Хоригоос болж Ираны асуудал хурцадлаа

Хуучирсан мэдээ: 2012.01.05-нд нийтлэгдсэн

Хоригоос болж Ираны асуудал хурцадлаа

АНУ Ираны эсрэг хориг арга хэмжээ авснаас хойш хоёр орны харилцаа хурцадмал болж эхэллээ. Ираны тал цөмийн түлш нөөцөлж, дундын тусгалын пуужингийн туршилт хийх зэргээр америкчуудыг илт өдөөн хатгаж байна. Түүнчлэн АНУ-ыг Персийн булан дахь цэргийн ажиллагаагаа нэн даруй зогсоохыг шаардсан билээ. Гэвч америкчууд байр сууриа өөрчлөх төлөвгүй байна. Ямартай үүсээд буй нөхцөл байдлын талаар “Fox News”-ын шинжээч Чарлез Краутэммерийн ярилцлагыг хүргэе.


-Иран улс илдээ өргөөд дай­рахад бэлэн болчихлоо. Яагаад нөхцөл байдал гэнэтхэн ийм  хур­цадмал болчихсон юм бэ?

-Магадгүй Ираны эрх баригчид АНУ-аас өөр улс байдаг гэдгийг сануулах гэсэн хэрэг байх. Өнгөрсөн оны эцсээр АНУ-ын Төлөөлөгчийн танхим, Сенат Ираны эсрэг хориг арга хэмжээ авахыг дэмжиж, Б.Обама гарын үсэг зуран баталсан. Энэ нь тус улсын эрх баригчдыг сандаргаж байна. Тийм учраас тэд цөмийн зэвсэглэлээс хөөцөлдөх санаархлаасаа татгалзахгүй байхын зэрэгцээ эдийн засгийн хориг арга  хэмжээг зогсоохын тулд ийн ширүүн хөдлөх боллоо. Б.Обама хориг арга хэмжээг дэмжин баталсны дараа Ираны төлөөлөгчид “Бид гал нээх гэхээс илүү бие даасан тусгаар улс гэдгээ нотлохыг хүсч байна” хэмээн мэдэгдэж байсан.

-Тэгэхээр хориг арга хэм­жээ­нээс болж Ираны эрх баригчид ийнхүү хурц мэдэгдлүүд хийх болсон байна, тийм үү?

-Ираны эсрэг авсан хориг арга хэмжээ тус улсын төв банк руу юун түрүүнд чиглэсэн. Үүнээс болж Ираны зүгээс АНУ-тай ямар нэгэн худалдаа хийх боломжгүй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, АНУ-д газрын тосоо худалдахгүй гэсэн үг. Европчууд бас Ираны баялгийг худалдаж авах боломжгүй болно. Үүнээс болж АНУ, Иран аль, алиных нь эдийн засаг хүнд байдалд орж магадгүй. Гэхдээ ингэлээ гээд Ираны эрх баригчид цөмийн хөтөлбөрөөс татгалзахгүй. Энэ нь тэднийг хүнд байдалд оруулна. Үүнийгээ өөрсдөө ч мэдэж байгаа.

-Б.Обамагийн засаг захиргаа Ираны эсрэг ажиллагаанд хэ­тэрхий их анхаарч байх шиг. Гэтэл энэ нь эргээд олон улсын зах зээлд сөргөөр нөлөөлж мэдэх юм. Та үүнийг юу гэж дүгнэх вэ?

-Гэхдээ энэ онд АНУ-ын Ерөн­хийлөгчийн сонгууль болох гэж байгаа. Тиймээс Ираны эсрэг авч буй хориг арга хэмжээ төдий л удаан үргэлжлэхгүй байж мэднэ. Харин ганц л асуудал байна. Иран улс газ­рын тосны нөөцөөрөө дэлхийд тэр­гүүлдэг орон. Тиймээс газрын тосны экспортоо хязгаарласан нь олон улсын түүхий эдийн зах зээл дээр томоохон савлагаа үүсгэж магадгүй. Үүнийг нотлох амархан. Цөмийн түлш гарган авч, пуужингийн туршилт хийсэн тухай мэдээлэл цацагдангуут олон улсын биржүүд дээр газрын тосны үнэ чангарлаа.

-Иранчуудын хувьд энэ нь найдаж болох гол зүйл нь бол­чихоод байх шиг байна. Тэд иймэр­хүү байдлаар Б.Обамад хан­даж сүрдүүлэг хүртэл гаргасан шүү дээ?

-Тийм. Ираны эрх баригчид АНУ-ын Сенат, Төлөөлөгчийн тан­хим руу биш харин ганцхан Б.Обамад хандаж, түүний бодлогыг өөрчлөхийг оролдож байна. Гэтэл АНУ болон НАТО-оос цэргийн хүчээ зузаатгаж, Персийн булан дахь ажиллагаагаа өргөтгөж эхэлсэн. Харин Ираны засаг захиргаа үүнд дургүйцэж, нөхцөл байдлыг гартаа авахыг хичээж байна.

-Ираны дотоодод нөхцөл бай­дал ямархуу байгаа бол?

-Иранд ирэх гуравдугаар сард парламентын сонгууль болно. Ма­­гадгүй үүнээс үүдээд эрх ба­ригч­дынх нь бодлого өөрчлөгдөж мэ­дэх юм. Иранд 2009 онд болсон Ерөн­хийлөгчийн сонгуулийн да­­раа ард иргэдийг нь бүхэлд нь ха­мар­сан эсэргүүцлийн жагсаал болж байсан. Харин түүнээс хойш анх удаа томоохон хэмжээний сон­гууль болох гэж байгаа нь энэ. Уржиг­дар Ираны шүүхээс тус улсын Ерөнхийлөгч асан Али Акба­рын охинд “Исламын шашинт тог­толцооны эсрэг суртал ухуулга хийсэн” гэх хэргээр зургаан сар хо­ригдох ял ноогдуулсан. Түүнчлэн түүнийг улс төрийн шинжтэй аливаа ажиллагаанд оролцохыг хориглосон. Энэ нь Ираны эрх баригчид удахгүй болох сонгуулийг нэлээд анхаарч байгаагийн шинж юм. Тэгэхээр АНУ болон барууны орнууд Ираны дотоод улс төрд нөлөөлөхийг оролдож магадгүй.

-Бүс нутгийнхаа хүчтэй тог­логч болсон учраас Ираны эрх баригчид ийнхүү шийдэмгий хө­дөлж байна уу?

-Ойрхи Дорнод дахь Ираны хүч нөлөө нэмэгдэж байгаа. Харин гол өрсөлдөгч болох Саудын Арабын байр суурь ганхаж эхэлсэн. Энэ нь Иранд давуу тал болж байна. Өнгөрсөн оны хоёрдугаар сард Иран улс 1979 оноос хойш анх удаа байлдааны хоёр хөлөг онгоцоо Суэцийн суваг руу илгээсэн. Египетийн эрх баригчид тэдэнд зөвшөөрөл өгсөн учраас тэр. Түүнээс гадна Ойрхи Дорнодын орнуудыг бүхэлд нь шахуу хамарсан хувьсгал, үймээн самуун Ираныг тойрч гарсан шүү дээ. Тэгэхээр Арабын ертөнц дэх хамгийн хүчтэй тоглогчийн нэг бол яах аргагүй Иран болчихоод байна. Энэ нь АНУ-ыг түгшээж байгаа юм.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж