Н.Алтанхуяг айсандаа мэдэгдэл хийв үү?

Хуучирсан мэдээ: 2012.01.05-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуяг айсандаа мэдэгдэл хийв үү?

Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг өнөөдөр мэдэгдэл хийж, хамтарсан Засгийн газраас гарахаа зарлаад энэ шийдвэрээ удахгүй болох Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаараа баталгаажуулна гэлээ.

Тус намын дарга Н.Алтанхуяг энэ мэдэгдлийг хийхийн өмнөх өдөр нь Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр танхимын хоёр сайд хоорондоо ширүүхэн маргалдаж, хүний өөрийндөө хүрчээ. Тодруулбал, АН-ын сайд нарын нэг Х.Баттулга, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нарын хооронд авто зам, төмөр замын асуудлаар хурц маргаан үүсч, улмаар зөрчил нь улс төрийн шинжтэй хэрүүл болж хувирсан байна. Энэ маргаан цаагуураа Ардчилсан нам, тэр дундаа намын дарга Н.Алтанхуягийн байр суурийн асуудлыг хөндсөн нь нэг бус хүний айдсыг далласан гэх. Хамтарсан Засгийн газарт Ардчилсан намын байр ямар байр суурьтай, хэн болж хувирчихаад байгааг илтгэх хэмжээнд хүрсэн маргаанаас лав Н.Алтанхуяг айсан бололтой.

Удахгүй болох ҮЗХ-ны хурлаар АН цаашид хамтарсан Засгийн газарт байх эсэх, Н.Алтанхуягийг намын даргын албан тушаалд нь үлдээх эсэхийг хэлэлцэнэ гэсэн битүү түгшүүр Тэргүүн шадар сайдыг түгшээж буй нь гарцаагүй. Ийм үед нөхцөл байдал хурдцах, тэр тусмаа Ардчилсан холбоо фракцийн тэргүүн Х.Баттулгыг уурлуулах нь түүнд бүр ч аюултай. Тийм учраас олсны үзүүрт гал авалцуулахаас эмээхдээ намаа хамтарсан Засгийн газраас гаргах мэдэгдлийг цаг алдалгүй хийхэд хүрсэн гэж зарим ажиглагчид үзэж байна. Мөн эмээсэндээ ч биш намын даргын хувьд цаг үеэ олсон зайлшгүй алхмыг хийлээ гэж үзэх талууд ч байгаа юм.

З.ГИЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж