Чилийн дарангуйлагч агсан Августо Пиночетыг дунд сургуулийн сурах бичигт армийн командлагч гэж тодорхойлохыг уриалсан барууны-төвийн чиг баримтлагчдын санал тус улсын парламентад шуугиан дэгдээжээ. Одооноос эхлэн Чилид генерал Августо Пиночетын дарангуйлал биш, дэглэм гэж ярьж занших тухай хэлэлцэж байгаа юм байна. Харин зүүний үзэл баримлагчид үүнийг түүхийг өөрчлөх гэсэн бусармаг оролдлого гэж буруушааж байгаа аж. Харин Чилийн Засгийн газар сурах бичгийн үг хэллэгт өөрчлөлт оруулахад улс төрийн зорилго агуулах ёсгүй гэсэн байр суурьтай байна. Генерал Августо Пиночетын дарангуйллын үед Чилид зэвсэгт хүчин 3,000 гаруй иргэнийг хөнөөсөн юм. 1990 он хүртэл 17 жил үргэлжилсэн харгис дарангуйллын үед хэдэн арван мянган хүнийг хууль бусаар баривчлан хорьж, эрүүдэн тамлаж байсан тэр үеийг иргэд одоо ч гашуунаар дурсдаг юм. Дунд сургуулийн сурах бичгээс Августо Пиночеттэй холбоотой дарангуйлал гэдэг үгийг авч хаях саналыг Чилийн боловсролын үндэсний зөвлөл гаргасан аж. Өнгөрсөн долоо хоногт тус улсын боловсролын сайдаар томилогдсон Харальд Бейер уг саналыг дэмжиж байгаа ч Засгийн газар шууд оролцох ёсгүй гэжээ. Уг саналыг хамгийн их эсэргүүцэж байгаа нь Августо Пиночетын огцруулсан Чилийн Ерөнхийлөгч агсан Сальвадор Аллендегийн охин сенатор Изабель Альенде гэнэ. Тэрбээр сурах бичиг дэх Августо Пиночетын тодорхойлолтыг өөрчлөхийг байж боломгүй зүйл гээд “Августо Пиночет Чилид 17 жилийн турш хүний эрхийг аймшигтайгаар зөрчиж, хүчирхийлэл, аллага явуулсныг дэлхий нийтээр мэднэ. Тиймээс энэ өөрчлөлт бол эрүүл саруул сэтгэдэг хүн бүрийн эсэргүүцэх зүйл” гэжээ. Чилийн Ерөнхийлөгч асан Эдуардо Фрей ч “Түүхийг аль нэг хууль, зарлигаар өөрчилж болохгүй” гэсэн байна.
Н.Энх