Бүгдээрээ цэнгэн хөгжилдье

Хуучирсан мэдээ: 2012.01.05-нд нийтлэгдсэн

Бүгдээрээ цэнгэн хөгжилдье

Шинэ оны босгон дээр салют буудаж тэр нь тэнгэрт өнгө өнгийн солонго татуулаад гайхалтай харагдаж байв. Муухай  байгаагүй, сайхан л байсан. Ард иргэд маань Сүхбаатарын талбайд зассан гацуур модоо тойрч бүжиглээд л тун дажгүй баяраа тэмдэглэж харагдлаа. Гэвч маргааш нь “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр үзээд сууж байтал “Засгийн газраас салют буудахад зориулж 20 сая төгрөг, гацуур мод засахад 80 сая төгрөг гаргажээ” гэсэн мэдээ үзээд харамсав. Бодоод үз дээ, 20 сая төгрөгөөр тэнгэр рүү бууджээ. Бас 80 саяар гацуур зассан байна. Энэ мөнгө бол ядуу байтугай дундаж орлоготой иргэдийн хувьд их мөнгө. Үнэндээ 20 саяар салют буудуулж байхад 21 мянган төгрөгөөр сар амьдардаг өрх хэдэн мянгаар тоологдоно.

Шинэ жилийн баярыг Хү­ний  хөгжил сангийн 21 мян­гаар тэмдэглэх гэж хичээсэн олон зуун айл өрх байгаа гэдгийг Засгийн газрын зарим түшээд мэдэх болов уу. Өдөрт хоёр мянган төгрөгөөр амь зогоодог өрх хүртэл бий. Гэвч Засгийн газар ард түмнийхээ амьдралыг таамаглах л болохоос гүнд нь орж үзээгүй. Үзэх ч үгүй. Учир нь тэд мөнгөний үнэ цэнэ гэдэг ойлголтоос тасраад удаж байна. Жишээ нь, 2009 онд А хүрээний H1N1 томуу өвчин газар авсан. Тухайн үед Засгийн газрын тогтоолоор гудамжаар явж буй хүн бүрт үнэгүй аарц, чацаргана уулгах аян өрнөж билээ. Зардал нь 960 сая төгрөг болсон юм.

Шинэ оны босгон дээр Ерөнхий сайдын хэлсэн үг ёстой гайхширмаар сонсогдож байсан. “Манай улсын нийгэм, эдийн засгийн амьдралд томоохон ахиц дэвшил гарлаа. Монгол Улсын эдийн засаг 20 хувиар өсөж, зээлжих эрх нэмэгдэж, бид бага орлоготой орноос бага, дунд орлоготой орны түвшинд орсон амжилт гарлаа…” хэмээн ард иргэддээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэв. Тэнэг хүн л биш бол улс энэ зэргийн ашиг орлого уул уурхайн салбараас ойрын ирээдүйд улсын санд орж ирэх талаар бүгд л мэднэ. Өөрөөр хэлбэл, болдог юм болж л байна. Манай улсын экспортын түүхий эдийн үнэ дэлхийд өндөр үнэ хүрч байхад өөр яах гэж.

“…Бага орлоготой орноос бага, дунд орлоготой орны түвшинд орсон амжилт гарлаа”. Цаасан дээр тоо өсөөд байгаа болохоос ард түмний амьдрал дордоод байгаа шүү дээ. Өргөн хэрэглээний барааны үнэ өссөөр, цалин хөлс яг л хэвээрээ. Харин хэсэг бүлэг хүмүүсийн орлого сараар бус, өдрөөр хэд дахин өссөөр байна шүү дээ. Тэд жаргасаар, цэнгэсээр, баярласаар бас мөнгийг цацсаар. Яг л бөөнөөрөө нийлээд цэнгэн хөгжилдсөөр л байгаа хэсэг балмад нөхөд шиг. Ард түмний итгэл хүлээлгэн байж сонгосон нөгөө буянтай, баян “баагий” нар нь мөнгийг юман чинээ боддоггүй үрэн таран хийсээр л. Сая саяар нь хэрэггүй зүйлд цацсан мөнгөө дахин хянаж, дүгнэх ч шаардлагагүй биз. Ихэнхи түшээдийн амьдрал сүүлийн арав, хорин жил баян тансгийн дээд, хаадын хаад шиг л байсан. Энэ хэвээрээ ч хэдэн үеэ өөрөөсөө илүү тансаг амьдралаар бялхуулах хөрөнгийг хураасаар байна. Тэд хамгийн өнгөтэй өөдтэй бүхнийг эдэлж, хэрэглэдэг нь нууц биш. Сүүлдээ эд мөнгө, нэр алдраараа бие биетэйгээ нууцхан өрсөлддөг болсон нь олны өмнө илт болсон. Буянтай айлын азтай аавын хүүхдүүд өөрсдийн эд хөрөнгө үрэн таран хийдэг л юм байгаа биз. Гэхдээ тэднийг улам баян болгож байгаа ард түмэн бүгдээрээ нийлээд сайхан амьдрах боломж байхгүй юу. Бид энэ мэтээр шударга бус нийгмийн өмнө сөхөрсөөр байх юм бол удахгүй Энэтхэг улс шиг болно гэдэгт эргэлзэхгүй байна. Хэт баян, хэт ядуу нийгмийн эрх тэгш бус байдал аажмаар үүсч ямар аймшигтай нийгэм бий болохыг тааварлашгүй. 

Уг нь Засгийн газар, эрхэм түшээд ард түмэнтэйгээ сайхан баярлах гээд 80 саяар гацуур мод засч өгөө л биз. Гэхдээ энэ 80 сая төгрөгийн төлөө нэгхэн иргэн бүхэл бүтэн амьдралынхаа талыг шахам зориулж байгаа нь юутай харамсалтай. Энэ тэгээд шударга явдал юм уу. Ард түмэн мэддэггүй л болохоос биш дэлхийн бусад оронд манай дарга нарын цацаад байгаа 80 сая төгрөг бол зүгээр л казинод ороод алддаг багахан хэмжээний мөнгө. Яг тийм ээ, сайд дарга нар аа. Дэлхийн эдийн засгийн түүхэнд улс орны нийт ашиг 20 хувиар “суга” өссөн түүхтэй орон манайхаас өөр хаа ч байдаггүй нь үнэн. Харин ард түмний ихэнхи хувь нь хагас ядуурлын байдалтай, “хоёр идэхгүй, хоосон хонохгүй” өдөр хоногийг аргацаан өнгөрөөсөөр байна. Ургахын улаан нарнаар үдшийн орой бүрий болтол ясаа цайтал мөнгөний төлөө зүтгэсээр байгаа ард иргэд улам л олширсоор байна. Хүн бүхэн л та нар шиг баян тансаг сайхан амьдармаар байна шүү дээ. Засгийн газрын гэх тодотголтой Лу.Болд, Н.Алтанхуяг, Т.Бадамжунай, Т.Ганди, “Женко” Х.Баттулга, Ё.Отгонбаяр, Г.Хүрэлбаатар зэрэг бүгд л баян тансаг амьдралын эзэд. Эдгээр хүмүүс дөнгөж наад захын жишээ. Гэхдээ уучлаарай, ард түмнээс хураасан татварын мөнгийг 960 саяар, 80 саяар, бүр 20 саяар нь цацаад баймааргүй л байна. Энэ бүхэн ард түмэнд таалагдахгүй л байна шүү. 

Гадны ажиглагчдын нүдээр эгэл жирийн монголчуудын амьдрал эрх тэгш, шударга бус байгаа нь илт. Үүний нэг жишээ С.Батболд даргыг Ерөнхий сайд болох үед АНУ-ын “Нью-Йорк Таймс” сэтгүүлд “Монголын хамгийн баян хүн Ерөнхий сайд боллоо” гэх утга агуулсан нийтлэл олны анхаарлыг татаж байсан удаа бий. Товчхондоо танхимд байгаа хүмүүс бүгд баян. Бүгд л юм үзэж нүд тайлсан эрхэмүүд. Тэд хүүхдүүдээ гадаад дотоодын сайн чанартай сургуулиудад өндөр үнээр сургаж, өвлийн цагт халуун дулаан оронд амраадаг уламжлал нэгэнт тогтож. Бүгдээрээ энд, тэнд өөрсдийн хаус, гялгар гялтгар шинэ төмөр хүлэгтэй. Харин ард түмний хувьд бүх зүйл эсрэгээрээ. Хүүхдүүд нь улсын төсвөөс санхүүждэг ерөнхий боловсролын сургуульд үнэ төлбөргүй суралцдаг. Мэдээж энэ нь яаж гадны сургуулиудын чанарыг гүйцэх вэ дээ. Эх эцэг нь мөнгөний төлөө өглөө гараад орой ирдэг. Нэг үгээр хэлбэл ард түмэн энэ амьдралдаа дасчихсан. Хүн бүр сайхан амьдрах боломж бололцоо байгааг төдийлөн ойлгодоггүй. Ойлгох сэхээ ч өгдөггүй. Болж л өгвөл ард түмнийг харанхуй, бүдүүлэг, боловсролгүй байлгах бодлого явуулж байдаг гэвэл бас хатуудах ч үнэний ортой. Ажил хийлгэхгүй зүгээр л “Май энэ эх орны буян хишиг” гээд өгөөд байгаа нь ард түмэн та бидний өнөө маргаашийг хууран мэхэлж байгаа гэдгийг баталж буй биз. Эцсийн дүндээ энэ нийгмийг шинэчлэхийг хүсдэггүй тэд ч, бид ч. Зүгээр л цэнгэн хөгжилдсөөр, хий дэмий зүйлд мөнгө үрсээр.

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж