Зэсийн үнэ Хятад, АНУ-ын үйлдвэрлэлийн хэмжээ өсөх төлвөөр Лондоны Металын биржид ойрын гурван долоо хоногийн хугацаан дахь хамгийн дээд түвшинд хүрчээ. Өнгөрсөн сарын сүүлийн хоногуудад нэг тонн зэсийн үнэ Лондоны металын биржид 7590 ам.долларт хэлбэлзэж байсан бол одоо 7660 ам.доллар болж өсөөд байгаа юм.
Хятадын "худалдан авалтын менежерийн индекс" буюу "purchasing manager index" /PMI/ өнгөрсөн сард 50.3 үзүүлэлттэй гарсан нь өмнөх арваннэгдүгээр сарынхтай харьцуулахад 1.3 хувиар өссөн үзүүлэлт юм. PMI үзүүлэлт нь тухайн улсын зөвхөн үйлдвэрлэл төдийгүй эдийн засгийн байдлыг харуулдаг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн индекс болдог.
АНУ-ын хувьд тус улсын томоохон компаниудын хувьцааны дундаж үзүүлэлтийг илтгэдэг "Dow Jones", "S&P 500", "Nasdaq" зэрэг гол индексүүд энэ долоо хоногийн эхээр 2.02-2.24 хувиар өсчээ.
Хөрөнгө оруулагчдын найдвар 2012 оны гараан дээр сэргэх хандлагатай болж буйг шинжээчид онцолж байна.
Гэхдээ одоо АНУ-ын хувьцааны индекс өсөлттэй байгаа ч, Ази, Европ, Австралийн хувьцааны индекс Европын эдийн засгийн эргэлзээтэй байдлын улмаас буураад байна.
Б.Төгс