Замын цагдаа хүн дайрчээ

Хуучирсан мэдээ: 2012.01.05-нд нийтлэгдсэн

Замын цагдаа хүн дайрчээ

Сонгинохайрхан дүүргийн  21 дүгээр хороонд өчигдөр 22.00 цагийн орчим замын цагдаагийн алаг машинтай явж байсан хоёр цагдаа зам гарч явсан явган зорчигчийг дайрч гэмтээсэн хэрэг гарсан юм. Тухайн үед автобусны буудал дээр цөөнгүй хүн уг ослыг харсан бөгөөд алаг машинаас бууж ирсэн замын цагдаагийн дүрэмт хувцастай  хоёр цагдаа нэлээд сандарсан байдалтай  утсаар  ярьсаар байлаа. Цагдаагийн машинд  дайруулсан бүсгүй зам дээр ёолон хэвтэж, хажууд нь утсаар ярьж байгаа дайрсан цагдаагийнхаа өмднөөс зууран босох гэж оролдож байгаа нь харагдсан. Харин  машинд дайруулсан бүсгүйн зуурахыг ч үл анзааран утсаар ярьсаар цааш машин руугаа явчихав. “Замын цагдаагийн албан хаагчид машиндаа хяналтын камер суурилуулж, далд хяналт тавьж байгаа гэсэн нь энэ үү” хэмээн түүгээр явж байсан иргэд бухимдаж байлаа. Замын хөдөлгөөний дүрэмд хяналт тавих үүрэгтэй, замын ослоос иргэдийг хамгаалах ёстой цагдаа нар нь өөрөө хүн дайрна гэдэг даанч харамсалтай хэмээн иргэд ярьж байсан. Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн олон нийттэй харилцах байцаагч, цагдаагийн дэслэгч Х.Одбаяраас тодруулахад “Хичээлтэй байгаа тул тэр талаар мэдэхгүй байна. Замын цагдаагийн газрын  жижүүрээс асуу” гэв. Замын цагдаагийн газрын жижүүртэй холбогдоход “02 68 улсын дугаартай машин хүн гэмтээсэн  гэхээс өөр мэдээлэл алга. Тухайн газарт ажилласан  хүмүүсээс мэдээлэл ав. Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн тасгийн хошууч, н.Алтансүхээс тодруул” гэлээ. Энэ дагуу тус дүүргийн хошууч Н.Алтансүхтэй  утсаар холбогдоход “Надад Замын цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд ирсэн мэдээллээс өөр мэдээлэл алга. Бид тухайн газарт хэмжилт хийгээгүй. Цагдаатай холбоотой асуудлыг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд шалгадаг. Тэндээс асуу” хэмээн утсаа таслав. Түүнээс  осол гаргасан цагдаа нар хэн болохыг лавлахад “Битгий балайраад бай” хэмээн бухимдлаа. 

Одоогоор хохирогчийг эмнэлэгт хүргэсэн эсэх талаарх мэдээлэл алга. Энэхүү мэдээллийг Замын цагдаагийн газрын албаны эх сурвалж үгүйсгэж байна. Тэдний хэлснээр “Хохирогчийн хэлж буйгаар хар жийп машин мөргөөд явсан“ гэлээ. Энэхүү ослын талаар эргэн  мэдээлнэ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж