Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.01.05-нд нийтлэгдсэн

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан 10.35 цагт эхэллээ. Чуулганаар одоо Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах тухай ажлыг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах тухай тогтоол нь зэс хайлуулах үйлдвэр байгуулах тухай УИХ-ын тогтоол шиг хэрэгждэггүй нэг ажил болж хувирах вий. Засгийн газрын ажил маш удаан байна. Зэс хайлуулах үйлдвэр байгуулахын төлөө араас нь хэчнээн явж байна, ажил ерөөсөө явдаггүй” гэлээ. Харин төсөл санаачлагч УИХ-ын гишүүн П.Алтангэрэл “Газрын тосны үйлдвэр байгуулах тухай тогтоолыг УИХ-аас батлангуут хэрэгжилтийг нь Эдийн засгийн байнгын хороогоор тогтмол сонсоно. Засгийн газраас газрын тосны нөөцөө албан ёсоор баталчихлаа. Хувийн хэвшлүүд үйлдвэрийг баръя гээд тусгай зөвшөөрлөө хүсчихсэн байгаа, тэгэхээр арай ч зэс хайлуулах үйлдвэр шиг чихнийхээ хажуугаар өнгөрөөчихгүй байх болов уу. Хэрвээ ажил хийхгүй бол огцруулах хүртэл асуудлыг тавина. Үүнээс өөр яах юм” гэлээ.

Харин Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт “Бага хэмжээний газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг энэ онд эхлүүлнэ. Гол нь газрын тосоо гаднаас худалдан авч, боловсруулсан нөхцөлд үнэ импортын нефтийн бүтээгдэхүүнээс өндөр тусах талтай байгаа” гэлээ. Хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж