1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Монголчууд Манж гүрнээс салж, бие даан тусгаар тогтносноо дэлхий дахинд албан ёсоор зарлаж, VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилж байсан нь түүхэнд тодоос тод бичигдэн үлдсэн. Энэхүү түүхт ойн өдрийг улс даяар тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Монголын үндэсний кино урлагийн академи, "Дээд гэгээн пикчерс" ХХК нарын хамтран бүтээсэн "Богд хаан" түүхэн уран сайхны бүрэн хэмжээний кино Тэнгис кино театрын их танхимд нээлтээ хийсэн юм.
Киноны нээлтэд олны танил, эрхэм хүндтэй зочид хүрэлцэн ирж арга хэмжээг чимж байв. Нээлтийн хүлээн авалтын цэнгүүн Элит цогцолборт үргэлжлэн элитүүдийн хүрээнд нижгэр болж өндөрлөсөн юм.
Ийнхүү 100 жилийн өмнө Их Хүрээг Богд хаан Нийслэл хүрээ гэж нэрийдээд, Соёмбо үсэгтэй шар торгон төрийн далбааг мандуулж байсан бол өдгөө энэхүү түүхэн киноны гэрч болсон хүндэт зочдын баярын ширээг зохион байгуулагчид нь ёслол хүндэтгэлийн “Соёмбо” брэндээр чимсэн байлаа.
Дашрамд дуулгахад энэхүү киноны гол дүр болох Богд Жавзандамба хутагтын дүрийг бүтээсэн залуу жүжигчин Ч.Болд эл өдөр СТА цол тэмдэгээр энгэрээ мялаасныг дуулгахад таатай байна.