Шинэ Үндсэн хуулийг эсэргүүцэн 30 мянган хүн жагсав

Хуучирсан мэдээ: 2012.01.05-нд нийтлэгдсэн

Шинэ Үндсэн хуулийг эсэргүүцэн 30 мянган хүн жагсав

Энэ даваа гаригт хэдэн арван мянган хүн Будапешт хотын гудамжинд гарч нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болсон Үндсэн хуулийг эсэргүүцлээ. Үндсэн хуулийг эрх баригч Унгарын иргэний холбоо (“Фидес”) нам боловсруулжээ. Уг нам 2010 оны сонгуулиар парламентад гуравны хоёрын суудлыг авсан байв.

Reuters агентлаг дамжуулснаар нийт 30 мянга орчим жагсагчид Дуурийн театрын дэргэд жагссан байв. Учир нь “Фидес” намын лидерүүд тэнд шинэ хуулийн баярыг хийж байжээ. Хуулийг шүүмжлэгчид шинэ хуулиар Үндсэн хуулийн цэцийн эрх мэдлийг хязгаарласан мөн “Фидес” намд ашигтайгаар сонгуулийн системийг өөрчилсөн,  бие даасан Төв банкны эрх мэдлийг бууруулсан хэмээн үзжээ.

“Энэ Үндсэн хууль нь 1989 онд бидний хийсэн тэнцвэр, хяналтын системийг эвдэж байна” хэмээн цуглааныг зохион байгуулсан “Эв нэгдэл” хөдөлгөөний дарга нарын нэг Шандор Шекели (Sandor Szekely) хэлсэн байна.

Агентлагийн тэмдэглэснээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, Еврокомиссийн дарга Жозе Мануэль Баррозу нарын хуулийн зарим заалтуудыг өөрчлөх хэрэгтэй хэмээн зөвлөснийг үл тоон парламент түүнийг баталжээ. Шекели ярихдаа шинэ хуулийн улс төрийн хэсгээс гадна Орбаны Засгийн газар үндэсний эдийн засгийн хүнд байдлаас гарах талаар хийж байгаа ажил нь олны дургүйцлийг хүргэж байна гэнэ.

Унгар одоо Олон улсын валютын сан, Европын холбооны зээл авахын тулд бүхнийг хийж байна. Европын засагтай зөрөлдсөн нь дээрх зээлийг авч чадахгүйд хүргэж магадгүй. Уг зээл нь Унгарыг Европын өрийн хямралаас аврахад туслах ёстой. Тус орны удирдлага ОУВС-гаас хоёр жилийн хугацаатай 10 тэрбум еврогийн зээлийн шугам нээх хэлэлцээрт ихээхэн найдаж байна. Дараа нь арай урт хугацааны 15-20 тэрбум еврогийн зээл авч магадгүй  ажээ.

Унгарын шинэ Үндсэн хууль нь зээлийн хэлэлцээрт саад болж магадгүйг шинжээчид хэлж байна. Учир нь шинэ Хуульд Европ төдийлөн таатай хандахгүй байгаа. Олон улсын чансааны Standard & Poor’s агентлаг өнгөрсөн сард Унгарын чансааг “хогийн” гэх төвшинд үнэлэн  “BB+” болгосон байв.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж