Орхоны Засаг даргаар Б.Винтовыг томилох уу

Хуучирсан мэдээ: 2012.01.05-нд нийтлэгдсэн

Орхоны Засаг даргаар Б.Винтовыг томилох уу

Шинэ он гарахаас өмнө орон нутагт өрнөсөн нэгэн онцлох үйл явдал нь Орхон аймгийн Засаг даргыг огцруулах тухай байв. Тус аймгийн ИТХ-ын 12 төлөөлөгч дээрх саналыг гаргажээ. Ингээд хэд хоног хэлэлцсэний эцэст өнгөрсөн арванхоёрдугаар сарын 30-нд олонхийн саналаар Д.Оюунбатыг суудлаас нь буулгасан аж. Тэд Засаг даргынхаа оны турш хийсэн ажилтай  танилцаад “Хангалтгүй” гэсэн үнэлгээ өгсөн. Тухайлбал, Д.Оюунбат нь хэд, хэдэн тендер зарлаж, өөрөө дур мэдэн шалгаруулсан,  ИТХ-ын төлөөлөгчдийн  шийдвэрийг үл тоомсорлож таван тэрбум төгрөгөөр  Төв цэнгэлдэх хүрээлэн барих тендер зарласан, төсвийн мөнгө шамшигдуулсан зэрэг ноцтой зөрчил гаргаж байжээ. Түүнчлэн Орхон аймагт МАН-ын нэр хүнд тийм ч сайн бус байгаа нь түүнийг огцруулах нэг шалтгаан болжээ. Тэрбээр өөрөө ч “Орхон аймагт МАН-ын нэр хүнд навс унасан” гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа юм билээ. Тиймээс “Намын даргын ажлаа өгдөг ч юмуу” хэмээн бодож байгаагаа илэрхийлжээ.

 Ерөнхий сайд С.Батболд Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбатыг огцруулах  шийдвэрийг дэмжиж байгаагаа өнгөрсөн сарын 31-нд  илэрхийлсэн. Нэг ёсондоо түүнийг үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлж байсныг хүлээн зөвшөөрсөн хэрэг. Ийнхүү Орхон аймгийнхан УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө хоёр дахь Засаг даргынхаа нүүрийг үзэх нь. Харин тэрхүү Засаг дарга нь чухам хэн байх, хэзээ сонгох нь тодорхойгүй байна. Засаг дарга болох магадлалтай хүмүүсийн тоонд “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзориг, үйлдвэрийн Хөгжил эрхэлсэн захирал  Ц.Бат-Энх, Үйлдвэрлэл эрхэлсэн захирал З.Ганбаатар, Орхон аймгийн Гаалийн газрын дарга Б.Винтов нар орж байсан. Тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Д.Оюунбатыг огцруулах санал гаргах үеэрээ оронд нь Ц.Бат-Энхийг томилуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Орхон аймгийн  ИТХ-ын төлөөлөгчдөөс гадна аймгийн иргэд түүнийг “Аймгийн Засаг даргаар ажиллах бүрэн боломжтой” гэж үзэж байгаа аж. Гэсэн ч Ц.Бат-Энх өөрийн хүсэлтээр Засаг даргад нэрийг нь дэвшүүлэхээс татгалзсан байна. Тиймээс Орхон аймгийн МАН-ын хорооны тэргүүлэгчид уржигдар хуралдаад аймгийн Гаалийн газрын дарга Б.Винтовыг Засаг даргаар томилуулах хүсэлтэй байгаагаа МАН-ын удирдлагуудад албан ёсоор илэрхийлсэн байна. Энэхүү тогтоол нь өчигдөр МАН-ын намын удирдлагад иржээ. Тиймээс Орхон аймаг удахгүй шинэ Засаг даргатай болох бололтой. Намын хорооны тэргүүлэгчид “Эв нэгдлийг хангаж багаар ажиллах чадвар, Засаг даргаар ажиллах туршлагыг нь харгалзан түүний нэрийг дэвшүүлсэн” гэж мэдээлж байна. Үүнээс гадна “Засаг даргыг орон нутгаас сонгохгүй. Ерөнхий сайд “Сонгогдох магадлалтай” гэгдэж байгаа хүмүүсээс огт өөр хүн томилно” гэх яриа ч тус аймагт гарчээ. Гэхдээ “Засгийн газар болон МАН-ын удирдлагуудын түвшинд энэ асуудлыг хараахан хэлэлцээгүй байгаа” гэсэн мэдээлэл байна. Д.Оюунбатын оронд хэнийг томилох вэ гэдгээс гадна УИХ, орон нутгийн сонгууль ойртсон ийм үед түүнээр аймгийн МАН-ын хороог удирдуулах нь хэр зөв бэ гэдгийг ч энэ үеэр хэлэлцэх учиртай.

Орхон аймгийн Засаг даргыг огцорсноос хойш Засаг даргын орлогч П.Пүрэвлхагва үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Харин Засаг дарга асан Д.Оюунбатын хувьд “Огцруулах шалтгаанууд үндэслэлгүй” гэж үзээд Захиргааны хэргийн шүүхэд хандахаар төлөвлөжээ. Тэрбээр Орхон аймгийн шүүхэд энэ асуудлаараа хандсан ч шүүгчид тодорхой шалтгаанаар “Хэлэлцэх үндэслэлгүй” гэж үзээд буцаасан аж. Бас “Ерөнхий сайдыг Д.Оюунбат Улсын Дээд шүүхэд өгсөн бололтой” гэсэн яриа Орхон аймгийн иргэдийн дунд гарчээ. Ямартай ч Д.Оюунбат “Нэг жилийн хугацаанд хийсэн ажлаа ИТХ-ын төлөөлөгчдөд танилцуулсан. Өнгөрсөн жилийн ажлын үзүүлэлт 86 хувьтай байгаа. Энэ жилийнх 96 хувьтай биелээд явж байна. Тиймээс “Ажлын биелэлт муу” гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Хийсэн ажлын үзүүлэлтээр бусад аймгуудаас улсад хоёрдугаарт явж байгаа” хэмээн зүтгэж байна. Мөн Ерөнхий сайд хэн нэгний ятгалгад орж өөрийг нь огцруулсан гэх утгатай зүйлийг ч зарим хэвлэлд ярьжээ. Тэрбээр “Миний дараа Засаг даргаар томилогдох хүнд хийх ажил бараг байхгүй” хэмээн давилуун загнаж байсан удаатай. Нэг ёсондоо аймагт нь тулгамдсан асуудал олон байгааг төдийлөн анзаарахгүй байгаа нь энэ юм.

Т.Урангэрэл

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж