1992 онд мэргэжлийн бейсболчны гараагаа эхлүүлж, 1999 оныг хүртэл жижиг лигүүдэд тоглож байсан Мора “Балтимор Ориолес” багт оргил амжилтаа үзүүлж, 10 жилийг хамтдаа үджээ. 2009 онд “Ориолес” болон Морагийн нөхөрлөл салж, Мора “Колорадо Рокис” багт ирсэн. Тамирчин болгоны хувьд зодог тайлах шийдвэр хүнд байдаг. Гэхдээ гайхалтай карьерыг туулж өнгөрүүлсэн учраас харамсахгүй гэдгээ Мора Венесуэльд хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.
Мэжор лиг бейсболд 171 home-run хийсэн Мэлвин Мора одоо гэр бүлдээ илүү цаг зарцуулна гэдгээ илэрхийлсэн байна. Тэрбээр 2001 онд таван ихэр хүүхдийн аав болсон бөгөөд одоо хүүхдүүдийнхээ ирээдүйд анхаарал тавих шаардлага тулгарсан, мөн бэртэл гэмтлийн улмаас амжилт буурч, гэрээ байгуулах баг ховор байсан учраас арга буюу дээрх шийдвэрт хүрчээ.