Завхан аймгийн иргэн Д.Базаргарам: Онцгой албан татварын тэмдэгтийг хуурамч уу, үгүй юу гэдгийг шалгаад мэдэх биш
Онцгой албан татварын тэмдэгтийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж байна. Ер нь шар айраг, дарсанд онцгой албан татварын тэмдэгт наах нь зөв. Одоо архинд тийм тэмдэгт байдаг. Гэвч түүний нууцлалыг иргэд мэдэхгүй. Тэр хуурамч нь уу, Жинхэнэ үү гэдгийг иргэд мэдэх ямар ч арга байхгүй. Онцгой албан татварыг бүр сайн нууцлалтай болгох хэрэгтэй. Энэхүү тэмдэгтийг хуурамчаар үйлдэгддэг гэсэн яриа их байдаг. Тийм болохоор нууцлал сайтай үйлдвэрлэх хэрэгтэй.
Дэлгүүрээс архи, оргилуун дарс авахад онцгой албан татварын тэмдэгт нь салж унах гэж байгаа л юм байдаг ш дээ. Бараг л нэр хэмээсэн юм байгаа юм шиг. Одоо бол бид архи, оргилуун дарсыг авахдаа тэмдэгт нь байгаа болохоор найдвартай байх л гэж бодож авдаг л даа. Ямар хуурамч тэмдэгт үү, үгүй юу гэдгийг бид шалгаад мэдэх биш.
СБД-ийн иргэн н.Нямдорж: Нууцлал сайтай онцгой албан татварын тэмдэгт гаргаж наах хэрэгтэй
Шар айраг, дарс ялгаагүй согтууруулах ундаа юм чинь онцгой албан татварын тэмдэгт наах нь зөв. Онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлддэг. Үүнийг болиулах хэрэгтэй. Архи авахдаа тухайн тэмдэгтийг анзаарч авлаа ч гэсэн хуурамч нь уу, үгүй юу гэдгийг ялгах ямар ч боломж байхгүй. Таган дээгүүр нь салж унах гэж байгаа цаас л байдаг. Архины албан татварын тэмдэгтийг хуурамч, үгүй нь ялгагдах юм байхгүй болоод байна. Уг нь биднийг аюулгүй хүнс хэрэглэж байгаа шүү гэсэн баталгаатай тэмдэг хэрэгтэй байдаг. Нэгэнт хуулийг нь шинэчилж байгаа юм чинь нууцлал сайтай онцгой албан татварын тэмдэгт гаргаж наах хэрэгтэй.
ЧД-ийн иргэн С.Ганбат: Нууцлал сайтай тэмдэгт хийх хэрэгтэй
Сайн мэдэхгүй байна. Уг нь наах нь зөв. Ер нь Онцгой алба татварын тэмдэгтэд хяналт сайн тавих хэрэгтэй. Одоо хяналт сул юм шиг санагддаг. Хуурамч тэмдэгт үйлдэж байна гэдэг чинь нууцлал муу, хяналт муу байна гэсэн үг. Хуурамч үйлдэгдэж байгаа албан татварын тэмдэгтэд тавьж байгаа хяналтыг чангаруулж, түүнийхээ дагуу арга хэмжээ авч, ард иргэдэд таниулж байх хэрэгтэй байна. Одоо мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдээд байхад тэр үрчийсэн цаасыг амархан дуурайлгах байлгүй. Нууцлал сайтай тэмдэгт хийх хэрэгтэй ш дээ. Одоо хуульд нь өөрчлөлт оруулж байгаа юм бол олигтойхон шиг өөрчлөлт оруулах хэрэгтэй.
СХД-ийн иргэн Ариунаа: Онцгой албан татварын тэмдэгтийн нууцлалыг илүү сайжруулах хэрэгтэй гэж бодогддог
Хуулийн төслийн шинэчилсэн найруулгад шар айрганд онцгой албан татварын тэмдэгт наах тухай байгаа гэж сонссон л доо. Гэхдээ одооны энэ тэмдэгтийг яаж пивонд наах юм бол гэж бодсон. Архины шилэн дээр тагийг нь дарж наасан тэмдэгтүүд салж унах шахсан юмнууд л байдаг. Салах гэж байгаа нь хуурамч нь биш байгаа гэсэн бодол хааяа төрдөг шүү. Гэхдээ нууцлалыг нь илүү сайжруулах хэрэгтэй юм болов уу гэж бодогддог.
СХД-ийн иргэн н.Цэцэгмаа: Бид өнөөдөр баталгаатай, эрүүл мэнд, амь насандаа аюулгүй хүнс хэрэглэх хэрэгтэй байна
Шар айрган дээр онцгой албан татварын тэмдэгт наах нь зөв ш дээ. Одоо гадуур зарагдаж байгаа шар айраг буюу пиво хуурамч уу, аюулгүй юу гэдгийг мэдэх ямар ч боломж байхгүй. Ёстой л нэрэнд нь найдаж байгаа. Шилийг нь ашиглаад хуурамчаар хийхийг үгүйсгэх аргагүй ш дээ. Нэгэнт л хуульд шинэчлэлт хийж байгаа юм чинь албан татварын тэмдэгтийг нь гэсэн өөрчилж, нууцлалыг нь илүү сайн болгох хэрэгтэй байх гэж бодож байна. Хэдэн жилийн өмнө Багануурт хуурамч архинд хордож олон хүн амь насаа алдаж, зарим нь эрүүл мэндээрээ хохирсон хэрэг гарсныг Монголчууд мартаагүй л байх. Бид өнөөдөр баталгаатай, эрүүл мэнд, амь насанд аюулгүй хүнс хэрэглэх хэрэгтэй байна ш дээ.