“Ченжүүд ам.долларын ханшийг хөөрөгдөж байна”

Хуучирсан мэдээ: 2012.01.05-нд нийтлэгдсэн

“Ченжүүд ам.долларын ханшийг хөөрөгдөж байна”

Оноос өмнө ам.долларын ханш 1390 төгрөг байсан. Харин өчигдөр арилжааны банкуудад 1417 төгрөг болжээ. Ам.доллар чангарах нь зах зээлд сөрөг нөлөө үзүүлээд зогсохгүй төгрөгийн ханш эсрэгээрээ сулардаг. Ингэснээр иргэдийн худалдан авах чадвар мууддаг байна. Түүнчлэн айл өрхийн амьжиргаанд хүртэл сөрөг нөлөөтэй. Тиймээс ам.долларын ханшийн чангаралт хэрхэн нөлөөлөх талаар Санхүү эдийн засгийн дээд сургуулийн захирал Д.Батжаргалаас тодрууллаа.

-Он гараад ам.долларын ханш чангарч эхлэлээ. Энэ юутай холбоотой вэ. Таны байр суурь ямар байна вэ?

-Ам.долларын ханш чангарвал өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг. Нөгөөтэйгүүр импортоор орж ирдэг бараа бүтээгдэхүүн өртөг өндөртэйгөөр манай зах зээлд нийлүүлэгдэнэ гэсэн үг.

-Ам.долларын өсөлтөд юу нөлөөлж байна вэ?

-Хүмүүсийн хүлээлтээс үүдэж байгаа байх. Учир нь он гараад ам.долларын ханш чангарна гэсэн сургаар хүмүүс валютаа сольж хадгалсантай холбоотой.

-Зарим эдийн засагчид Европын өрийн хямрал болон урд хөршийн ам.долларын илүүдлээс үүдэлтэй гэсэн тайлбарыг хэлж байна. Тиймээс зах зээлд ам.долларын ханш өсч байгаа гэх юм. Та үүнийг юу гэж бодож байна вэ?

-Тийм зүйл огт байхгүй. Энэ бол хүмүүсийн хүлээлтээс болсон хөөрөгдөл юм. Түүнчлэн ам.долларын чангаралт нэг ч их удахгүй. Өөрөөр хэлбэл, ченжүүд ам.долларын ханшийг зах зээлд хөөрөгдөх тоглолтыг хийж байна. Тэгээд ч өдийд ам.долларын ханш чангараад байх үе биш.

-Төгрөгийн ханшид хэрхэн нөлөөлөх бол?

-Төгрөгийн ханш сулрах юм бол импортын барааны үнэ өсч, экспорт буурна. Иргэдийн худалдан авах чадвар муудна. Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийн ханш эдийн засагт маш чухал нөлөө үзүүлдэг. Тиймээс ханшийг тогтворжуулах нь чухал.

Б.Пүрэвжав

http://www.mminfo.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж