АН Засгийн газраас гарахаа 11 цагаас мэдэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.05-нд нийтлэгдсэн

АН Засгийн газраас гарахаа 11 цагаас мэдэгдэнэ

Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарах гэж байгаа тухай яриа ид өрнөж байна. Хэдийгээр энэ талаар Ардчилсан намын удирдлагууд албан ёсоор хариулт өгөхгүй байгаа ч ерөнхийдөө үгүйсгэхгүй, асуулт илгээж байгаа сэтгүүлчдэд “Өнөөдөр болох 4:11 уулзалтад ирээд л мэд” гэсэн салаа утгатай хариулт хэлж байна. Сар бүрийн уламжлалт 4:11 уулзалтыг ерөнхийдөө Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат удирдан явуулдаг. Харин энэ удаагийн хуралд Ардчилсан намын дарга бөгөөд Монгол Улсын тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг оролцох юм байна. Түүнийг 4:11 уулзалтад хамтарсан Засгийн газраас гарах эсэх тухай байр сууриа илэрхийлнэ гэж албаны эх сурвалж мэдээллээ. Хамгийн сонирхолтой нь Ардчилсан намын дарга хамтарсан Засгийн газраас гарах эсэх тухай гэхээсээ илүү яагаад гарах болсон, ямар байдлаар гарах тухай тайлбар хийнэ гэж байгаа аж.
Тэгэхээр ямар байдлаар гарах вэ гэдэг асуудлыг хөндөнө гэж байгаа нь Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарах шийдлээ нэгэнт хийчихсэн одоо харин процедурын асуудал болон тайлбараа л хэлэх дээрээ тулаад байгаа гэсэн дүгнэлт хийж болохоор байгаа аж. Хамтарсан Засгийн газарт байгаа Ардчилсан намын сайд нар ч энэ талаар үгүйсгэсэн хариулт өгөхгүй, “Очоод юу хэлэхийг нь хараарай” гэсэн маягийн хариулт өгч байна. Өөрөөр хэлбэл, “Ийм асуудал байхгүй” гэж хариулахгүй байгаа нь бас нэгийг өгүүлж буй хэрэг биз ээ.

А.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж