаар уг хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ. Ингэхдээ “…Анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй дүгнэлт хийж, үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, сэтгүүлчийг цагаатгасан..” гэжээ. Мөн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэхдээ шүүх бүрэлдэхүүнийг өөрчлөхийг заасан байна.
Хэвлэлийн хуралд оролцогчид “Нийслэлийн шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Батцэрэнгийн даргалсан давж заалдах шатны шүүхийн энэхүү тогтоол нь шууд утгаараа “Сэтгүүлчийг ялла” гэсэн тушаалыг анхан шатны шүүхдээ өгч байна гэж ойлгож болохоор байгаа юм.
Сэтгүүлч Д.Болормааг уг мэдээллийг нийтэд мэдээлэхээс өмнө гомдол гаргагч хийгээд түүнтэй адил нэртэй этгээд, мөн Г гэх хүн, зуучлагч нарын тухай гомдол цагдаагийн байгууллагад очсон байдаг. Өөрөөр хэлбэл, сэтгүүлч Д.Болормаа нь аль хэдийнэ цагдаагийн байгууллагад бүртгэгдэн, зарим ажиллагаа нь хийгдээд байсан мэдээллийг нийтэд дэлгэсэн байна. Гэтэл шүүх, хуулийн байгууллага нэгэнт ил болсон энэ бүлэглэлийн гэмт хэргийг үргэлжлүүлэн мөрдөж, гэмт этгээдүүдэд хариуцлага тооцох талаар туйлын хойрго хандаж байгаа нь энэ төрлийн гэмт хэрэг улам цэцэглэх нэг суурь болж байгааг ч үгүйсгэх аргагүй” гэдгийг хэвлэлийн хурлын үеэр онцолж байлаа.
Энэ үеэр сэтгүүлч Д.Болормаагийн өмгөөлөгч Ц.Монголоос зарим асуултад хариулт авлаа.
-Анхан шатны шүүхээс цагаатгасан шийдвэрийг нийслэлийн шүүх буруу гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй юу?
-Анхан шатны шүүхээс цагаатгах шийдвэр гарсан. Гэтэл давж заалдах шатны шүүх цагаатгасан нь үндэслэлгүй болсон, ял өгөх ёстой гэх утгатай магадлал гаргасан. Үүнийг хууль зөрчсөн үйлдэл, хуулийн гажуудал гэж үзэж байгаа. Яагаад гэвэл магадлалыг анхан шатны шүүх биелүүлэхээс аргагүйд хүрнэ. Нийслэлийн шүүхээс гаргасан магадлалаар сэтгүүлч Д.Болормааг цагаатгах ёсгүй, харин ял өгөх болж таарч байна. Ер нь анхан шатнаас хэрэгсэхгүй болсон, цагаадсан хэргийг нийслэлийн шүүхээс хүчингүй болгож, ял өгч байсан хэд хэдэн жишээ бий. Энэ байдлаар бол анхан шатны шийдвэрийг нийслэлийн шүүхээс зааж өгч байна гэсэн үг. Тэгэхээр шүүх хурал болохоос өмнө сэтгүүлчид ял өгөх нь тодорхой болж таарлаа. Энэ бол яах аргагүй шүүхэд байгаа нэг гажуудал. Ганц сэтгүүлч Д.Болормаагийн асуудал биш. Өөр хэргүүд дээр энэ гажуудал илэрч, цагаадсан хүмүүс ял сонсож байсан удаа бий.
-Хэргийг маргааш Сүхбаатар дүүргийн шүүхэд хэлэлцэнэ. Нэгэнт ял өгөх нь тодорхой болоод байхад ямар арга хэмжээ авах вэ?
-Хорих ял уу, мөнгөн торгууль оногдуулах уу гэдэг хоёрхон сонголт байна. Тэгэхээр бид маргааш болох шүүх хуралд шүүгчээс татгалзана. Энэ нь шүүгчийг буруутгаж байгаа хэрэг биш. Шүүгч хэнээс ч хараат бус байх эрхээ эдэлж чадахгүй, өөрийн дотоод итгэл үнэмшлээрээ шийдвэр гаргаж чадахгүйд байгаа юм. Тиймээс хуулийг боловсронгуй болгож олон хүний эрх ашгийг хамгаалах асуудал энд яригдах учиртай.
-Өмнө нь энэ хэрэгт шүүгчээр ажилласан Ч.Хосбаяр шүүгчийг буруу шийдвэр гаргасан талаар гомдол гаргасан гэж сонссон?
-Тэр талаар албан бус мэдээлэл байгаа. Хэн нэгэн шүүгчийн эсрэг гомдол гаргасан гэсэн.
-Нийслэлийн шүүхээс анхан шатны шийдвэр буруу гэсэн магадлал гарсан тохиолдолд Дээд шүүхэд гомдол гаргах боломж бий юу?
-Байхгүй. Шинэ эрүүгийн байцаан шийтгэх хуулиар нийслэлийн шүүхээс анхан шатны шийдвэрийг буруу гэж үзсэн тохиолдолд Дээд шүүхэд хандах боломжгүй болсон. Тиймээс л бид үүнийг хуулийн гажуудал гэж хэлээд байгаа юм. Ер нь нийслэлийн шүүхээс гаргасан энэ мэт шийдвэрүүдийг хараад байхад хардах зүйл байна. Жишээ нь давж заалдах шатны шүүх хурал болох гээд шүүх бүрэлдэхүүн томилогдсон байхад санаатайгаар шүүх хурлыг хоёр долоо хоног хойшлуулсан. Дараа нь шүүх бүрэлдэхүүн солигдсон байсан. Энэ нь хардлага төрүүлж байна.
-Нийслэлийн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй бол өөр ямар шийдвэр гаргах боломжтой байсан бэ?
-Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүндрүүлдэггүй. Хэвээр батлах юмуу, өөр үндэслэлээр хэрэгсэхгүй болгох ёстой. Цагаатгасан үндэслэл буруу гэдгийг нотлох ёстой.
Сэтгүүлчийг бичсэн мэдээллийнх нь төлөө ялладаг байдал газар авах хандлагатай байгаад Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид харамсч буйгаа энэ үеэр хэллээ. Тэрбээр “Шүүхийн байгууллага шударгаар ажиллаж чадахгүй бол МСЭ олон улсын байгууллагад хандаж, тусламж хүсэхэд бэлэн байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр нууц далд байдаг, монголын нийгэмд газар авсан насанд хүрээгүй охидыг бэлгийн мөлжлөг, хүний наймаанд ашиглах гэмт хэргийн араас эрэн сурвалжилж, энэхүү мэдээллийг олонд дэлгэж чадсан залуу сэтгүүлчийн эр зориг, итгэл үнэмшлийг мохоох ёсгүй” гэсэн юм. Монгол Улс сэтгүүл зүйн эрх чөлөөний индексээрээ ухарч, хагас эрх чөлөөтэй орны тоонд орсон нь дэлхий нийтэд өөрсдийгөө эвгүй байдалд орууллаа гэдгийг онцолсон юм. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид үүний эсрэг дуу хоолойгоо нэгтгэхийг уриаллаа.
Хүйсийн тэгш эрхийн төвийн тэргүүн н.Ганбаясгах “Одоогоос арав гаруй жилийн өмнө хүн худалдаалах гэмт хэрэг байхгүй гэж ярьж байсан. Харин өнөөдөр энэ төрлийн гэмт хэрэг ямар замаар үйлдэгддэг, хэн үйлддэг, хэн хохирдог болохыг сэтгүүлчид зоригтойгоор гарган тавьж, мэдээлж байна. Олон улсын жишигт 18 нас хүрээгүй хүний биеийг үнэлүүлсэн бол хүн худалдаалах гэмт хэрэгт тооцдог. Гэтэл манайд насанд хүрээгүй биеэ үнэлэгч хэмээн үзэж, хариуцлага хүлээх ёстой этгээдүүдэд ял завших боломж олгож байна. Энэхүү бусармаг үзэгдлийн эсрэг дуу хоолойгоо хүргэсэн сэтгүүлчид эрүүгийн хэрэг үүсгэж байгаа нь сэтгүүлчийн хэвлэн нийтлэх эрх чөлөөнд бүдүүлгээр халдсан хэрэг” гэлээ.
Хохирогч Н-ийн яриа:
Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо буюу та бидний ярьж заншсанаар Долоон буудлын ойролцоо амьдардаг Н охин нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагч. Түүнтэй уулзаж ярилцахаар очиход тэрээр аав, ээжийн хамт байв. Гэхдээ тэрээр сурвалжлагчийг очихоос өмнөхөн гэртээ ирсэн байлаа. Учир нь тэрээр гэртээ хонолгүй гурван хоног алга болсон байсан юм.
-Бага насны охидын биеийг үнэлүүлдэг, зуучилдаг сүлжээний хохирогчийн нэг нь таныг гэж сонслоо. Уг бусармаг хэргийг хэн зохион байгуулаад байна вэ, нууц биш бол?
-Хэн зохион байгуулдагийг нь мэдэхгүй. Энэ тухай сонсохын хувьд бол сонсож байсан. Хүүхдүүд л нэгнээ дамлаж зардаг гэсэн. Дамладаг сүлжээнд орох эсэх нь тухайн хүний ухамсараас л шалтгаална шүү дээ.
-Тухайлбал, чамд хэзээ, хэн, ямар санал тавьсан юм бэ. Охидыг дамлах сүлжээнд зуучлагч гол хоёр охин байгаа гэх юм. Чи тэднийг таних уу?
-Надад хүнтэй унтах санал тавьж байсан. Зөндөө шүү. Надаас өмнө ч гэсэн манай сургуулийн нэг охинд ийм санал тавьсан гэнэ лээ. Тэр охин зөвшөөрөөгүй болохоор надад өнөөх саналаа тавьсан юм шиг байна билээ. Надаас энэ тухай асуухаар нь “Үгүй” гэж хэлээд уйлахад тэр охид яваад өгсөн.
-Яг ямар санал юм бол?
-Хүнтэй унтах санал. Мөнгө хэрэг болчихоод байна. Маш их хэмжээний мөнгө гэж хэлсэн.
-Хэн?
-Надад хүнтэй унтах санал тавьсан охин.
-Тэгээд тэр охиноо дагаж явсан уу?
-Дагаж яваагүй. Тэр л намайг дагаад байсан.
-Тэр охиныг хэзээнээс таньдаг болсон юм бэ?
-Манай сургуулийг төгссөн охид. Нэг хэсэг үзэгдэж харагдахгүй байснаа есдүгээр сард манай сургууль дээр ирчихээд холхиод байдаг болчихсон байсан.
-Тэд чамд захиалагчийнхаа тухай ярьж байсан уу?
-Захирал гээд л байсан.
-Зуучлагч охид чамд тавьсан саналаа найз охидод чинь бас хэлсэн байдаг?
-Ямар ч байсан манай сургуулийн олон охинд тэр саналаа тавьсан гэсэн.
-Тэд чамайг юу гэж ятгах юм?
-Тэр унтсан ах чамд 500-600 мянган төгрөг өгнө гээд байсан. Өгсөн мөнгөнөөс нь өөрсдөө 100 мянган төгрөг шан болгож авна гэсэн. Надад Б гэдэг охин нь хүнтэй унтах санал тавьсан.
Н-ийн ээж:
-Манай охин долоо хоног гэртээ ирээгүй алга болчихсон. Би хайж яваад ангийнх нь нэг найзаас асуухад “Та Ж-аас асуу” гэсэн. Түүнийг хайгаад очтол манай охин түүнтэй хамт байж байсан. Тэр охин охиныг маань нуучихсан байсан. Тэрээр надад хэлэхдээ “Н-ийг ийм зүйлд оруулаагүй шүү” гэж хэлсэн. Манай охинд 40 мянган төгрөг өгсөн байсан. Би тэр мөнгөнийх нь учрыг олохгүй байгаа. Нэг өдөр түүнийг хичээлдээ явах гэж байхад нь утас нь дуугарсан юм. Тэгэхээр нь би утсыг нь урьдаад авчихлаа. Хүмүүс заримдаа охин бид хоёрын яриаг салгаж чаддаггүй юм. Тэгсэн утасны цаанаас нөгөө охин нь “Чи яасан бэ. Хаана байна, хурдан хүрээд ир” гээд байсан…
…Би ийм явдал болсон талаар сонсоогүй байхад нь ангийнх нь хүүхдүүд “Манай сургуулийг төгссөн охид эмэгтэй сурагчдыг дагуулаад яваад байгаа” гэхэд нь нэгэнтэй нь очиж уулзсан юм. Би түүнд “Чи өөрөө охин дүүтэй байж ингэж болохгүй шүү дээ” гэхэд “Би тэгээгүй” гэсэн. Тэгснээ байнга охиныг маань утсаар дарамтлаад байхаар нь “Би чамайг цагдаад өгнө” гэхэд тэр охин “Би тэр зуучилдаг хүн нь биш ээ, тэр бол Б гэж хүн бий” гэж хэлсэн юм.
-Та тэр хоёр охиныг таньдаг байсан уу?
-Таньдаггүй байсан. Охиныг маань нууж хаагаад яваад байсан болохоор таньдаг болсон. Ноднин билүү дээ, цуг явж байхад нь харж байсан юм. Тэр охид насаар жаахан юм билээ. “Би охин дүүтэй байж юу гэж тийм зүйл хийх юм бэ” гээд л байдаг байсан. “Чамайг хүмүүс охид дамладаг гэж яриад байх юм билээ” гэхээр “Би биш” л гэнэ. 3, 4 дүгээр хорооллын тэнд гэсэн байх аа. Нэг шөнийн цэнгээний газарт л очдог юм гэнэ лээ. Охины маань сурч байгаа сургуульд л охидыг дамлах сүлжээ нь байгаа юм билээ. Охиноо хайгаад явж байхдаа нэг ээжтэй таархад тэр бас л “Ж-г цагдаад өг. Тэр л охидыг дамлаж байна” гэж хэлж байсан. Охины маань ангийнх нь нэг охин бүр 20 хоног алга болсон гэнэ лээ.
-Та охинтойгоо нээлттэй ярилцаж байгаа нь зөв шүү
-Бид уг нь ярьдаг юм. Элдэв зүйлийг нууж хаалгүй ярьдаг. Тэр надад одоо дахиж явахгүй гэж хэлсэн.
-Одоо тэгвэл сургуульд явахад нь ч гэсэн хяналт тавихгүй бол өнөөх охид нь дагаад байх вий дээ?
-Харин тийм. Аргаа барвал охиноо өөр сургууль руу шилжүүлдэг ч юм уу. Бүр болохгүй бол сургуулиас нь гаргачих ч юм уу гэж бодож байна.