-Та шинэ он гарахын өмнө Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар Засгийн газарт асуулга тавьж хариулт сонссон. Харин Эдийн засгийн байнгын хорооны шинэ оны эхний хурлаар Нийслэлийн хөгжил, хот төлөвлөлтийн асуудлаар байнгын хорооны тогтоол санаачилж батлууллаа. Энэ тогтоолын талаар товч мэдээлэл өгнө үү?
-Оны өмнө Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх асуулгынхаа хариултыг Ц.Нямдорж сайдаас сонссон. Манай замын хөдөлгөөний аюулгүй байдал хүн амын тоотойгоо харьцуулахад хүндэвтэр байгааг Засгийн газрын хариултаас олон нийт ойлгосон байх. Судалгаагаар жилд дунджаар 35000 орчим зам тээврийн зөрчил бүртгэгдэж, 600 орчим хүн зам тээврийн ослоор амь насаа алдаж, 3000 гаруй хүний биед хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл учирчээ. Зам тээврийн осолд өртөж байгаа иргэдийн дотор сургуулийн насны хүүхэд нилээд хувийг эзэлж байгаа нь сэтгэл эмзэглүүлсэн асуудал. Замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлж байгаа том хүчин зүйлүүдийн дотор төлөвлөлтгүй хот байгуулалт, түүний нэвтрүүлэх чадвар, замын чанар, хууль тогтоомжийн хэрэгжилт, энэ асуудалтай холбогдсон төрийн байгууллагуудын ажил үүргийн уялдаа орж байна. Багавтар хүчин зүйл гэвэл машины буруу талын хүрд, замын хөдөлгөөний орчин үеийн мэдээлэлийн технологийн тааруухан ашиглалт, согтуугаар машин жолоодох явдал, жолоочийн хариуцлага, явган зорчигчдын замын хөдөлгөөний соёл зэрэг зүйлүүд орж байна. Түүнчлэн зам тээврийн 10 ослын нэг нь согтуугаар машин жолоодсоноос гарч байгааг анхаарах шаардлагатай. Өнөөгийн хөгжилтэй орнууд энэ байдлыг бүгд туулж гарсан. Тодруулбал, тухайн зам дээрх хурдны хязгаарыг 25 км/цаг-аас хэтрүүлэх, явган зорчигчийн гарцтай газар осол гаргах, согтуугаар машин жолоодож бусдыг гэмтээсэн тохиолдолд шууд эрүүгийн хариуцлага оногдуулж ирсэн байдаг. Иймд Засгийн газар энэ асуудлаар УИХ-ын гишүүдийн асуулгад хариулаад зогсохгүй, эдгээр мэдээлэлд үндэслэн өнөөгийн хууль, тогтоомжийн хүрээнд боломжтой бүх арга хэмжээг цогцоор нь зохион байгуулах, төрийн байгууллагуудын ажлын уялдааг сайжруулах, нөгөө талаас эрх зүйн орчныг боловсронгуй болгох болон бусад ажлуудыг хийх шаардлагатай байна.
-Замын хөдөлгөний аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл хот төлөвлөлттэй ямар нэг байдлаар холбоотой та үзэж байгаа юм байна. Тэгвэл нийслэлийн хот байгуулалтын төвшин ямархуу байгаа бол?
-Монгол Улсад тулгамдсан асуудлын нэг гарцаагүй нийслэлийн хот байгуулалт, төлөвлөлтийн асуудал гэдэгтэй маргалдах хүн байхгүй байх аа. Тухайлбал, утаа, замын түгжрэл, байгаль орчны бохирдол, замын хөдөлгөөний аюулгүй байдал, хэв журмын зөрчил гээд зөндөө асуудал байна. Манай нийслэлийн хот төлөвлөлтийн асуудал олон улсын төвшинд хүрэх яагаа ч үгүй. Хот байгуулалтын асуудалд тухайн хотын газар доорх инженерийн байгууламжаас авахуулаад агаарын орон зайн долгионыг ашиглах хүртэлх асуудал багтдаг. Хот төлөвлөлт нь тухайн хотын оршин суугчдыг аюулгүй, ая тухтай орчинд ажиллаж амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх үндсэн зорилготой байдаг. Хот байгуулалт нь цогц асуудал. Ургаа модоор зүйрлэвэл зөвхөн түгжрэл зэргийг ярих нь согогтой болсон ганц мөчрийг л хэрхэн тордох вэ гэж ярьж байгаатай ижил юм.
Сүүлийн жилүүдэд нийслэлийн хүн ам хурдацтай өсч, төвлөрөлөөс үүсэлтэй тулгамдсан асуудлууд нэмэгдэж байгаа нь хот төлөвлөлтөөс хэдэн жилээр түрүүлчихсэн явааг харуулж байна. Ер нь энэ зуунд төлөвлөлтгүйгээр нийслэл хотоо байгуулж байгаа улс орон тийм ч олон байхгүй биз. Улаанбаатар хотыг анх 400-500 орчим мянган оршин суугчтай байхаар оросуудын тусламжтайгаар төлөвлөж байгуулсан гэдэг. Гэтэл өнөөдөр гаднын оршин суугчдыг оруулбал нийслэлийн оршин суугчдын тоо бараг 1,5 саяд хүрэх байх. Зүйрлэвэл таван литрийн саванд 15 литр ус багтаах гээд байгаатай утга нэг сонсогдож байгаа биз дээ. Монголд улс төрийн нам байгуулагдсанаас хойш, мөн сүүлийн 20 гаруй жилд ч нэг нам засагласаар ирсэн. Иймээс нийслэлийн ИТХ Улаанбаатар хотод үүсээд байгаа хөгжлийн гацааг хэрхэн гаргах вэ гэдэг дээр хурдацтай ажиллах шаардлагатай байна. Хууль зөрчигчидтэй төрийн хууль хяналтын байгууллага хариуцлага тооцохгүй бол энэ байдал сайжрах эсэх нь тодорхой бус байсаар байх нь.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны тогтоолоор УИХ-ын тухай хуулийн холбогдох заалт, Хот байгуулалтын тухай хуулийн тавдугаар зүйлийг үндэслэн Нийслэл тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, эдийн засгийн идэвхтэй бүсийг тэлэх зорилтын хүрээнд Нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Бүс нутгийн хөгжлийн тухай хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг 2012 оны хоёрдугаар сарын 1-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт”даалгасан.
-Заавал тогтоол гаргах шаардлагатай байв уу. Хот байгуулалтын тухай хуульд Нийслэлийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг УИХ-аар батлуулна гэж заасан юм бол Засгийн газар оруулж ирэх нь зөв биш үү?
-УИХ-ын 2008 оны сонгуулийн өмнө Хот байгуулалтын тухай хуулийг гишүүдийн хамт миний бие санаачлан батлуулсан. Мөн 2005 онд Японы ЖАЙКА-д Нийслэлийн хот байгуулалтын төлөвлөгөөг буцалтгүй тусламжаар хийлгэх саналыг тавьж байсан. Энэ төсөл өнгөрсөн онд хэрэгжиж дуусаад тайлангаа Монголын талд хүлээлгэн өгсөн. Энэ хуульд УИХ хот байгуулалтын талаарх бодлогыг тодорхойлж, Нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлана гэсэн заалт байгаа. Парламентын засаглалтай олон оронд нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг парламент нь авч хэлэлцдэг. 2008 оноос хойш энэ асуудлаар хоёр удаа асуулга тавьж хариулт авсан. Гэтэл өнөөг хүртэл хот төлөвлөлтийн асуудал ямар төвшинд байгаа нь тодорхой бус байна. Түүнчлэн сүүлийн үед оюутны тосгоныг хотын зүүн тийш, хөнгөн үйлдвэрийг баруун тийш гаргах, нийслэлд метро барихаар боллоо гэж ярих болсон. Эдгээр асуудлыг ингэж шийдэж болно л доо. Гэхдээ сайн судалгаа, төлөвлөлтгүйгээр нийслэлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэвэл зардал өртөг нь хамаагүй өндөр тусах нь энгийн, ойлгомжтой асуудал. Сүүлийн үед улс орнууд хот, дагуул хотыг байгуулахдаа хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг ихэд татах болжээ. Гол арга нь дэд бүтцийг нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийлгэж оронд нь тэр газраас нь эзэмшүүлдэг юм билээ. Манайх шиг татвар төлөгчдийн хөрөнгөөр хотынхоо дэд бүтцийг бий болгоод эдийн засгийн ашигтай газраа албан тушаалтны гарын үсгээр улстөрчдөд нөлөөтэй хэдхэн компанид зүгээр өгчихдөг орон ховордож байгаа бололтой.
-Байнгын хорооны тогтоолд нийслэлийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнөөс гадна эдийн засгийн идэвхтэй бүсийг тэлэх, Бүс нутгийн хөгжлийн тухай хууль, тогтоомжид өөрчлөлт оруулна гэж оруулсан.Энэ ямар зорилготой вэ?
-Монгол Улс нэг хүнд оногдох газрынхаа хэмжээгээр дэлхийд дээгүүрт ордог. Гэтэл нийслэл хот, суурин газарт иргэд газраа хувьчилж авах гэхээр газар олдохгүй байна. Энэ нь газаргүйдээ биш, дэд бүтэц бүхий газар хүрэлцэхгүй байгаатай холбоотой. 2011 оны хоёрдугаар улиралын байдлаар хөдөөд нийт хүн амын 10 орчим хувь, хотод нийт хүн амын 7,5 хувь газраа хувьчилж авчээ. Хувьчилж авсан газрын хэмжээ нь нийт газар нутгийн нэг хувь орчим болж байна. Гэтэл ашигт малтмалын хайгуулийн болон ашиглалтын лицензтэй газрын хэмжээ нийт газар нутгийн 15 орчим хувийг эзэлж байгаа. Нөгөө талаас 1,5 сая хавтгай дөрвөлжин км газар нутагтай мөртлөө нийт хүн амынх нь 50 орчим хувь нь дөрвөн хайрханы дунд 800 орчим км кв газарт бөөгнөрчихсөн. Энэ талбайг эдийн засгийн идэвхтэй бүс гэж үзэж байгаа юм. Ихэнх орнууд төвлөрөлийн асуудлыг эдийн засгийн идэвхтэй бүсийг тэлэх байдлаар шийдэж ирсэн. Ингэж шинээр хот байгуулахдаа хүн ам их төвлөрсөн газартай нь сайн дэд бүтцээр, хурдан галт, тэрэг хурдны замаар холбороос гадна ая тухтай амьдрах, ажил эрхэлж орлого олох нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн дунд, урт хугацааны төлөвлөлт бүхий хот байгуулалтыг хийж иржээ. Эдийн засгийн идэвхтэй бүсийн радиус нь их байх тусам улс орон хурдан хөгжсөн жишээ захаас аваад зөндөө бий.
Монгол Улсын тухайд байгаль, орчныг хамгаалах, газрын харилцааны бодлогын тухайд 2,8 сая иргэний зохистой ашиглалтаар дамжсан бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай болсон. Газрын хэвлийн баялгийн хуваарилалтаас илүү иргэд, аж ахуйн нэгжээр дамжуулан газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь ихэд зохистой. Газар зохион байгуулалтын тухайд ч, хотын тухайд ч төлөвлөлт маш чухал байна. Ингэснээр иргэд үл хөдлөх хөрөнгөтэй болох, энэ хөрөнгөө эдийн засгийн эргэлтэд оруулах, хойч үедээ өвлүүлэх юм. Улмаар монголчууд эх орондоо ажилтай, орлоготой, амьдрах боломж нэмэгдэнэ. Өнөөгийн байдлаар энэ зорилт хэрэгжихэд хүндрэлтэй байна.
-Бүс нутгийн хөгжлийн тухайд байнгын хорооноос зөндөө тогтоол гардаг Засгийн газар руу зөндөө санал явуулдаг. Тэгэхээр энэ тогтоол хэрэгжих болов уу.?
-Тогтоолыг хэрэгжүүлэхийн төлөө УИХ ч, Засгийн газар ч ажиллах үүрэгтэй. Бүс нутгийн хөгжлийн тухай хууль, тогтоомжийг 2000-2004 оны хооронд баталсан. Гэтэл түүнээс хойш Монгол Улс өвөг дээдсээс үлдээсэн байгалийн баялаг ихтэй орон гэдгээрээ олон улсын анхааралд орчихлоо. Иймээс сүүлийн үед энэ баялгаа урт хугацааны төлөвлөлттэйгээр, боловсруулж, дэлхийн зах зээлийн үнэд ойрхон ханшаар хэдхэн гэр бүлд ашигтайгаар бус, нийт монголчуудад ашигтай байх нөхцөлөөр борлуулах талаар ихэд ярих боллоо. Энэ нь ч шудрага ёсонд нийцнэ. Баялаг, баялаг боловсруулах үйлдвэр, аж үйлдвэрийн төвүүдийг дагаж амьдрах хандлага хүн амын тодорхой хэсэгт аль хэдийн гарсан байна. Иймээс энэ чиглэлээр бүс нутгийн хөгжилтэй холбогдсон хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах нь зохистой гэж бодож байна.