“Формула нэг”-ийн улирлын уралдаанууд дууссан ч олон нийтийн биш арга хэмжээнүүд явагдсаар байдаг. Тэдний нэг болох хоёрдугаар сарын эхээр болох туршилтад “Мерседес” баг оролцохгүй гэдгээ мэдэгджээ. Тус багийнхан хоёрдугаар сарын 7-10-нд болох урьдчилсан туршилтанд цоо шинэ W03 загвараа турших боломжгүй болсон гэнэ. Үүний улмаас “Мерседес” баг туршилт хийхгүйгээр улирлыг эхлүүлж магадгүй болоод байгаа юм. Герман нисгэгч Нико Росберг “Автоспорт”-д өгсөн ярилцлагадаа “Энэ бол багийн удирдлагуудын гаргасан шийдвэр. Би ч үүнд баяртай байгаа. Туршилт хийх гэж яарахаас илүүтэй болидоо сайжруулах тал дээр илүү анхаарч буй хэрэг гэж ойлгож байна. Энэ бол багийн гаргасан хамгийн зөв шийдвэр гэж би бодож байна” хэмээжээ. Учир нь Росберг багийн техникийн бүрэлдэхүүнд шинээр орсон Жеофф Уиллис, Элдо Коста нарт өндөр итгэл хүлээлгээд байгаа юм байна.“Энэ жил бид машинаа оройтож бэлдвэл эхний уралдаанд юу болох талаар тооцоолсон зүйл байхгүй ч техникийн сайжруулалтаас уралдаанд маш сайн үр дүн үзүүлнэ гэдэгт би итгэл төгс байна. Шинээр гаргаж буй машин бол манай багийн хувьд том хөгжил дэвшилттэй зүйл болж байна” гэж нэмж хэлсэн байна. Үүнээс харахад “Мерседес” ирэх улиралд нэлээд хүчтэйгээр орж ирэх бололтой. Тэр хүртэл машин нь бусадтай харьцуулахад ямар төвшинд байгааг багийнхнаас өөр хэн ч мэдэхгүй бололтой.
Score Studio