говиос дарийн утаа үнэртэж эхэллээ. Эх орондоо сайхан амьдрах гэж
яваад харийнханд боолчлогдож байгаа монгол ах дүүсийн элгээ тэвэрсэн
эмзэглэлийн утаа юм. “Моннис” цамхагийн шилэн барилгын үүдэнд уржигдар
“South Gobi Sands” компанийн хэсэг ажилчид захирлаа гурван цаг хэртэй
барьцаалсан үйл явдал болсон.
“South Gobi Sands” компани бол
Канадын хөрөнгө оруулалттай монголоор орчуулбал “Өмнийн говийн элс”
нэртэй уул уурхайн компани юм. Уг компани 49 хүнийг, тэр дундаа
Улаанбаатар хотод ар гэр нь байдаг иргэдийг нэгэн зэрэг ажлаас нь халсан
учраас тэд аргаа барахдаа захирлаа барьцаалах дээрээ тулжээ. Компанийн
захирал Курт Черч болон түүний орчуулагч, туслах гээд дөрвөн хүнийг тэд
барьцаалсан. Тус уул уурхайн компанийнхан ажилчдынхаа цалинг
нэмдэггүй, байнга дарамт шахалт үзүүлдэг байсан учир уурхайн ажилчид
эрхийнхээ дагуу үйлдвэрчний эвлэл байгуулах хүсэлтийг компанийнхаа
удирдлагуудад тавьж байжээ. Гэвч “South Gobi Sands” компанийн
удирдлагийн зүгээс үүнийг эсэргүүцэн “Хэрвээ та нар үйлдвэрчний эвлэл
байгуулвал бид хоорондоо хонь, чоно болно шүү” хэмээдэг байсан гэнэ.
Удсан ч үгүй тус компанийн удирдлагууд өнгөрсөн оны арванхоёрдугаар
сарын 20-нд 49 хүнийг ажлаас халсан нь дарин дээр давс нэмж уурхайчдын
бухимдал оргилдоо хүрсэн аж. Компанийн захирал барьцаалагдсаныхаа дараа
буюу өчигдөр халагдсан ажилчид болон МҮЭ-ийн төлөөлөгчидтэй уулзахаар
товлосон байсан. Уулзалт өглөөний 09.00 цагт болсон ч гадны хүмүүсийг
дотогшоо оруулаагүй юм.
Тэнд чухам юу болсныг тодруулахаар тус компаниас халагдсан ажилчдаас зарим зүйлийг тодрууллаа.
Оператор Д.СҮХБАТ:
-Би
уулын ашиглалтын хэсэгт ажилладаг байсан. Арванхоёрдугаар сарын 19-нд
би шөнийн ээлжинд гарсан юм. Гэтэл богино холбоогоор “Маргааш
сургалттай” гээд манай хэлтсээс найм, есөн хүнийг амар гэсэн. Маргааш нь
сургалтанд сууж байтал Хүний нөөцийн хэлтсийн дарга н.Родни, н.Гэрэл
нар биднийг нэг нэгээр нь өрөөндөө дуудсан. Тэдэнтэй уулзсан хүмүүст
“Таныг өнөөдрөөс эхлэн ажлаас халж байна” гэж хэлээд ажлаас халах тушаал
гаргаж, Улаанбаатар руу явах онгоцонд суулгасан. Ингээд л биднийг ямар ч
үг дуугүй ажилгүй болгож орхисон.
Оператор М.БАЗАРВААНЬ:
-Халагдсан
ажилчид дунд нийгмийн янз бүрийн давхаргын хүмүүс байгаа. Өрх
толгойлсон, жирэмсэн гээд л. Халагдсан операторууд гэхэд л уурхайн
шилдэг ажилчид шүү дээ. Гэтэл биднийг зөвхөн үгээ хэлж, эрхээ эдлэх
гэсний төлөө ажлаас халчихлаа. Бид хүнд нөхцөлд ажилладаг байтал энэ
байдлыг харгалзаж үздэггүй байсан учир эрхээ хамгаалахын төлөө хэрэлдэж
зодолдсон тохиолдол цөөнгүй. Тиймээс биднийг үүнээс л болж халсан гэж
бодож байна. Гэтэл биднийг ажлаас халсан үндэслэлээ “Орон тооны
цомхотгол хийж байна, төсвөө хэмнэж байна” гэж тайлбарласан. Мөн биднийг
“Та нар гуравдагч этгээдэд мэдэгдэхгүй байвал нэгдүгээр сарын 30-ны
дотор хүн бүрт 500 мянган төгрөг өгнө. Хэл ам хийгээд яваад байх
хэрэггүй. Хэрвээ тэгвэл цаашид гадны хөрөнгө оруулалтай өөр компанид
ажилд орох боломжгүй болно. Учир нь гаднын хөрөнгө оруулалттай компаниуд
хоорондоо холбоотой байдаг юм шүү” гэж доромжилж байгаа юм. Энэ бол
Монгол хүний амьдралаар тоглож буй бусармаг байдал” хэмээн ярьж байлаа.
Уг
компани анх 2007 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Одоогоор
Өмнөговь аймгийн Гурван Тэс сумын Овоот толгойд нүүрс олборлодог. Тус
уурхай БНХАУ-ын хилээс ердөө 35-хан километрийн зайтай аж. Тэгэхээр
компанийн зүгээс тээвэрлэлтийн зардалд их хөрөнгө зарцуулахгүй нь
тодорхой. Тиймээс энэ компанийн өмнөх жилүүдийн олборлолт, ашиг хэр
байсныг сонирхлоо. Тэднийх Монголд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн
компаниудаас нэлээд томд тооцогдох 240 тонны даацтай машинаар өмнөд
хөршийн хил рүү нүүрс гаргадаг. “South Gobi Sands” компани 2010 онд 27
сая ам.долларын, өнгөрсөн онд зургаан сая тонн нүүрс олборлож 59 сая
ам.долларын ашиг олжээ. Харин энэ онд төлөвлөгөөгөө давуулан биелүүлэх
зорилт тавьж найман сая тонн нүүрс олборлохоор зэхэж байгаа гэнэ.
Түүнчлэн 2013 он хүртэл 12 сая тонныг олборлох зорилготой
бололтой.
Дээрх халагдсан 49 хүнийг тус компанид анх
ажилд ороход “Манайх “Голомт” банктай гэрээтэй. Тиймээс 1.2 хувийн
хүүтэй, хөнгөлөлттэй зээл авч болно” гээд бараг ихэнх ажилчдаа зээлд
хамруулжээ. Одоо хамгийн их зээлтэй ажилчин гэхэд л 70 сая, хамгийн бага
нь гурван сая төгрөгийн зээлтэй аж. Гэтэл тэд одоо компанийн
харьяаллаас гарсан болохоор зээлээ зах зээлийн ханшаар буюу хоёр хувийн
хүүтэйгээр эргүүлж төлөх болсон гэнэ.
Монголын Эрчим хүч,
геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга С.Ганболдоос
үүсээд буй асуудалд тус холбооныхон хэрхэн анхаарч ажиллаж байгааг
тодруулсан юм.
-Бид тэр хүмүүстэй ажлаас нь халагдсан өдрөөс
эхлээд уулзаж байгаа. Нөхцөл байдлыг харгалзан үзэж “South Gobi Sands”
компанийн удирдлагуудыг ажилчдаа зүй бусаар халсан гэх үндэслэлээр
уржигдар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд өгсөн. Одоо бид хүний
эрхийн байгууллагуудад хүсэлт гаргана. 2008 онд тус компанид бас
нэгэн Монгол менежер ажлаа хийж байгаад нас барсан. Тухайн үед энэ
хэргийн талаар ар гэрийнхэн нь дуугүй өнгөрсөн. Харин одоо бол тус
компанийн удирдлагууд даварч байна.
"Улс төрийн тойм" сонин