Норвегийн алан хядагчийг эрүүл гэв

Хуучирсан мэдээ: 2012.01.05-нд нийтлэгдсэн

Норвегийн алан хядагчийг эрүүл гэв

Норвегид террорист ажиллагаа явуулсан алан хядагч Андерс Бревикийн хэргийг мөрдөн шалгаж буй шинжээчид шүүхээс томилсон сэтгэл мэдрэлийн эмч нарын мэдэгдлийг няцааж,  түүнийг сэтгэхүйн өөрчлөлтгүй, цоо эрүүл хүн гэдэгт итгэлтэй байна. Андерс Бревикийг шоронд хорьсон цагаас хойш ажиглалт явуулсан шинжээчдийн баг шүүхэд илтгэлээ явуулжээ. Норвегийн хэт барууны үзэлт Андерс Бревик 2011 оны долдугаар сард 77 хүнийг буудан хөнөөсөн. Шүүхээс томилсон сэтгэл мэдрэлийн эмч нар түүнийг паранойд сэтгэцийн өвчтэй гэж оношлосон боловч хохирогчдын ар гэрийнхэн болон олон нийт үүнд итгэхгүй байгаа билээ. Шүүх эмнэлгээс томилсон хоёр эмч Андерс Бревиктэй 13 удаа ярилцсаны эцэст түүнийг сэтгэцийн өвчтэй гэж дүгнэсэн юм.  Сэтгэцийн эмч нарын илтгэлд 32 настай Андерс Бревик санаандаа зохиосон хийсвэрлэлийн ертөнцөд амьдардаг. Түүний  хийсвэр бодол, төсөөлөл нь дээрх аймшигтай явдалд хүргэсэн гэж бичсэн байжээ. Харин гэмт хэрэгтнийг шоронд байх үед ажиглалт явуулсан сэтгэлзүйч шинжээчид шүүхийн сэтгэцийн эмч нарын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Андерс Бревикийг цоо эрүүл хүн гэдэгт итгэлтэй байгаа юм. Алан хядагч “Facebook” хуудсандаа өөрийгөө Христийн шашинт, консерватив хүн гэж тодорхойлсон байжээ. Шинжээчид мөн түүнийг амиа хорлох хүн ч биш гэж үзэж байгаа гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж