С.Оюун: АН-тай нэгдэх талаар ярилцаагүй

Хуучирсан мэдээ: 2012.01.05-нд нийтлэгдсэн

С.Оюун: АН-тай нэгдэх талаар ярилцаагүй

УИХ-ын гишүүн С.Оюуныг “Ярилцах танхим”-даа урилаа.

-“Иргэний Зориг нам, Ардчилсан намтай нэгдэх гэж байгаа” гэх мэдээлэл цацагдах боллоо. Энэ үнэн юм уу?

-Энэ талаар албан болон албан бусаар юу ч ярилцаагүй. Нэгдэх тухай Ардчилсан намаас  ямар ч  санал тавиагүй. Ир­гэний Зориг намын Үн­дэсний хорооны болон их хурлыг энэ сард хийхээр тов­лоод байгаа. Тодруулбал, энэ сарын 14-нд Үндэсний хорооны хурал, 28-нд их хурал болно.

-Их хурлаараа юу хэлэл­цэх вэ?

-Энэ үеэр Иргэний Зо­риг намын бүтэц, дүрмийг ши­нэчилнэ. Бид  Монголын Но­гоон намтай нэгдсэн. Харам­­салтай нь Дээд шүүх бүрт­гээгүй. Тэгэхээр хоёр нам нэгдэх маягаар бус Иргэний Зориг намыг шинэчилж, удирдлагаа өөрчлөх замаар баталгаажуулах зорилготой байгаа юм. Мөн Иргэний Зориг намыг Иргэний Зориг-Ногоон нам болгох, хоёр намын хамтарч гаргасан мөрийн хөтөлбөрийг баталгаажуулна. Ямартай ч энэ нэгдлээ нэг тийш болгох нь чухал байна. Харин өөр намтай нэгдэх асуудлыг огт яриагүй. Түүнчлэн ирэх сонгуулиар өөр намтай эвсэх үү, ямар тактиктай оролцох вэ гэдгийг ч ярилцаагүй. Тэгээд ч Сонгуулийн тухай хуулийг оны өмнөхөн баталлаа. Өмнө нь мажоритари тогтолцоотой байхад намууд эвсэж, хамтарч ажиллах талаар өөр хоорондоо ярилцдаг байлаа. Бидний хувьд юун түрүүнд хоёр намын нэгдлийг цэгцлэх ажлыг хийх шаардлагатай байна.

-Танай нам болон Ардчилсан намын залуус шинэ жилээ хамтарч хийхдээ хоёр намын нэгдлийн талаар ярилцсан юм биш үү?

-Хоёр намын залуучууд шинэ жилээ хамтарч хийсэн юм билээ. Энэ үеэр залуусын зүгээс “Ардчилсан нам, Иргэний Зориг нам эвсэх нь зүйтэй юм биш үү” гэсэн санал гарсан юм шиг байна лээ. Энэ яриа нь бодлоготойгоор юм уу, санамсаргүйгээр ч юм уу хэвлэлээр “Хоёр нам нэгдэх нь тодорхой боллоо” гэж гарах болсон. Ямар ч байсан албан ёсоор яриагүй гэж хэлмээр байна.

-Хэрэв энэ яриаг ажил хэрэг болгож болно гэвэл танай на­мынхан хэрхэн хүлээж авах вэ?

-Нам дотроо ярилцана. Би хэдийгээр намын удирдлага ч гэлээ “Эвсэнэ, эвсэхгүй” гэдгийг шууд хэлж мэдэхгүй. УИХ-ын 2008 оны сонгуулиар бид Ардчилсан намтай ярилцсан хэдий ч эвсэж чадаагүй. Тухайн үед тэдний тавьж буй нөхцөлийг нь хүлээж аваагүй. Хүлээж авахаар нөхцөл огт байгаагүй. Харин 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Иргэний Зориг нам, Монголын Ногоон нам аль, аль нь Ардчилсан намаас нэр дэвшсэн Ц.Элбэгдоржийг дэмжиж, сонгуульд хамтарч оролцсон. Тэр үед хамтын ажиллагааны гэрээ байгуулж байлаа.

-Сонгуулийг холимог тогтол­цоогоор явуулахаар хуульчилсан. Танай намд энэ тогтолцоо хэр ээлтэй байх бол?

-Ер нь мажоритари тогтолцоо хэвээрээ байгаа гэж ойлгож болно. Бид 20 жил сонгуулийг мажоритари тогтолцоогоор явууллаа шүү дээ. Мажоритари тогтолцоо давамгайлж байгаа учир Сонгуулийн тухай хуулийг бүрэн шинэчилж чадаагүй гэж бодож байна. “Чамлахаар чанга атга” гэгчээр бага ч гэсэн пропорциональ элемент орж буйг дэвшил гэж харж байгаа. Энэ тогтолцоо жижиг нам болон парламентаас гадуурх намуудад ээлтэй шинэчлэл боллоо гэж бодохгүй байна. Учир нь мажоритари тогтолцоо хүчээр хоёр намын тогтолцоо руу түлхдэг. Тухайлбал, 1/3-ийг нь пропорциональ тогтолцоогоор явууллаа гэхэд аливаа нэг нам сонгогчдоос 10 хувийн санал авахад тэр нь парламентын 2-3 суудлыг авна гэсэн үг. Үүнээс үзэхэд тойргоос нэр дэвшигчдээ гаргах нь чухал хэвээр байгаа юм. Тэгэхээр Сонгуулийн тухай хууль бидний хүсэн хүлээж байсан реформ болж чадаагүй. Гэхдээ дэвшил гарсан уу гэвэл, тийм. Анх Д.Лүндээжанцан нарын гишүүд 100 хувь пропорциональ тогтолцоог санал болгож, өргөн барьсан. Гэвч дэмжээгүй. Мөн эмэгтэйчүүдийн квотыг 20 хувь болголоо. Үүнийг их, бага гэхээс илүүтэйгээр хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгээд дараа, дараагийн сонгуулиар эмэгтэйчүүдийн квот болон пропорциональ тогтолцоог нэмэгдүүлэх талаар ярилцах нь чухал. Мөн мөнгөний хүчин зүйл Монголын улс төрд их нөлөөлж байна. Уг нь Сонгуулийн тухай хуульд мөнгөний хязгаарлалтын талаар тусгасан. Гэвч эрх барьж буй хоёр нам хуулиас дээгүүр үйл ажиллагаа явуулж байгаа юм. Жишээлбэл, Ардчилсан нам нэр дэвшигчиддээ мөнгөний босго тавьдаг. Энэ нь сонгуульд зөвхөн мөнгөтэй хүн нэр дэвшиж, бас ялалт байгуулж болно гэсэн жишгийг бий болгосон хэрэг. Тиймээс эрх баригч хоёр нам энэ асуудлыг хамтдаа ярилцаж шийдвэрлэх ёстой. Ардчилсан намын 50 сая төгрөгийн хандив үнэхээр байж болохгүй асуудал. Ингэхээр мөнгөгүй эмч, багш нар сонгуульд өрсөлдөх бо­ломж бүрдэхгүй болчихож байгаа юм.

-УИХ-ын 2012 оны сонгууль 48 хүний дунд болох нь гэсэн шүүмжлэлийг та юу гэж бодож байна вэ. Учир нь мажоритари буюу 48-д нэр дэвшсэн хүн 28 хувийн босго авсан бол УИХ-ын гишүүн болох эрх нь нээлттэй байгаа шүү дээ?

-Хоёр тогтолцооны хувьд гулсана, гулсахгүй гээд асуудал бий. Энэ хувилбар өөр орнуудын холимог тогтолцоонд байдаг юм билээ. Нэг үгээр хэлбэл цоо шинэ зүйл биш гэсэн үг. Миний хувьд гулсах, гулсахгүй гэдгээс илүү намууд аль нэг тал руу туйлшрахгүйгээр зөв бодлого гаргах хэрэгтэй гэж үзэж байгаа. Бид 1990-ээд оны эхээр “Бүх зүйлийг хувьчилна, чөлөөлнө, либеральчилна” гэж байлаа. Харин сүүлийн үед “Хэн нь илүү зүүн тийшээ вэ” гэх уралдаан эрх барьж буй намуудын дунд явах болсон. Энэ нь хавтгайрсан халамжийн тогтолцоотой болох гээд байгаа юм шиг зүүний бодлогыг баримталсантай холбоотой. Манай нам бол төвийг сахиж байлаа. Зах зээлд бүхнийг даатгаж болохгүй, төрийн оролцоо зохистой хэмжээнд байх ёстой юм. Хавтгайрсан гээд байгаа халамж нь хүмүүсийн амьдралд дорвитой нөлөө үзүүлэхгүй байгаа. Ер нь зайлшгүй халамж авах ёстой хүмүүс нийгэмд байдаг. Гэтэл 1.5, нэг сая төгрөгийн хариуцлагагүй амлалтаасаа болоод хүн бүрт мөнгө тарааж байна. Харин үүнийхээ оронд халамж хэрэгтэй хүмүүстээ өгөх хэрэгтэй юм.

-Сонгуулийн үеэр сонгогчдын саналыг худалдаж авдгаас үүдэн хориглосон заалтыг хуульд тусгасан. Мөн намуудын удирд­лага “Ирэх сонгуулиар мөнгө амлахгүй” гэсэн байгаа. Хууль болон амлалтууд ирэх сонгуулиар хэрэгжинэ гэдэгт хэр итгэл үнэмшилтэй байна вэ?

-Намын удирдлагууд камерын өмнө олон нийтэд амласан. Тиймээс төсөв даахгүй зүйлийг амлахгүй байх. Тэд байхгүй юмыг амласан учир хэрэгжүүлэхэд хэцүү байгаа юм. Сонгуулийн тухай хуульд хатуу заалт байгаа ч тэр бүр хэрэгждэггүй. Тийм учраас хэрэгжүүлэхийн тулд ажиллах ёстой. Нөгөөтэйгүүр улс төрийн хүсэл зориг байх хэрэгтэй болов уу. Ялангуяа эрх барьж байгаа намуудын удирдлагаас ийм хүсэл зориг гарах шаардлагатай. Мөнгө тараах, амлах зэрэг нь том намуудаас гардаг. Тэгэхээр энэ бүгдийг зогсоох хэрэгтэй гэдгийг нам дотроо ярилцаж, хүсэл зоригийг бий болгох нь чухал.

-Танай намын их хуралд Иргэний Зориг намтай нэгдэхийг дэмжсэн Монголын Ногоон намын гишүүд оролцож, цаашид хийх ажлынхаа талаар хэлэлцэнэ биз дээ?

-Өнгөрсөн оны гуравдугаар сард Иргэний Зориг болон Монголын Ногоон намын гишүүд хамтарч хуралдан нэгдэхээр болсон. Гэвч энэ нэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй буюу цөөнх болсон гишүүдийг Монголын Ногоон нам хэмээн Дээд шүүх бүртгэсэн. Бид үүнийг хууль бус бүртгэл гэж үзэж буй. Тиймээс энэ бүртгэл хууль бус болсон гэж шүүхэд хандан маргаан үүсгэж байгаа. Энэ асуудлыг шийдвэрлэх ёстой гэж бодож байна. Гэхдээ шүүхийн шийдвэр удаан гардаг. Мөн сонгууль дөхсөн учир Иргэний Зориг намд Монголын Ногоон намын дийлэнх гишүүд элсэж, хамтран ажиллана. Өнгөрсөн оны гуравдугаар сард хуралдсан хурлын үеэр Д.Энхбатыг намын даргаар сонгож байсан. Энэ үүднээсээ намын даргад Д.Энхбат дахин нэр дэвших байх.

-Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын дарга С.Дэмбэрэл намын даргад өрсөлдөхөө мэдэгдсэн байх аа?

-С.Дэмбэрэл дарга өнгөрсөн есдүгээр сард намд элссэн. Манай намд чадвартай эдийн засагч элссэнд баяртай байгаа. “С.Дэмбэрэл даргыг намын даргад нэр дэвшүүлэх санал гаргая” гэж буй гишүүд бий юм билээ. Ардчилсан үзэлтэй учир хүмүүс нэр дэвшиж, олонхийн дэмжлэг авсан нь намын дарга болно шүү дээ.

-Ерөнхий сайдын зөвлөх Б.Лхагважав Ардын намд элссэнийхээ дараа “Иргэний Зориг нам надад албан тушаал амлаж байсан. Би хүлээж аваагүй” гэх утгатай зүйл ярьсан. МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл намын даргад өрсөлдөнө гэхээр түүнд албан тушаал амласан юм болов уу гэх хардлага бий?

-Намын дарга бол албан тушаал биш. Харин ч сонгуульт ажил учир маш амаргүй шүү дээ. Би албан тушаал гэдгийг төрийн албанд ажиллан цалин авахыг хэлдэг гэж ойлгодог. Манай нам албан тушаал амлахаар эрх барьж буй нам биш. Тийм ч учраас намын даргад Д.Энхбат, С.Дэмбэрэл нэр дэвшинэ гэж байгаад баяртай байгаа. Намын даргын ажлыг 10 жил хийсний хувьд хариуцлага, үүрэг хүлээдэг. Олон жил ганц лидертэй гэж хэлүүлдэг байсны оронд олон лидер гарч ирэн намын даргын хүнд ачааг үүрээд явъя хэмээж буйг талархан хүлээн авч байгаа. Б.Лхагважавын тухайд даргын суудал амласан зүйл байхгүй. Харин УИХ-ын 2008 оны сонгуулийн өмнө Б.Лхагважавтай хэдэн удаа уулзсан. Б.Лхагважав хариуцсан ажлаа маш чанартай, сайн хийдэг. Энэ утгаараа “Иргэний Зориг намаас нэр дэвшээч ээ” гэсэн саналыг тавьж байлаа. Түүнээс биш том албан тушаал амлаагүй.

-Та намын даргад өрсөлдөх бодолгүй хэрэг үү?

-Манай намын гишүүд олон жил нэг намын даргатай байсан. Тиймээс гурван даргатай байж болох тухай ярьж байгаа. Харин ч ардчилсан юм биш үү гэсэн. Сонгуулийн тухай хуулиар намын жагсаалтаар нэр дэвших асуудал бий. Тэгэхээр өөр, өөр асуудал хариуцсан гурван даргатай болчихвол намын жагсаалтаар гарч ирэх нэр дэвшигчдэд нээлттэй байна гэж үзэж байгаа юм. Миний хувьд өнгөрсөн гуравдугаар сард хийсэн хурлынхаа шийдвэрийг баталгаажуулчих юмсан гэсэн бодолтой байна.

-Иргэний Зориг намд С.Оюунаас өөр лидер алга гэдэг. Харин одоо Д.Энхбат, С.Дэмбэрэл, З.Алтай гээд олон хүн гарч ирлээ. З.Алтай гишүүний тухайд ирэх сонгуулийн үеэр танай намын дэмжигч гэсэн статустай байх уу. Аль эсвэл хамтрах уу?

-Өөрөөс нь асуух хэрэгтэй байх. Би хамтрах болов уу гэж бодож байна. Бид дэмжигч гэсэн статусыг оруулсан нь дэвшилттэй зүйл болсон болов уу. Ер нь намын хатуу гишүүнчлэлээс татгалзах ёстой. Ингэснээрээ эрүүл систем рүү орно. Иймээс “дэмжигч гишүүн” гэх статусыг Улс төрийн намуудын тухай хуульд оруулж өгөх нь чухал. З.Алтай гишүүн Улс төрийн намуудын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа юм билээ. З.Алтай гишүүн “дэмжигч гишүүн” гэсэн статусаараа сонгуульд оролцож болно. Буруудах зүйл байхгүй. Үүгээр зогсохгүй дэмжигч гишүүний фракцийг байгуулаад явж болно шүү дээ.

-Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын 100 жилийн ойн баярын өдөр төрийн тулганы гал бадраах ёслол болсон. Энэ үеэр эмэгтэй гишүүд болон сэтгүүлчдийг оруулахгүй гэсэн. Та үүнийг юу гэж бодож байна вэ?

-Би их гайхсан. Баярын өмнөх өдөр Н.Батбаяр гишүүн над руу утасдаад “Төрийн тулганы гал бадраах ёслолд морин цагт дээлтэйгээ ирээд оролцоорой” гэж урьсан. Тухайн үед тодорхой шалтгааны улмаас би очиж чадаагүй. Харин дараа нь твиттерээр “Эмэгтэйчүүдийг оруулаагүй” гэж нэлээд шүүмжилж байсан. Үнэхээр ингэсэн бол буруу гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа.

Ц.Энхцэцэг

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж