Туркийн Стамбул хотноо болсон бөхийн чөлөөт барилдааны 2011 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд хүрэл медаль хүртсэнээр Лондонгийн олимпийн эрхээ авч, Монгол Улсын спортын түүхэнд дэлхийн аваргын хошой медальтай анхны эмэгтэй тамирчин болсон О.Насанбурмааг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас “2011 оны онцлох тамирчин”-аар өргөмжилжээ. Улмаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ШШГЕГ-ын “Хүч” спорт хорооны тамирчин, ОУХМ, ахлах дэслэгч О.Насанбурмаагийн амжилтыг үнэлж, гурван өрөө байрны түлхүүр гардуулсан байна. Түүнчлэн оны өмнө болсон Монголын чөлөөт бөхийн холбооны шинэ оны цэнгүүний үеэр МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Хасу Мегаватт” компанийн захирал Ж.Түмэн-Аюуш дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн компанийнхаа дэргэдэх тамирчин Д.Отгонцэцэгийг хоёр өрөө байраар урамшуулсан ажээ.
С.Цэлмэг