ХАА-н салбар хурдацтай хөгжиж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.01.05-нд нийтлэгдсэн

ХАА-н салбар хурдацтай хөгжиж эхэллээ

Монгол Улс ОХУ, БНХАУ, Казахстан, Япон, Украйн, Арабын Нэгдсэн Эмират, Вьетнам зэрэг улсад мах экспортолдог. Экспортолж буй махны 90 гаруй хувийг ОХУ руу гаргадаг. Энэ тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа. Энэ жилийн хувьд  манай улсын нийт хүн амын махны хэрэгцээ “183.8 мянган тонн байх болов уу” хэмээн мэргэжилтнүүд тооцоолсон. Өнгөрсөн оны хувьд 180.6 мянган тонн байсан. Харин сүүлийн үед БНХАУ, ОХУ руу их хэмжээгээр мах экспортлох болсон талаар мэдээлэл гарсныг тус яам үгүйсгэж байна.

Энэ талаар Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны нөөцийн махны асуудал хариуцаж буй мэргэжилтэн М.Нармандах ийнхүү ярьж байна.


    
-Нөөцийн махны хэрэглээ хэвийн байгаатай холбогдуулж, экспортын махны хэмжээ ихсэж байгаа гэсэн. Энэ ямар учир шалтгаантай юм бэ?

-Ерөнхийдөө өнгөрсөн оны экспортын махны хэмжээ хоёр дахин буурсан. Өнгөрсөн оны аравдугаар сарын байдлаар нийт 6.1 мянган тонн мах экспортолсон нь өмнөх онтой харьцуулбал хоёр дахин бага хэмжээтэй байгаа юм. Жишээ нь ОХУ-д 2010 онд 5000 гаруй тонн мах экспортолсон бол өнгөрсөн он  2990 гаруй тонн мах экспортолжээ. Экспортын махны буурсан нь дотоодын махны хэрэгцээ ихсэж байгаатай шууд холбоотой гэж үзэж байгаа.

-Энэ жилийн нөөцийн махны бэлтгэл хэр байгаа вэ?

-Энэ жилийн хувьд дотоодын хэрэгцээ өсөж байгаатай холбогдуулан нөөцийн маханд онцгой анхаарал хандуулах болсон. Ямар ч байсан энэ жилийн нөөцийн махны урамшуулалд зориулж нийт найман тэрбум төгрөг төсөвлөсөн. Жишээ нь, нийслэлд борлуулах 12 мянган тонн маханд зургаан тэрбум төгрөг, Эрдэнэт хотод борлуулах нэг мянган тонн маханд 438 сая төгрөг, Дархан хотод борлуулах мөн нэг мянган тонн маханд 450 сая төгрөг тус тус төсөвт суулгасан. Бэлтгэл ажлын хувьд хангалттай сайн байгаа. Хадгалалтын хувьд ч хавраас нөөцийн мах худалдаалж эхлэх хүртэл сайн чанарын мах иргэдэд хүргэнэ гэсэн зорилттой ажиллаж байгаа хэмээн ярьсан юм. Мөн тэрбээр “Хөдөө аж ахуйн салбар хурдацтай хөгжиж эхэллээ” хэмээн онцолсон юм.

Мөн сүүлийн үед үр тариагаа улсад борлуулж чадаагүй тариаланчдаас гомдол санал ихээр ирсээр байгаа. Учир нь газар тариалангийн салбарт энэ жил томоохон амжилт гарч, урьд өмнө нь хурааж байгаагүй их хэмжээний тариа, будаа хураасан. Их хэмжээний үр тарианы гуравны нэг шахуу нь тариаланчдын гар дээр байгаа гэхэд хилсдэхгүй. Тэгвэл хадгалалтын тал дээр асуудал үүссэн учир Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ямар нэг зохицуулалт хийхийг хүссэн санал ирүүлсэн аж. Өнгөрсөн оны хувьд Ховд аймгийн хэмжээнд 800  га талбайд үр тариа,  900 га талбайд төмс, 675 га талбайд хүнсний ногоо, 380 га талбайд малын тэжээлийн ургамал нийт 3000 га талбайд тариалалт хийх  зорилт тавин хэрэгжилтийг зохион байгуулан амжилттай ажилсан. Боломж гарвал энэ жил дээрх зай талбайгаас хоёр дахин том талбайд хүнсний ногоо тарьж, дотоодын хэрэгцээг 100 хувь хангах бүрэн боломжтой талаар албаны эх сурвалж өгүүлж байв. 

Мөн тариаланчдыг татварын бодлогоор дэмжих зорилготойгоор гаалийн албан татвараас чөлөөлөх тухай 2008 оны тавдугаар сарын 29-ний өдрийн хуулиар “Импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, гурилын үйлдвэрийн болон усалгааны тоног төхөөрөмж, бордоо ургамал хамгааллын бодисыг өнгөрсөн он дуустал НӨАТ-аас чөлөөлөх”-өөр заасан. Харин энэ жилийн хувьд тариаланчдад ямар шинэлэг урамшуулал олгох, цаашид баримтлах бодлого чиглэлийн талаар хараахан заавар журам гараагүй талаар ХХААХҮЯ-ны Тарилан эрхлэлтийг  дэмжих сангийнхан уламжилж байлаа. Өнгөрсөн оны онцлох урамшуулалтаас дурьдвал есдүгээр сард импортоор оруулсан гэх 7.2 мянган тонн эрдэс бордоо, 2.5 мянган тонн ургамал хамгааллын бодис, 2.4 мянган ширхэг өндөр хүчин чадлын болон бага оврын трактор, мөн газар тариалангийн, усалгааны болон гурилын үйлдвэрийн техник, тоног төхөөрөмжид нийт 30 орчим тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлсэн байна. Үүний үр дүнд газар тариалангийн үйлдвэрлэлийн зүтгэх хүчний тракторын 80 гаруй хувь, ургац хураах техникийн 65 гаруй хувийг шинэчилсэн аж. Тиймээс ирэх хавраас газар тариалангийн салбарт ажиллагсад урд урдны жилүүдээс илүү хурдтай, хөнгөн нөхцөлд ажиллах бүрэн бололцоотой болж байгаа билээ.

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж