Европын холбооны гишүүн орнууд цөмийн хөтөлбөрийг нь эсэргүүцэж Ираны нефтийн импортод хориг тавилаа. Ираны эсрэг нефтийн импортын хоригийг энэ сарын сүүлээр болох Европын холбооны гадаад хэргийн сайд нарын ээлжит уулзалтаар зарлах юм байна. АНУ саяхан Иран улсын эсрэг хоригоо чангатгасаны хариуд тус улс олон улсын нефть тээвэрлэлтийн Ормузийн хоолойг бооно гэж сүрдүүлсэн билээ. Иран улсаар Ормузийн хоолойг хаалгахгүй гэж бичиж байсан олон улсын ажиглагчдын таамагласнаар Европын холбоо хариу арга хэмжээгээ чангатгаж эхэлжээ. АНУ болон холбоотон өрнөдийн орнууд Ираныг цөмийн хөтөлбөр боловсруулах нэрийн дор зэвсэглэлээр хөөцөлдөж байна гэж хардаж сэрдэж байгаа билээ. Өнгөрсөн онд Олон улсын цөмийн энергийн газар Ираныг цэрэг армийн зорилгоор цөмийн хөтөлбөр боловсруулахаар оролдож байна гэж мэдэгдсэн нь хардалтыг улам гааруулсан юм. АНУ тэргүүтэй холбоотон орнууд Ираны банк санхүүгийн системийг боомилж, хориг тавьснаас мөнгөн тэмдэгтийн ханшийг унагасан нь тус улсын эрх баригчдыг хилэгнүүлж байгаа аж. Иран, АНУ-ын харилцааны хурцадмал байдал нефтийн үнэд нөлөөлж, өчигдрөөс үнэ нь дөрвөн хувиар өссөн юм. Ираны цөмийн хөтөлбөр дээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орны санал хуваагдсан бөгөөд Хятад, ОХУ Ираны эсрэг хориг тавихыг эсэргүүцсэн. Францын Гадаад хэргийн сайд Ален Жюппе "Энэ сарын 30-нд болох Европын холбооны гадаад хэргийн сайд нарын уулзалтаар бид Ираны импортын нефть, шатахуунд хориг тавих асуудлаар шийдвэрт хүрнэ гэж найдаж байна. Иранаас нефть импортолдог Европын холбооны хэд хэдэн орны хувьд нефтийн өөр эх үүсвэр олох асуудал тулгарна.” гэжээ. Өнгөрсөн мягмар гаригт Франц улс Ираны эсрэг хоригоо дахин чангатгасан юм. Ираны нефтийн импортод энэ сарын эцсээр хориг тавилаа гэхэд хэрэгжүүлэхэд дор хаяж зургаан сар шаардагдах юм. АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд зөвхөн холбоотон өрнөдийн орнуудаас төдийгүй дэлхийн бусад улс орнуудаас Ираны цөмийн хөтөлбөрийг эсрэг нэгдэхийг уриалжээ. АНУ-ын хориг Ираны төв банк болон нефтийн салбартай хамтран ажилладаг компаниуд руу чиглэсэн бол Европын холбоо уран баяжуулах тоног төхөөрөмжийн худалдаа, цөмийн хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагууд, байгалийн хийн технологид хориг тавиад байна. Харин НҮБ Иранд цөмийн технологи, байлдааны зэвсэг техник нийлүүлэхэд хориг тавьжээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг мэдэгдэл гаргасны дараа АНУ, Канад, ИХ Британи хамтран Ираны эсрэг шинэ хориг тавьсан билээ. Аюулгүйн зөвлөл Ираны уран баяжуулалтыг зогсоохоор дөрвөн удаа хориг тавьсан ч шинэ оны өмнө тус улс дотооддоо цөмийн түлш гаргаж авах болсноо мэдэгдсэн. Харин Тегераны эрх баригчид даваа гаригт “Хэдийгээр Иран улсад Ормузийн хоолойг хаах бодол байхгүй ч бэлтгэл ажил хэдийн эхэлсэн” гэж мэдэгдсэн байна.
Н.Энх