МУГЖ, дуучин С.Жавхлан өөрийн нэрэмжит шагналтай болсон гэнэ. Энэхүү шагналаа жил бүрийн шинэ жилээр тухайн оны онцлох дуучинд өгөхөөр тогтсон байна. Бас шагналаа дагалдуулж нэг сая төгрөгийг бэлэг болгоно гэж байгаа. Тэгэхээр энэ шинэ жилээс авахуулаад нийтийн дуучид С.Жавхлангийн нэрэмжит шагналтан гэж цоллуулах нь дээ, янз нь. Угтаа бол С.Жавхлангийн зөв л дөө. Нийтийн дууны хан хүүд энэ зэргийн эрх мэдэл байж л таарна шүү дээ. Даян аварга А.Сүхбат л гэхэд хэдэн жилийн өмнөөс цагаан сарын барилдаанд сайн барилдсан залуу бөхчүүдэд “Ирээдүйн аварга” гэх шагнал гардуулдаг болсон. УИХ-ын гишүүн Л.Гүндалай мөн л цагаан сарын барилдаанд гайгүй барилдсан бөхөд “Улсын цолонд ойрхон бөх” гэх шагнал гардуулдаг уламжлал тогтоогоод багагүй хугацааг үдэж байна. Тэгэхээр С.Жавхлан өөрийн нэрэмжит шагналаа их л оройтож гаргалаа даа. Нэгэнт урьд нь иймэрхүү уламжлал тогтчихсон байхад хожимдож сэтгэж байгаа нь түүний буруу гэлтэй. Харин одоо хэн хэн ямар шагнал санаачилбал зүгээр вэ. УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу өөрийн нэрэмжит шагналтай болмоор байна. “Шилдэг наймаачин” гэдэг ч юм уу шагнал байвал их зүгээр. “Нарантуул” худалдааны төв дээр бараа зардаг наймаачдыг уг шагналаар шагнах хэрэгтэй. Мөн Төрийн соёрхолт, дуучин Д.Болд байна. Тэр бас “Цахиур хагалах Монгол поп дуучин” гэдэг шагналтай болбол зүгээр юм. Тэгээд “Мистер догс” хамтлагийнханд энэ шагналаа гардуулбал ямар вэ. УИХ-ын гишүүн Батж.Батбаяр “Тойргоо олон солих гишүүн” гэсэн шагналаар УИХ-ын гишүүдийг шагнадаг болбол зүгээр байна. Учир нь гишүүн өөрөө сонгуулийн тойргийг хамгийн олон сольсон хүн шүү дээ. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр л гэхэд нэлээд хэдэн шагнал бий болгох хэрэгтэй. Жишээ нь, “Ирээдүйн гомдоллогч”, “Өс санагч” гээд өөрийн гэсэн шагналтай болчиход гайхах зүйлгүй. Тэгээд баруун, солгойгүй хүмүүсийг шагна. Ер нь хүн бүр өөрийн гэсэн шагналтай байх хэрэгтэй ч юм уу. Хүн бүр дахин давтагдашгүй. Тэгэхээр МУГЖ, дуучин С.Жавхлангийн зөв шүү. Цаашид С.Жавхланг их олон хүн дуурайж болохоор байгаа биз. Бүгдэд нь амжилт хүсье.
Б.Энхмөнх
"Улс төрийн тойм" сонин