Э.Бадар-Ууган: Олимпиос хоёр дахь медалиа зүүхийг хүсч байна

Хуучирсан мэдээ: 2012.01.05-нд нийтлэгдсэн

Э.Бадар-Ууган: Олимпиос хоёр дахь медалиа зүүхийг хүсч байна

Олимпийн аварга Э.Бадар-Ууган спортдоо эргэн ирсэн баярт мэдээгээр бид шинэ оноо угтсан. Одоо аварга маань бэлтгэл сургуулилтаа чамбайруулж, Лондонгийн олимпийн эрхийн төлөөх тулаанд орохоор зэхэж буй. Шинэ оны анхны дугаартаа бид аваргыг урьж, олны сонирхож буй сэдвүүдийн талаар ярилцлаа.


-Олимпийн аварга маань хэзээнээс эрчимтэй бэлт­гэлдээ оров. Одоо бэлтгэл жигдэрч байна уу?

-Би 2009 онд гарны хагалгаанд орсноос хойш жил гаруй гам барьсан. Тэгээд 2010 оноос бэлтгэлээ эрчимтэй хийж эхэлсэн юм. Гэвч ачаалалтай бэлтгэл хийхээр хуучин бэртэл сэдрээд болж өгөөгүй. Ер нь өнгөрсөн хоёр жил маш хүнд байлаа. Сүүлдээ сэтгэлээр унаад, спортоо орхидог ч юм уу гэж бодох үе байсан. Одоо харин бэртэл маань овоо эдгэрч, бэлтгэл ч жигдэрч байна. Бэртэл гэмтэлтэй байх үед олимпийн хорооны Д.Загдсүрэн дарга, Ж.Хатанбаатар эмч, манай холбооны дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх ах гээд олон хүн надад анхаарал тавьж, олон газар тусламж үзүүлсэн. Ц.Бат-Энх ах өнгөрсөн оны наймдугаар сард Н.Төгсцогт бид хоёрыг Өмнөд Солонгост очиж үзүүлээд, оношийг нь зөв тогтоож өгсөн юм. Эхнээсээ оношоо буруу тогтоосон болохоор гүйцэд эдгэхгүй байсан юм билээ. Одооноос гайгүй болж байна. Сая Казахстаны тэмцээнд ороод олимпоос хойшхи анхны алтаа авсан чинь сэтгэл санаа сайхан болоод ирлээ.

-Одоо өвчин зовиур гайгүй болсон уу?

-Нэг үеэ бодвол хамаагүй дээрдсэн. Хамгийн гол нь бэлтгэлээ зөв тааруулах хэрэгтэй. Тэгэхгүй хамаагүй нүдээд байвал өвдөх маягтай. Тийм болохоор багштайгаа сайн ярьж, ямар үед ачаалал авах, ямар үед хөнгөн бэлтгэл хийх вэ гэдгээ тохируулж байна.

-Казахстаны тэмцээний талаар яриач. Хэр том тэмцээн болов, өөрийнхөө санаанд хүртэл тоглож чадав уу?

-Сайхан тэмцээн болсон. 15 орны тамирчид ирж оролцлоо. Миний хувьд Монголдоо ч тэмцээнд ороогүй, тэгээд дээд жиндээ тоглосон болохоор эхэндээ эвгүй байсан. Эхний хоёр тоглолтын дараа хамаг бие булраад. Тэгээд нэг хоног амарсны дараа гайгүй болоод сүүлийн хоёр тоглолтоо хийсэн. Гэхдээ рингэнд гараад ирэхээр сандарч тэвдсэн юм байгаагүй ээ. Харин медаль авахдаа л их сандарлаа (инээв). Мөнгө, хүрэл медалийг гардуулчихаад сүүлд нь “Mongolia” гээд зарласан чинь сонин санагдсан. Ойрд медалийн тавцанд гараагүй болохоор нэг л эвгүй байлаа.

-Эхний тэмцээнд орохдоо бэртлээ сэдрээгээд дараагийнхад ороогүй гэж сонсогдсон. Гайгүй юу?

-Би багштайгаа ярьж байгаад хоёр тэмцээнд нийтдээ дөрвөн тоглолт хийчихье гэж төлөвлөсөн юм. Гэтэл эхний тэмцээндээ дөрөв тоглочихсон болохоор айхтар ачаалал аваад яахав гээд дараагийн тэмцээнд нь ороогүй. Түүнээс гэмтэл сэдэрсэн юм байхгүй ээ.

-Одоо олимпийн эрхийн тэмцээн гэж том даваа хүлээж байна?

-Боксчдод олимпийн эрхийн ганцхан тэмцээн үлдсэн. Өмнө нь ямар нэг муу юм тохиолдчихгүйхэн шиг тэмцээндээ орж чадах л юм бол гайгүй тоглоно гэдэгтээ итгэлтэй байгаа. Миний жинд гурван эрх үлдсэн. Ямар ч байсан эрхээ аваад зогсохгүй аварга болж, тугаа мандуулчихаад ирнэ гэж бодож байгаа.

-Одоо 56 кг-даа тоглох уу?

-Ер нь гол тэмцээнүүдэд жиндээ дасахын тулд 56-даа явна даа. Сая бол 60 кг-д тоглосон.

-Жин хэр хасч байна вэ?

-Одоо жин 62 кг орчим байна. Зургаан кг хасах шаардлагатай. Олон жил жин хасч байна даа.

-Жингийнхээ өрсөлдөгчдийг хэр судалж байна?

-Сая ДАШТ-д нэг танихгүй куба хүрч ирээд түрүүлчихлээ. Бас надтай тоглож байсан нөхдүүд ч байна. Ер нь ихэнх нь танихгүй, залуу хүүхдүүд гарч ирсэн байна лээ.

-Одоо наана нь тэмцээнд хэд орчихвол жингийнхнийхээ тоглолтыг мэдээд авна биз?

-Ер нь жингийнхээ гол хүмүүстэй тоглохгүй байвал зүгээр байдаг юм. Хамгийн гол нь өөрийнхөө хувийн бэлтгэлийг л сайн хангах хэрэгтэй. Тэгээд шууд тоглочихвол илүү амар.

-Бэртэл гэмтэлтэй удаан байлаа. Үүнээс болж форм алдагдсан байх. Олимпод орж байсан үеийн төвшинд хүрэхэд хэр хугацаа шаардагдах бол?

-Би тасралтгүй 10 жил тэмцээн уралдаанд орж байж оргил формдоо орсон байдаг. Тэгж байнга бэлтгэл гэж явж байгаад гэнэт завсарлахаар хүний форм алдагддаг юм байна. Бэлтгэл дээр “бой” хийж, тэмцээнд ороход нэг л өөр. Ер нь тамирчин хүн уйгагүй хөдөлмөрлөж байж л амжилтад хүрэх юм байна гэдгийг сайн ойлгосон. Харин нэг тэмцээнд ороод, дараа нь бэртэл аваад завсардаад байвал хэцүү. Одоо ямар ч байсан олон жил тоглосон туршлагаараа л Лондонгийн олимпод орно. Тэр болтол бэлтгэлээ сайн хийж, маш их хөдөлмөрлөж, формдоо орохыг хичээнэ дээ.

-Эрхээ авлаа гэхэд олимпод бэлгэдлийн төдий оролцоод ирэхийг хүсэхгүй байх?

-Мэдээж хэн ч тэгж бодохгүй. Ямар ч байсан олимпийн хос медальтай болох хүсэл зорилготой.

-Бэртэлтэй байсан үед сэтгэл санаа хэцүү байсан байх?

-Эрдэнэтэд 21 хоногийн цугларалтад гараад 14 хоноод байж байхад бэртэл маань сэдрээд хөдөлж чадахаа больсон. Иймэрхүү явдал маш олон давтагдсан л даа. Энэ үед маш их сэтгэлээр унасан. Таарсан хүн болгон “Бэртэл гайгүй юу? Олимп дөхөж байна шүү” гэж хэлнэ. Зарим нь “Чи л медаль авах ёстой шүү. Чамд найдаж байна” гэдэг. Энэ болгон дарамттай санагдана. Сүүлдээ ингэж явж байхаар эрүүл мэндээ бодъё гэж хүртэл бодсон. Харин тэр үед намайг дэмждэг хүмүүс “Чиний бэртэл эдгэнэ ээ. Чамд маш гоё боломж байгаа” гэж урмын үг хайрлаж байсан. Ийм үгнээс эрч хүч авч, хүмүүсийн итгэлийг алдахгүй байхыг хүссэн. Одоо өөрийгөө гамнаж, аятайхан шиг явж байгаад олимпод орчих санаатай байна даа.

-Энэ бэртлийг хэзээ, яаж байгаад авсан юм бэ?

-2007 онд би “Химийн цом” тэмцээнд оролцож байхдаа чихэндээ цохиулаад баруун талын хэнгэрэг хагарсан юм. Хэд хоног юм сайн сонсогдохгүй шуугиад хэцүү байсан. Гэхдээ тухайн үед гадаадад явж байсан болохоор тоолгүй орхичихсон юм. Тэгээд яваандаа гайгүй болчихсон. Гэтэл хэнгэрэг дотор байдаг тэнцвэрийн эрхтэн нь үрэвсээд, тэр нь явсаар байгаад мэдрэлээ дагаад нуруу руугаа орчихсон юм билээ. Тэрийг нь манайхан мэдэхгүй шууд нуруу эмчлээд байдаг. Гэвч үр дүнд хүрдэггүй. Ер нь миний энэ гэмтэл нэлээн хүнддээ ордог юм байна. Тэгээд дээр нь оношоо зөв тогтоож чадалгүй явсаар байгаад улам хүндрүүлчихсэн юм. Харин одоо оношоо зөв тогтоосон болохоор хамаагүй дээр болсон. Надад өөрт ч мэдрэгдэж байгаа.

-Янз бүрийн эмчилгээ их хийлгэлээ. Үүнээс болоод нөгөө айхтар допинг нь гараад ирэх вий гэсэн болгоомжлол байна уу?

-Наад асуудал чинь их төвөгтэй байгаа юм. Уг нь санаагаар болдог бол хүчтэй эмээр бушуухан эмчилчихмээр байдаг. Харин тэр нь допингийн жагсаалтад байдаг болохоор болдоггүй. Энэ тал дээр манай эмч нар их зөвлөж байгаа. Би гол тэмцээндээ ороход допингийн шинжилгээ өгөх нь тодорхой. Тэгээд допинг гараад ирвэл хамаг амжилт байхгүй болно. Тиймээс аль болох допингод ордоггүй эм тариа хэрэглэх зэргээр зохицуулаад л явж байна.   

-Өнгөрсөн хугацаанд хувийн амьдралд чинь хэр өөрчлөлт гарав? Бүл нэмсэн үү?

-Олимпоос хойш бүл нэмж, охинтой болсон. Том охин таван настай, бага охин маань хоёр ой хүрэх гэж байна. Одоо эхнэр маань удахгүй дахиад амаржина. Тэгэхээр ам бүл нэмэгдэнэ дээ. 

-Хүнд хэцүү үед гэр бүлийнхэнтэйгээ байхад бүхнийг мартана биз?

-Тэгэлгүй яахав. Сэтгэлээр унаад явж байхад манай эхнэр их дэм өгнө. Ер нь тамирчин хүний амжилтын тавиас дээш хувь нь гэр бүлийн хүний үүрэг оролцоо байдаг гэж боддог. Манай хүн гэрийн ажил төрөл бүгдийг зохицуулаад, намайг аль болох амраагаад, эхнэр хүний бүх л үүргийг гүйцэтгэж яваа. Хүнд хэцүү үед урам хайрлан, дэмжиж байсан ханьдаа их баярладаг юм.

-Сая бэлтгэлээ дуусгаад гарч ирэхийг чинь харахад том цүнх дүүрэн юм үүрчихсан явж байсан. Цүнхэндээ юу авч явдаг юм бэ?

-Одоо заал жаахан хүйтэн байна. Тийм болохоор зузаан хувцастай бэлтгэл хийхгүй бол болохгүй. Манай нөгөө хэд арай нимгэн хувцас өмсөнө л дөө. Би болохоор хөлс цохиулаад нуруу татчих вий гээд зузаан хувцас давхарлаж өмсөөд бэлтгэл хийж байгаа юм.

-Боксын холбоо шинэчлэгдээд багагүй хугацаа өнгөрлөө. Шинэ удирдлагууд тамирчдадаа хэрэгтэй ажлуудыг хийж чадаж байна уу. Дунд нь байгаа хүний хувьд энэ тал дээр ямар бодолтой явна вэ?

-Найман сарын өмнө боксын холбоо бүрэн бүрэлдэхүүнээрээ өөрчлөгдсөн. Ер нь тамирчдаас бусад албан тушаалтнууд бүгд солигдсон. Манай өмнөх холбоо том юмны ард гарсныхаа дараа жаахан зогсонги маягтай болоод байсан. Харин “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзориг холбооны ерөнхийлөгч болоод тамирчдынхаа төлөө маш ихийг хийсэн. Ерөнхийлөгч болсныхоо дараа AIBA-гийн ерөнхийлөгчтэй очиж уулзаад, гадаад харилцааны зохион байгуулалтаа сайжрууллаа. Үүний хүчинд манай тамирчид ДАШТ-д шүүгчгүй хэрнээ маш сайн оролцсон. Бас сүүлийн үеийн хувцас хэрэглэлээр хангаж, цугларалтад гаргах зэргээр тамирчдаа маш сайн дэмжиж байгаа. Тамирчид маань ч сэтгэл хангалуун бэлтгэл хийж байгаа. “Эрдэнэт”-ийг удирдах тэр их ажлынхаа хажуугаар боксчид бид нарыгаа ингэж авч яваад бүгдээрээ баярлаж байна. Олимпод бид бүхэн энэ ачийг нь хариулж, сайн оролцоно гэж бодож байна.
 
-2012 он гараад хэдхэн хонож байна. Энэ жил шинэ оноо яаж угтсан бэ?

-Би он солигдох мөчид гэртээ байдаг. Халуун ам бүлээрээ сууж, ерөнхийлөгчийнхөө үгийг сонсоод, оргилуун дарсаа буудуулаад шинэ оноо угтдаг юм. Тэгээд он гарангуут манай том охины төрсөн өдөр болдог. Энэ үеэр хуурай ах, эгч нар, найз нөхөд маань бүгдээрээ манайд цуглаж, уулздаг. Энэ жил ч гэсэн иймэрхүү байдлаар шинэ оноо угтсан.

-Сайхан ярилцсанд баярлалаа. Олимпийн эрхийн тэмцээндээ амжилттай орол­цоорой, цаашлаад олимпийн хос медалиа зүүгээд ирээрэй гэж нийт уншигчдынхаа өмнөөс ерөөе.

-За баярлалаа. Танай сонины хамт олонд амжилт хүсье. Би олимпийн өмнө танай сонинд ярилцлага өгөхдөө өөрийн хүсэл мөрөөдөл, зорилгынхоо талаар ярьсан. Тэр маань дараа нь сайхан биелсэн. Үүнд би их бэлгэшээдэг юм. Тиймээс энд ярьсан бүхэн маань ч бас биелэх байх аа. Ямар ч байсан эрхээ аваад Лондонгийн олимпод сайхан оролцож, энгэр хоосонгүй ирэхийн төлөө зүтгэнэ ээ.

Г.БАЯРСАЙХАН.

Зохиогчийн эрх: "ТАВАН ЦАГАРИГ" сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж