Шинээр нэвтрүүлж буй иргэний цахим үнэмлэх ISO8710, ISO10373 гэсэн стандартад нийцсэн, лазерь тэмдэглэгээ, солонгон болон мушгирсан хээн хэвлэл, нэвт харагдах зураг бүхий цонх гээд л хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологид үндэслэсэн нууцлалтай юм байх. Цахим гэхээр хамгийн түрүүнд “хакер” гэдэг үг санагдах юм. Тэрхүү чип нь өмнөх иргэний үнэмлэх дээр байдаг овог нэр, регистрийн дугаар, гарын үсэг орчин суугаа хаягаас гадна хурууны хээ мэт нарийн зүйлсийг багтах юм билээ. Харин УБЕГ бүх иргэдийг мэдээллийг төвлөрүүлэн том бааз болгон хамгаалснаар асуудлыг шийдсэн гэнэ. Энэхүү үнэмлэхээ. Поликарбонат гэдэг материалаар хийсэн тул 10 жил хүртэлх хугацаанд хэрэглэж болно гэнэ..
Энэхүү иргэний цахим үнэмлэх нэвтэрснээр бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцооны бүхий л салбар, төвшинг хамарч, төрийн үйлчилгээний үндсэн суурь болох төдийгүй иргэний бүртгэлтэй холбоотой үнэн бодит мэдээллийн бааз, сан үүсэх юм. Мөн мэдээллийн цогц системтэй болж, иргэний үнэмлэхтэй холбоотой гардаг хүндрэл, зөрчил багасч, нууцлал, хамгаалалт сайжирч, тухайн иргэний шилжилт хөдөлгөөн, сонгуулийн санал өгсөн эсэх, цэргийн алба хаасан болон татвар төлсөн байдал зэргийг тодорхойлох боломж бүрдэнэ. Түүнчлэн нийгмийн халамж, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн болон төрөл бүрийн даатгал, боловсрол зэрэг төрийн үйлчилгээг цахим иргэний үнэмлэх ашиглан иргэдэд хүргэх, иргэний бүртгэл нь бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцооны суурь мэдээлэл учир төр, засгийн байгууллагууд мэдээллийг хамтарч ашиглах нөхцөл бүрдэнэ гэж УБЕГ-ын даргыг түр орлон гүйцэтгэгч С.Энхбаатар УИХ-ын Төрийн байгуулалт, хууль зүйн байнгын хорооны эрхэм гишүүдэд тайлбарласан юм.
Уг нь иргэний цахим үнэмлэхийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-наас цахим иргэний үнэмлэхийг тараана гэж байсан ч хэвлэх машинаа гаднаа оруулж, ирэхдээ хугацаа алдсан зэрэг шалтгааны улмаас нэг сараар хойшлогджээ.
Харин одоогийн үнэмлэхийг тараахад хүн хүчний хувьд дутагдаж буй талаар УБЕГ-ын ажилтнууд гишүүдэд ярьж байлаа. Тэд ажлын цагаа сунган ажиллахаас гадна, хороо, сумдын Тамгын газартай хамтран ажиллах гэнэ. Өмнөх шинэчилсэн бүртгэлийн үеэр ажилласан туршлагаараа нийслэлийн 132 хороо, 21 аймгийн 334 сум, хилийн чанадын 30 улсад байгаа Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчдөөрөө дамжуулан иргэдэд хүргэх аж. Гэхдээ нэмж, түр ажилчин авах талаар ч ярилцаж байна. УБЕГ-т ажиллахын тулд заавал итгэмжлэгдсэн төрийн албан хаагч байх ёстой бөгөөд одооноос эхлэн зарим албан газруудтай гэрээ хийх хэрэгтэй байгаа гэдгээ ч хэлж байлаа.