Ийм зар өгөөд хэд хонолоо. Угтаа бол эрх зүйч мэргэжилтэй, мэргэжлээрээ ажиллаад байж чадах өмгөөлөгчийн туслах шалгаруулж авах гээд байгаа хэрэг л дээ. Анх зар өгөхдөө манайд байгаа хууль зүйн сургуулиудын тоо болон жил бүр төгсгөж байгаа бүтээгдэхүүнийг нь тооцоолоод эх захгүй олон хүн ярих болов уу гэж бодтол харьцангуй цөөн хүн холбогдлоо. Манай төгсөлтийнхний нэлээд хэсэг нь мэргэжлээрээ ажиллаагүйг бодохоор энэ нь аргагүй ч юм шиг. Холбоо бариад ярилцлагад орж байгаа залуустай уулзсаныхаа дараа манай хууль зүйн сургалтад зайлшгүй анхаарах ёстой хэд хэдэн асуудал байна гэж дүгнэснээ та бүхэнтэй хуваалцъя.
Манай улс дунд зэргийн дүнтэй, тааруухан дипломтой эрх зүйч сүүлийн жилүүдэд л лав төгсгөөгүй бололтой юм. Багцаагаар зууны гучин хувь нь улаан дипломтой байна. Хуульч болохын өмнөх хүндхэн даваанууд болох эрүү, иргэн, үндсэн хуулийн эрх зүй, төгсөлтийн шалгалтуудын ихэнхи нь А, цөөн хэсэг нь “В” үнэлгээтэй байна.
Хэдэн жилийн өмнө нэгэн хуульзүйн сургуульд хэсэг хугацаанд хичээл заах тохиол гарсан юм. Үгээ зөөж, түүнийгээ нэг бүрчлэн бичүүлдэг багш нараас оюутан байхдаа залхчихсныг хэлэх үү, амьхандаа л харилцан яриа хэлбэрээр хичээлээ явуулахыг хичээсэн боловч асуулт асуухаар хэн ч хариулахгүй, арай идэвхитэй нэгнийгээ бусад нь хялайх маягтай болохоор нь тэгсхийгээд санаанаасаа ухарсан. Улирлын шалгалт өгөх үед бүгдийг нь унагана даа гэж занасан ч сургуулийн бодлоготой нийцэхгүй, төгсөх гэж байгаа хүүхдүүд гэж хаацайлаад сургалтын алба нь бараг өөрсдөө дүнгээ тавьчихсан. Одоо эргээд бодоход тэр л системээр бэлтгэсэн “таван онцын эзэд” маань энэ хэд юмуу даа. Онц сурлагатангууд маань практик мэдлэг муутай байна. Танилцах болон үйлдвэрлэлийн дадлага хийсэн нэртэй ч тэгсхийгээд аргалчихсан. Эсхүл оюутан олширсон өнөө цагт их сайндаа л хуушууранд гүйж, хэдэн хуудас цаас шивдэг бололтой юм.
Социализмын үед төгсөгчдөөс хамгийн сайн сурлагатай нь прокурор болж дараагийнхыг нь шүүх аваад, үлдсэн нь өмгөөлөгч болдог байсан гэдэг. Гэтэл өнөөдөр эсрэгээрээ. Тэртээ тэргүй чи сайн хуульч, өмгөөлөгч бол сайхан амьдарч болоод байхад заавал ч үгүй танил тал, хэлхээ холбоо харж шүүгч, прокурор болох гэж зүтгэх ямар ч хэрэг байхгүй. Шүүгч хүн бүтэн сар завгүй ажиллаад сая хүрэхгүй төгрөгийн цалин авч байхад зарим хуулийн фирмийн уул уурхайтай холбоотой ганц гэрээ боловсруулах доод жишиг таван сая байна. Адилхан л хүний хүчин зүйлээр бүтэж байгаа өртөг. Ялгаа нь гэвэл тийм гэрээ боловсруулж чадах хуульчийн тоо шүүгчийн тооноос хамаагүй цөөн.
Гэтэл манай залуучуудын хүсэл хуульчаар дадлагажих ёстой хоёр жилээ өнгөрөөчихөөд яаж ийгээд төрийн албанд орох бололтой юм. Баабарын хэлдгээр шударгаар амьдрах боломж байсаар атал хулгай хийхээр зүтгэх ямар хэрэг байна. Цаашдаа хуулийн зах зээл дээр тогтвортой ажиллах, бизнесээ өргөжүүлэх хүсэлтэй байгууллагын хувьд ч чин эрмэлзлэлгүй тийм хүмүүстэй бүтэн хоёр жил зууралдах шаардлага байхгүй шүү дээ. Залуу эрх зүйчдийн маань хамгийн анхны асуулт бол “цалин хэдийг өгөх вэ”. Ажил сонирхож буй хүн цалин асуух нь зүйн хэрэг боловч ажилд авахаар сорьж буй хүний хувьд “цаашдаа өсөж хөгжих ямар боломж байна вэ” гэсэн асуултад хариулж, “чи юу хийж чадах вэ” гэж асуух хүсэлтэй. Харамсалтай нь хэн ч ийм асуулт тавьсангүй.
Хууль зүйн үйлчилгээ өндөр хөгжсөн орнуудад, ер нь сонгодог хуулийн бизнест нэг зарчим бий. Залуу эрх зүйч ажлын гараагаа туслахаас эхлээд, дээшээ өгсдөг. Улам бүр шат ахисаар жинхэнэ “хуульч” болсныхоо дараа тухайн фирмдээ хамтрагч /partner/-ын статустай болно. Өөрөөр хэлбэл цалингаасаа гадна ашиг орлогоос хувь хүртэх, томоохон хэргүүд дээр бие даан ажиллах эрхтэй болно гэсэн үг. Нэгэн америк хуульчтай ярилцах үедээ “танай хамтрагчдын жилийн дундаж ашиг хэд вэ” гэж асуухад “манайхны хамтрагчдаас хамгийн бага ашиг авдаг нь шанхайн салбарынхан, жилд дунджаар сая гаруй ам.доллар” авдаг гэж хариулж билээ. Тэднээс хамаагүй доод зиндааныхан манай зах зээл дээр хуулийн фирм байгуулчихсан, уул уурхайн салбараас мөнгө саагаад сууж байхад бид үгүйдээ л тэдэнтэй өрсөлдөхүйц залуу үеэ төрүүлэх, бэлтгэх хэрэгтэй байдаг. Даанч улаан дипломоороо илүү мөнгө олж болдоггүй бизнесийн хуулийг ойлгохгүй байгаа энэ залуусаа яалтай билээ.
Гадаадад мэргэжил эзэмшсэн залуус мэр сэр байна. Харамсалтай нь тэд үндэсний эрх зүйгээ мэдэхгүйн дээр өдөр тутмын хүнд хэцүү сорилтуудтай тулж, “монголын хуульч” болох гэж зүтгэж байснаас гадны нэг төсөл, уул уурхайн компанийн хаяа бараадаж орчуулга төдийхнийг хийх нь цалин мөнгө, биеийн амарын хувьд хамаагүй хялбар тул тэр зүгрүүгээ л сонирхох аж. Энэ залуус өөр мэргэжил эзэмшээд, түүнийхээ ид бахыг гайхуулаад явж байвал улс эх орон гэж том ярьдаггүй юм аа гэхэд өөрсдөд нь хичнээн хэрэгтэй байсан бол гэж харамсах сэтгэл төрнө. Монтеське уншсан уу гэхэд толгойгоо сэгсэрч, эрүүгийн эрх зүй талдаа сонирхолтой гэж томрох энэ олон эрх зүйчдээ эцэст нь ер нь яана даа. Уг нь тэр Монтеське гэдэг франц нөхөр чинь тэртээх 17-р зуунд “Хуулийн амин сүнс” хэмээх бүтээлээ туурвиж энэ нь АНУ-ын Үндсэн хуульд хүртэл асар их нөлөөлсөн юм шүү. Бас болоогүй ээ “Ардчиллын зарчим зөвхөн эрх тэгшийн үзэл санаа алдагдсанаас бус, хэтийдсэнээс ч бас завхардаг” гээд хэлчихсэн гэж байгаа.