Ираны Ормузын хоолойд хийсэн усан цэргийн “Велаят-90” (“Манлайлал-90”) хээрийн сургууль мягмар гаригт дууслаа. Усан цэргийн хөлөг онгоцнууд парад хийж, ерөнхий командлагч үг хэлэн уг хээрийн сургуулийг дуусгалаа. Тэр өөрийн үгэнд “Жон Стеннис” гэх америкийн онгоц тээгч хөлөг Ормузын хоолойн зүүн хэсгээр Персийн буланг гаталсанд дургүйцлээ гаргалаа. Ираны онгоц Америкийн хөлгийг тойрон нисэж зургийг нь авсан гэв. “Иран хоёр дахь удаагаа сануулахгүй. Америкийн онгоц тээгч хөлөгт Персийн буланд орж ирэхгүй байхыг би зөвлөж байна” гэж тэр хэлжээ.
Тэрээр бүсийн хөрш орнууддаа хандан “ах дүү Ираныг түшиглэхийг” зөвлөсөн байна. Явж өнгөрсөн Америкийн онгоц тээгчийг нэг сайн харааж аваад Тегеран цөмийн асуудлаар олон улсын хэлэлцээрт ороход бэлэн гэдгээ мэдэгдлээ.
Ираны риал түүхэн дээд хэмжээгээр унасан байна. Мягмар гаригт нэг
доллар нь 17,2 мянган риалтай тэнцэж байв. Өнгөрсөн сард риалын ханш
10,5 мянган риал нь нэг ам.доллар байсан гэж Reuters мэдээлэв. Долларын
ханш нэмэгдсэн шалтгаан нь энэ сарын 1-нд АНУ-ын ерөнхийлөгч Барак
Обама хориг арга хэмжээнд гарын үсэг зурсан явдал гэж болно. Ираны Төв
банкны эсрэг авсан хориг арга хэмжээ нь тус орны нефтийн экспортод том
цохилт болж байгаа юм. Ираны эрх баригчид хориг арга хэмжээ ба валютын
ханш хоёрыг ямар нэгэн холбоогүй гэсэн байв. Хориг арга хэмжээний үр
дагавар хэдэн сарын дараа л харагдана гэж Ираны Гадаад хэргийн яамны
хэвлэлийн нарийн бичгийн дарга Рамин Мехманпараст (Ramin Mehmanparast)
мэдэгджээ.
Европын холбооны хамсаатнууддаа хандан нэгдүгээр сарын сүүлч гэхэд Ираны Төв банкинд нь хориг тавьж, нефтиэс нь бүрэн татгалзахыг Франц уриалжээ. Энэ талаар өнгөрсөн мягмар гаригт Францын Гадаад хэргийн сайд Ален Жюппе хэлсэн байлаа. Өнгөрсөн оны сүүлчийн өдөр Ираны Төв банктай холбоотой гадаадын компаниудыг Америкийн санхүүгийн системд орох эрхийг нь хасах тухай хуулийн төсөлд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама гарын үсэг зурсан байв.
Зарлигт гарын үсэг зурснаас зургаан сарын дараа хориг хүчин төгөлдөр болно. Энэ зургаан сар нь дэлхийн зах зээл тэр хатуу хоригт бэлтгэх зай юм. Ираны Төв банкаар дамжигдан Ираны нефть ба байгалийн хийн төлбөрүүд хийгддэг. Энэ хуулиар АНУ Ираны нефтийг худалдан авахад бараг хориг тавилаа гэсэн үг юм.