Ингэснээр ТВ-үүдийн оргил цагт нэвтэрдэг байсан цэнгээнт шоуны тоо 126-аас 38 болтлоо буурч байна. Нийт 34 сателлит телевизийн сувагтай энэ улсын дарга Ху Жиньтао барууны соёлоор хөөцөлдөх нь осолтой хэмээн мэдэгдэж байсны шууд үр дүн нь энэ арга хэмжээ болж байгаа бололтой. Энэ нь мөн дээрх төрлийн теле-бүтээгдэхүүн нь “хэт зугаа хөөсөн, хэт ёс суртахуунгүй” хэмээн үзэж байгаа Хятадын Коммунист Намын байр суурьтай дуу авалцаж байна.
Хамгийн анх амаа бариулсан бүтээл нь Хунан теле-сувгийн “Супер бүсгүй” нэртэй туйлын алдартай шоу болсон байна. Янз бүрийн насныхан дуу дуулж уралддаг энэ нэвтрүүлгийг “хэт сунжруу” гэсэн үндэслэлээр “халжээ”.
Дээрх онгорхой орон зайг харин “сунжруу”-д огт тооцогдохгүй байгаа мэдээллийн хөтөлбөр эзэлж байна. Хятадын үзэгчдийн 95 хувь нь буюу “ганцхан” тэрбум хүн цэнхэр дэлгэцийн өмнө цугладаг оргил цаг болох 20-23 цагт тэдний сонорыг “дор хаяж” 2 цагийн мэдээллийн хөтөлбөр, хоёрын зэрэг 30 минутын “товч” мэдээ гялайлгах нь ээ. Оргил цагт үйлчилж байгаа бас нэгэн дүрэм нь мөнөөх 34 суваг нэг зэрэг 9-өөс илүү шоу үзүүлж болохгүй юм байна.
Өмнө нь Хятадын эрх баригчид “бүдүүлэг” реалити шоунд хязгаар тавьж, нэвтрүүлгэн дундуур реклам явуулахыг хориглосон шийдвэр гаргаж байсан юм. Хятадын ТВ-ийн рекламны зах зээл жилийн 78 тэрбум орчим ам. долларын эргэлттэй бөгөөд өнгөрсөн онд хамгийн оргил цагт буюу Төв ТВ-ийн оройн мэдээний өмнө цацагдах рекламны 8 сарын эрх дуудлага худалдаагаар 70 сая долларт хүрч байсан билээ.