”Шийдвэрээ эргэж харна гэдэгт найдаж байна”

Хуучирсан мэдээ: 2012.01.05-нд нийтлэгдсэн

”Шийдвэрээ эргэж харна гэдэгт найдаж байна”

Ардчилсан намын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг “Хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнээс Ардчилсан нам гарах боллоо” гэдгээ албан ёсоор мэдэгдсэн тул МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд мөн хариу мэдэгдлийг хийлээ.

Ерөнхий сайд С.Батболд хэлэхдээ,

“Өнөөдөр Ардчилсан намын удирдлагуудаас хийсэн мэдэгдэлтэй холбогдуулаад, хамтарсан Засгийн газрын тэргүүний хувьд, мөн МАН-ын даргын хувьд тодорхой хэдэн зүйл хэлэх нь зүйтэй гэж шийдлээ.

Хамтарсан Засгийн газрын Тэргүүн шадар сайд өчигдөр надтай уулзаж, бид ийм бодолтой байгаа гэдгээ хэлсэн. Би хариуд нь “Бидний өмнө дэвшүүлэн тавьсан зорилтууд, хийж дуусгах ёстой олон ажил байгаа. Ард түмний эрх ашгийн үүднээс, улс орныхоо хөгжлийн эрх ашгийн үүднээс хамтарч ажлаа дуусгах нь зүйтэй” гэдэг саналыг тавьсан. Гэвч өнөөдөр Ардчилсан намын удирдлагууд мэдэгдэл гаргаж, 2012 оны улстөрийн сонгууль, үүнтэй холбогдуулж Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарах бодолтой байгаа талаар мэдэгдэл хийсэн байна. Ийм мэдэгдэл гаргасанд би нэг талаас харамсаж байна. Монголчууд бид ярьдаг, “Ханилж яваад нөхрөө, унаж яваад морио” гэж… Ингэж бодогдохоор гайхахаар алхам боллоо. Яагаад гэвэл УИХ-ын 2008 оны сонгуулийн үр дүнд МАН олонхийн суудал авсан, УИХ-ын 76 суудлаас 46-г авсан. Бид улс орныхоо хөгжлийн томоохон асуудлыг хамтад нь шийдвэрлье. Хамтарч байж ард түмнийхээ аж амьдралыг дээшлүүлж чадах юм байна гэж үзэж, энэ зорилгыг урьтал болгож хамтарсан Засаг байгуулахдаа Ардчилсан намыг урьсан. Ингэснээрээ бид Ардчилсан нийгэмд хамгийн дээд ардчилалтайгаар Засгийг хамтарч байгуулж чадсан. Гэвч Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга “Ардчилсан Засгийн газрыг байгуулах нь зүйтэй” гэж ярьсан байна билээ. Үүнд би харамсаж байгаа. Бид хамгийн ардчилсан, бас хамтарсан, зөвшилцсөн Засгийн газрыг байгуулсан. Эцсийн зорилго нь бид хамтарч тодорхой зорилго өмнөө дэвшүүлээд хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болгоод хэрэгжүүлж байгаа. Хэрэгжүүлж байгаа ажил маань улс орны эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн төвшинд гаргаж ирнэ гэсэн итгэлтэй байсан. Ийм төвшинд бид хамтарч ажиллаад, гаргаж ирэх суурийг тавьсан. Өчигдөрхөн би ярьж байсан, энэ мэдэгдэл гарахыг мэдээгүй байсан. Бид хамтарч санхүү, эдийн засгийн хямралыг туулсан, өвлийн зуд турханыг ард түмэнтэйгээ хамтдаа туулж чадсан. Их өсөлтийн суурийг тавьж, эдийн засгийн өсөлтөө 20 хувьд хүргэсэн. Энэ эхлэлээ бид тодорхой ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал нь гэж ярьдаг. Энэ зорилгоо дуусгах ёстой гэж үзэж байгаа. Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 82 хувийн биелэлттэй байгаа. Яг энэ агуулгаар хамтарч ажиллах ёстой гэж үзэж ирсэн. Ардчилсан намын нөхдүүд Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаараа ярилцаж, шийдвэрээ гаргана гэсэн байна билээ. Үндэсний зөвлөлдөх хороогоор нухацтай ярих байх, улс орныхоо хөгжлийн том асуудлыг улстөрийн, сонгуулийн өмнө тавьж чадах байх гэж итгэж байна. Яагаад гэвэл бид тэгж тавьж ирсэн. 2008 онд МАН зөвхөн сонгууль бодох биш, ажлын үр дүн, улс орон хөгжлийн үр дүнгээр ажиллах ёстой гэдэг энэ зарчмыг суурь болгож хамтарсан Засгийн газрыг байгуулсан юм. Цаашдаа ч энэ зарчмаа барьж ажиллана.

Хоёрдугаарт, бид хамтарсан Засгийн газрыг байгуулахдаа улстөрийн шийдлээс гадна эрх зүйн шийдэл бас гаргасан байдгийг хэлэх нь зүйтэй гэж бодлоо. Энэ нь Хамтарсан Засгийн газрыг байгуулах тухай гэрээ юм. Гэрээнд хоёр нам улстөрийн сонгуульд оролцохдоо тусдаа орно. Улс орны хөгжлийн эрх ашгийн төлөө дэвшүүлээд тавьсан зорилтуудаа хамтдаа шийдэж орж болох нөхцлийг гэрээндээ хийсэн. Нэг үгээр хэлбэл, дараагийн УИХ шинээр бүрэлдэх хүртэл хамтарсан Засгийн газар ажиллаж байх боломжтой гэдгийг гэрээнд зааж өгсөн. Нөгөө талаасаа хоёр тал зөвшилцөж, хамтарсан Засгийн газраас гарах тухай шийдэх, хоёр намын зөвлөлдөх хороогоор хэлэлцэж байж шийдвэрлэнэ гэсэн гэрээ байгаа. Тийм учраас гэрээний тухай ч нухацтай авч хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна” гэлээ.

Г.Дарь

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж