Цагдаагийн удирдлагуудад холбогдох долоодугаар сарын 1-ий хэргийг нийслэлийн Прокурорын газраас Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн. Тус дүүргийн шүүх хавтаст хэргийг хүлээж аваад ерөнхий шүүгчээр Ч.Хосбаярыг томилжээ. Уг хэрэгт ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан, хурандаа Д.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан С.Ганбаатар, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан Ш.Батсүх нарыг эрх мэдэл, албан тушаалынхаа байдлыг урвуулан, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм. Уг хэргийг өнгөрөгч оны арваннэгдүгээр сараас хойш Улсын ерөнхий прокурорын даалгавраар сэргээн шалгаж эхэлсэн. Эрүүгийн хуулийн 91.1 буюу хүний амь насыг санаатай бүрэлгэсэн гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэгт Эргүүл хамгааллын газрын чиглэлийн ахлах байцаагчаар ажиллаж байсан дэслэгч Ч.Ганболд нарын дөрвөн хүнийг татсан юм. Тэднийг нийгмийн хэв журам зөрчин, олон нийтийг илт хүндэтгэхгүйгээр, үл ялих шалтгаанаар урьд өмнө танихгүй, хувийн өш хонзонгүй хүнд болон бусад хүнд өөрийн хүч чадалтай, давуу гэдгээ харуулах гэж хүнийг санаатайгаар алсан гэсэн зүйлчлэлээр хэрэг үүсгэн шалгаж байгаад хяналтын шатанд ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Зоригт нарын хавтаст хэргээс салгаж түдгэлзүүлсэн байна. Ингээд хүний амь нас санаатай бүрэлгэсэн гэсэн үндэслэлээр яллагдагчаар татагдсан дөрвөн цагдаагийн ажилтны хэргийг түдгэлзүүлсэн юм байна.
Р.Сарангоо
"Улс төрийн тойм" сонин