”Энэ бүхэн сонгуулийн дараа замхарчих вий”

Хуучирсан мэдээ: 2012.01.05-нд нийтлэгдсэн

”Энэ бүхэн сонгуулийн дараа замхарчих вий”

Сүүлийн үед их сургуулиудын хотхон бүтээн байгуулалтын асуудал олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байгаа билээ. Зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр энэ ажил бүрэн зогссон гэсэн мэдээлэл гарсан. Тэгвэл их сургуулиудын хотхоны ажил ямар шатандаа явж байгаа талаар болон энэхүү хотхоны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах үүднэс Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын зөвлөх, Их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргааны дарга Ц.Энхболдтой ярилцсанаа хүргэе.

-Оюутны хотхоныг Налайх дүү­рэгт барих гэж байгаад Багануурт бари­­хаар болсон. Өмнө нь төлөвлөж бай­­сан ажил, төлөвлөгөө өөрчлөгдөх үү?

-Их, сургуулиудын хотхоны өмнө нь боловсруулсан ерөнхий төлөвлөгөөг Багануурт ч гэсэн хэрэглэнэ. Энэ ерөнхий төлөвлөгөө нь баригдах гэж байгаа их, сургуулиудын хотхонд хэдэн хүн амьдрах юм, яг хичнээн хэмжээний хүн оршин суух суурьшлын бүс байгуулах юм, тэдэн ширхэг сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг барина гэсэн нарийн тоо, бүтцийг л гаргана гэсэн үг. Их сургуулиудын хотхон баригдахаар болсон Хүрмэнтийн хөндийд бид өмнө нь боловсруулсан ерөнхий төлөв­лөгөөгөөр л ажиллана. Гэхдээ байрлал нь өөрч­лөг­дөж байгаа. Өөрөөр хэлбэл Багануур дүүргийн Засаг дарга батлаад Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталсан 10 мянган га газар дээр хаана юу байршуулж болох вэ гэсэн хот төлөвлөлтийн судалгааг явуулах ёстой. Бид одоо ямар ажил хийх гэж байна вэ гэхээр 300, 300 метрийн зайтай 25-50 метрийн гүнд өрөмдлөг хийнэ. Гарсан хөрс, шорооны дээжийг хайрга, элс, хөрс, шороо хэдэн хувийг, цэвдэг хэдэн хувийг эзэлж байна вэ гэдгийг гаргана. Үүний дараа Хүрмэнтийн хөндийн аль хэсэгт өндөр барилга барих вэ, хаана нь арай намхан, хаана нь гудамж талбайгаа барих вэ гэдэг нь тодорхой болно гэсэн үг. Энд нэг зүйлийг хэлэх хэрэгтэй их сургуулиудын хотхон барихад дэд бүтцийг учиргүй шинэчлээд байх­гүй. Зөвхөн холболтуудыг эхний ээл­жинд хийнэ. Тиймээс хөрөнгө, мөн­гө цаг хугацааг маш их хэмнэнэ гэж ойлгож болно. Ер нь бол анхны хөрөн­гө оруулалтыг хэмнэсэн давгүй шийд­вэ­рийг Засгийн газар гаргасан.

-Эрчим хүч болоод төвийн ду­лаан, цэвэр, бохир усны асуудлыг хэр­­хэн шийдэж байгаа вэ?

-Багануурын дулааны цахилгаан станц есөн зуухтай. 20 гекакалорыг нэг цагт үйлдвэрлэдэг найман зуухтай, 10 гекакалорын нэг зуухтай. Нийтдээ энэ цахилгаан станц 170 гекакалорын хүчин чадалтай юм билээ. Гэхдээ одоогийн байдлаар Багануур дүүрэг дөнгөж 60 гекакалорыг л хэрэглэж байгаа. Цаана нь дахиад хоёр Багануур үлдэж байгаа биз. Өөрөөр хэлбэл бидэнд хангалттай хүрэлцэх хэмжээний дулааны нөөц байна гэсэн үг. Бидэнд зөвхөн трубагаа шинээр татах л ажил үлдэж байгаа гэж ойлгож болно. Их сургуулиудын хотхон цаашдаа өргөжин, тэлэхээр бол үүнд шаардлагатай дулааны эх үүсвэрийг дахин барих хоосон зай одоогийн цахилгаан станцад байгаа. Багануурын цахилгаан станцын талд нь л зуух, үлдсэн зай нь хоосон байгаа юм. Тиймээс бидэнд дахиж цахилгаан станц барих шаардлага байхгүй. Цахилгааны хувьд нэг азтай юм бий. Учир нь Багануураас хоёр километрийн зайд Монгол улсын зүүн бүсийг цахилгаанаар хангадаг дэд станц байдаг юм билээ. Одоогийн байдлаар дахиад дөрөв, таван ширхэг Багануурт хүрэлцэхүйц эрчим хүчний нөөц байгаа. Их сургуулиудын хотхон баригдлаа гэхэд хэдэн ч киловаттын цахилгааныг татах бололцоо бий.

-Гадаадын их сургуулиудын хот­­хо­ныг харвал шинжлэх ухааны чиг­лэлээр нь бүсчилсэн байдаг. Манайд баригдах их сургуулиудын хотхон яг ямар шийдлээс бүтэх вэ?

-Энэ бол их чухал асуудал. Одоо байгаа их сургуулиудыг Хүрмэнтийн хөндий рүү нүүлгэнэ л гэсэн ойлголт олон нийтийн дунд байна шүү дээ. Бид зүгээр л нэг их сургуулийг нүүлгэх гээд байгаа юм биш. Хүрмэнтийн хөн­дий рүү нүүлгэх гээд байгаагийн гол утга учир нь Монгол Улсын оюуны төвийг бүтээх. Үүний дараагаар дээд боловсролын салбарт үүсээд байгаа хамаг л болохгүй асуудал ямар нэгэн хэмжээгээр шийдэгдэнэ. Одоо бол бүх их, дээд сургууль ижилхэн мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж байна шүү дээ. Тэгэхээр бид шинээр босох их сургуулиудын хотхонд техник, технологийн, байгалийн ухааны, нийгмийн ухааны гээд шинжлэх ухааны чиглэл бүрээр нь нэг, нэг бүс болгож хийхээр төлөвлөж байгаа. Ингэснээр одоо байгаа давхардаж бэлтгэх алдаа арилна гэж ойлгож болно. Яагаад гэвэл бүх оюутнууд энд байрлах учраас. Үүнийг дагаад нээлттэй өрсөлдөөн ч бий болно. Чаддаг нь оюутнууддаа мэдлэг өгөөд, судалгаагаа явуулна, чаддаггүй нь энэ бүсээс нэг ёсондоо шахагдана. Бас нэг томоохон боломж ажиглагдаж байгаа нь шинжлэх ухааны бүх эрдэмтэд нэг бүсэд орно. Одоо тал, талд салангид байгаа эрдэмтэн, профессорууд хэрвээ нэгдчих юм бол манай шинжлэх ухаан илүү боловсронгуй, дэлхийн хэмжээнд хүрэх боломж нь нээгдэнэ.

-Бусад улс орны их сургуулиудын хотхон өвөрмөц архитектурын шийд­­лээр боссон байдаг шүү дээ. Харин манайд баригдах хотхоны архи­тек­­турын шийдэл ямар байх бол. Нэгэн хэвийн дөрвөлжин саа­рал барилгууд байх юм биш биз?

-Бид архитектурыг холимог мая­гаар шийдэж байгаа. Өмнө нь бид бүх барилгын архитектурыг яг таг төлөвлөдөг байсан. Гэтэл таван жилийн дараа баригдах барилгыг ийм зургаар хийнэ гээд төлөвлөчихдөг байсан юм. Одоо бол бүх юм өөр болсон. Тэр барилгыг барих технологи нь хүртэл таван жилийн дотор өөрч­лөгддөг болчихсон байна шүү дээ. Таван жилийн дараа тэр газар эмнэлэг барина гэвэл тэр эмнэлгийг л барина. Гэхдээ тэр үеийн архитектурыг өнөөдөр баталдаг нь хамгийн буруу. Их сургуулиудын хотхоны шинжлэх ухааны чиглэл болгоноор нь өөр, өөр архитектурын шийдлээр хийх гэж байгаа. Өөрөөр хэлбэл байгалийн шинж­­лэх ухааны бүсийн барилгын дизайн, биологийн шинжлэх ухааны бүс­тэй адилхан байхгүй гэсэн үг.

-Тэнд багшлах эрдэмтэн, профес­­соруудыг ямар шалгуураар ажил­­луулах вэ? Одоо байгаа их сур­гуу­лиудын багш нарыг бүгдийг нь тэнд авч ирээд хичээл заалгах юм уу?

-Одоо байгаа их сургуу­лиудын багш нарыг шууд Хүрмэнтийн хөндий рүү явуулна гэсэн үг биш. Хотдоо үлдэх нэг нь үлдээд, их сургуулиудын хотхон руу явах нэг нь явна. Их сургуулиудын нэгдсэн хотхон баригдахад эдгээр их сургуулиудын тодорхой хэсэг нь хотдоо үлдэнэ. Өөрөөр хэлбэл их сургуулиуд хоёр хөлтэй болно гэсэн үг. Их сургуулиудын захиргаа юм уу, элсэлт хариуцсан хүмүүс нь эндээ байрлахаас гадна, төгсөх ангийн оюутнууд эндээ байрлана. Яагаад гэвэл төгсөх ангийн оюутнууд үйлдвэрлэлийн дадлага хийх шаардлагатай болдог учраас хотын төвдөө байрлана гэсэн үг. Бас докторантурын оюутнуудыг ч хотын төвд байрлуулна гэж ойлгож болно. Ер нь бол их сургуулиудын хотхонд очих багшийг бид нээлттэй сонгон шалгаруулалтаар авна. Тэндээ очоод багшилсан хойноо ч өрсөлдөөн нь нээлттэй болох юм. Их сургуулиудын хотхон суралцаж амьдарч байгаа оюут­нууд тухайн хичээлийг аль багшаар заалгах вэ гэдэг сонголт нь нээлттэй болно. Оюутан тоохгүй бол багш ажилгүй болно. Оюутанд тоогдохын тулд багш ажлаа хийдэг болно.

-Гадны их сургуулиудын оюутны хотхоныг харахад тал хэсэгт нь их сургуулиа бариад, үлдсэн хэсгийг нь зарж борлуулаад хөрөнгө оруулалтаа нөхөж олдог туршлага байдаг. Манайд энэ асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ?

-Их сургуулиудын хотхоны хэсэг, хэсгээр нь төлөвлөж байгаа. Ингээд орон сууц баригдах газрыг барилгын хувийн компаниудад олгох юм. Бусад улс орнуудад үүнийг газар худалдах гэж нэрлэдэггүй юм билээ. Газрыг эргэлтэнд оруулна гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл тэр газрыг хувийн хэвшлийнхэнд өгсөнөөр тухайн хотхон барьсан хөрөнгийг эргүүлэн олох гэж ойлгодог. Одоогийн байдлаар ингэж хувийн хэвшлийнхэнд өгөх нь хуулиар хориотой үйлдэлд тооцогдоно. Тиймээс хуулиар үүнийг зөвшөөрөх тогтолцоог бий болгох шаардлагатай. Яваандаа Зас­гийн газар, Улсын их хурлаас үүнийг заа­вал тооцоолох ёстой.

-Аливаа нэг улс орны оюутны хотхонд дэд бүтцийг нэлээд нарийвч­лал­тайгаар шийдсэн байдаг. Манайд энэ асуудлыг хэрхэх вэ?

-Их сургуулиудын хотхоныг төлөв­лөх­дөө гол замуудыг 8-10 эгнээтэйгээр төлөвлөж байгаа. Угаасаа энэ нь ч дэлхийн стандарт. Уулзварууд нь тойргийн системтэй байх болно. Ийм уулзварууд хэзээ ч зогсч нэгнийгээ хүлээгээд байх шаардлагагүй байдаг. Харин одоо Улаанбаатарт тойргоор явж байгаа машиныг зогсоогоод гацаа үүсгээд байдаг шүү дээ. Угтаа тойргоор эргэх гэж байгаа машин нь хүлээх ёстой. Мөн бид Нью Дели, Бээжин зэрэг томоохон хотуудын түгжрэл үүсгэдэггүй хөдөлгөөний сис­темийг нэвтрүүлэх гэж оролдож байна. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа оюутны хотхонд өөрийн гэсэн нийтийн тээвэр байдаг. Манайд ч мөн ийм жишгээр төлөвлөж байгаа. Бас нэг асуудлыг шийдэж байгаа машины зогсоол. Түр хугацаанд их сургуулиудын хотхонд ирж байгаа хүмүүс болон багш, ажилчдын машиныг тавих зогсоолын асуудлыг бид 4-5 давхар зогсоолоор шийдэж байгаа.

-Хотхон баригдсаны дараа аль бай­гууллагын харъяанд байх вэ? Боловсрол соёл шинжлэх ухаа­ны яам­ны доор байх уу, эсвэл Нийс­лэ­лийн засаг даргын тамгийн газрын доор байх уу? Бүр эсвэл тусдаа захир­гаатай, тусгай бүсийн статустай байх уу?

-Дэлхийн бусад улсуудад үүнийг тусгай бүс болгож хөгжүүлсэн байдаг. Бүр тусгайлсан эрх зүйн акттай нь ч бий. Одоо байгаа татвар болоод захиргааны дарамт шахалтан доор шинээр үүсч байгаа оюуны төв хөл дээрээ зогсоход төвөгтэй. Ялангуяа их, сургуулиудын судалгаа, судалсан эрдмийн ажлаа эрдэмтэд амьдралд турших гэж байгаа нөхцөлд хэцүү. Эрдэмтэд бол 10 туршилтаас хоёрыг нь бизнесийн эргэлтэнд оруулдаг шүү дээ. Тиймээс энэ хүмүүст өндөр татвар оногдуулаад, баахан бичиг, баримтын дарамт үзүүлээд байвал энэ хотхон эзгүйрнэ. Бусад улс орны туршлагаас харвал энд ажиллаж байгаа хүмүүсийг татвараас чөлөөлөөд, гадны хөрөнгө оруулалтаар ирсэн техник хэрэгсэлийг гаалийн татвараас нь хөнгөлдөг тогтолцоо үйлчилдэг юм билээ. Манай их сургуулиудын хотхон ч ялгаагүй ийм л байх ёстой. Энэ утгаараа их сургуулиудын хотхон бол БСШУЯ-ны харъяа ч биш, Нийслэлийн мэдлийн ч биш, тусдаа биеэ даасан оюуны хөгжлийн томоохон бүс болж хөгжих учиртай юм.

-Та бид хоёрын ярьж байгаа эдгээр зүйлсийг маш их хэмжээний мөнгөөр хийж байгаа байх. Шинжлэх ухааны бүс болгон дээр нь ямарваа нэгэн улсаас хамтарч ажиллая гэсэн хүсэлтийг ирүүлсэн үү?

-Одоо нэг ийм юм ажиглагдаж байгаа. Зүгээр орж ирээд нэгэнт шийдэгдчихсэн мөнгөн дээр ажиллая гэсэн саналууд их ирж байгаа. Гадаадаас ч тэр, дотоодоос ч тэр. Энэ бол сонин биш. Их сургуулиудын хотхоны санхүүжилтийг 2011 онд Ерөнхий сайд Солонгос болон Хятад улсад айлчлахдаа засгийн газрын буцалтгүй тусламжийг хэрэглэхээр болсон. Тодорхой хэмжээ­ний арилжааны зээлийг Монгол Улсын засгийн газар анх удаа авах эрхтэй болсон байгаа. Үүнийг анх удаагаа их сургуулиудын хотхон дээр хэрэглэе гэсэн саналыг дэвшүүлсэн. Бүр харилцан ойлголцлын санамж бичгүүдэд гарын үсэг зурсан. Харин орж ирэх санхүүжилтийг үр ашигтай, системтэйгээр ашиглахыг л чухалчлах хэрэгтэй. Их сургуулийн хотхон барихад шаардагдах хөрөнгийг аль болохоор татвар төлөгчдийн мөнгийг оруулдаг ч юм уу, улсын төсвийн хөрөнгөнөөс гаргахаас татгалзах нь чухал. Харин томоохон бизнесийн байгууллагуудад бололцоог нь олгоод тэнд баригдах үзвэр, үйлчилгээний газрууд, нийтийн суурьшлын бүсүүдийг өгөх хэрэгтэй. Гадны зээл тусламжийг Засгийн газрын баталгаатайгаар олгоод явах ч шаардлагатай байгаа. Өөрөөр хэлбэл их сургуулиудын  хотхоны дэд бүтэц, хичээлийн байр, судалгааны лаборатори, номын сан гэсэн том, том объектуудыг төр хариуцаад үлдсэнийг нь хувийн хэвшлийнхэнд даалгавал төрөөс нэг их мөнгө шаардагдаад байхгүй юм. Хувийн хэвшлийнхэнд газар, байрыг нь өгөөд, дээрээс нь зээлийн хөнгөлөлттэй нөхцөлийг санал болгох юм бол бүтээн байгуулалт ч илүү хурдан өрнөх бололцоотой. Үүнийг дагаад олон ч ажлын байр бий болно. Хувийн хэвшлийнхэнд боломжийг нь л гаргах нь чухал. Төрөөс зөвхөн 10-15 хувийг л гаргахад хангалттай болно.

-Одоо та бүхний судалгааны ажил ямар шатандаа явж байна?

-Хамгийн хүлээгдээд байсан газрын асуудлыг Засгийн газар шийдчихлээ. Өмнө нь Улаанбаатар хотын Засаг даргын захирамжаар гаргаж өгсөн Налайхын Шивээтийн хөндийд оюут­ны хотхон баригдахаар байсан бол зардал хамаагүй их өсөх байсан. Мөн барьчихсан хойноо барилга, байгуу­лам­жийн ашиглалтын зардал ч өсөх байлаа. Шивээтийн хөндийд байгаа цэвдэгийг хөргөхийн тулд маш өндөр үнэтэй хөргүүрийн технологийг ашиг­лах зэрэг шаадлагагүй зардал нэмэг­дээд байсан юм. Одоо бид Багануурт газар шинжлэх ажил дээрээ явж байна. Ер нь ямар ч хотыг барихад эхлээд газрыг маш сайтар шинжлэх ёстой байдаг. Зөвхөн газрыг шинжлэхэд л 2-3 сарыг зарцуулж байгаа. 10 мянга га газар гэдэг бол тийм жижиг талбай биш. Бид 10 мянган га газрын бүх хэсгээс нь дээж авч судалгаа хийх ёстой болоод байгаа. Мөн бид дэвсгэр зургаа хийж байгаа. Хотгор, гүвээ, налуу, хонхор гээд газрын байдлыг ерөнхийд  нь гаргаж байж зам харгуй, байшин, барилгаа барина шүү дээ. Энэ бүх газрыг 1*500-ийн нарийвчлалтайгаар дэвсгэр зургийг хийх юм. Хийж байгаа бас нэг ажил гэвэл байгалийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг хийлгэж байна. Мөн гедрологийн ч судалгааг хийж байна. Маш олон судалгааг хийж байгаа учраас, их хэмжээний хөрөнгө шаар­­дагдаж байгаа. Хөрөнгө, мөнгөө гам­наад судалгааны ажлыг дутуу хийх л юм бол дараа нь байшин барилга ну­раад, зам нь хагараад л эхлэнэ гэсэн үг.

-Барилгын ажил яг хэзээ эхлэх вэ?

-Судалгааны ажлыг хийж байж, дараа нь ерөнхий төлөвлөгөөгөө байр­шуулна, үүний дараа объемоо гаргана, дараа нь мэргэжилтнүүдэд өгөө архитектураа шийднэ. Эцэст нь барилгын ажил эхэлнэ. Энэ бүх дэс дараалалаар явбал 2-3 жилийн дараа барилгын ажил эхлэх болно. Концессын хуулийн хүрээнд Өмнөд Солонгосоос ирсэн санхүүжилтийн дагуу оюутны хотхоныг барих барил­гач­дыг бэлтгэх Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийг барих, дэд бүтцийн шугамыг татах ажлуудыг ямар ч байсан энэ зунаас эхлээд хийнэ.

-Тэгвэл яг гурван жилийн барил­гын ажил эхлэнэ гэж ойлгож болох уу?

-Үүнийг баталгаатай хэлж чадна. Зарим барилгын ажил нь ч энэ зун эхэлж байгаа.

-Та манай сонинд хэдэн сарын өмнө хандаж байхад төрийн албаны хүнд суртал ажил явуулахад саад болж байна гэж байсан. Энэ хүнд сур­тал та бүхний төлөвлөгөөнд ямар нэгэн саад учруулахгүй юм байна. Тийм үү?

-Хүнд суртал хаашаа холдох вэ, байж л байна. Санхүү, мөнгөний асуудал дээр БСШУЯ-тай хэл, амаа олохгүй л явна. Үйл ажиллагаа эхлээд явж байгаа учраас бэлэггүй юм бодмооргүй байна. Ямар ч байсан ажил нэг жилийн өмнөхөө бодвол урагшилсан. Бид олон нийтэд их сургуулиудын хотхоны ажил хэр зэрэг байгааг харуулж байхын тул веб сайт нээх гэж байна. Энэ сайтад манай ажил хэдэн хувьтай байна, энэ байдлаараа байвал хэдий хэр хугацааны дараа дуусах вэ гэдэг нь нээлттэй байна гэж ойлгож болно.

-Сонгууль ойртож байна. Үү­нийг дагаад нэгэн айдас байна л даа. Сонгуулиас, сонгуулийн хоо­ронд явж байгаа бүх ажил унаад, дараа­гийн сонгуулийн шоу эхэлдэг. Их сургуулиудын хотхоныг бүтээн бай­гуулах ажил унах болов уу, цаашаагаа хэрэгжээд явах болов уу?

-Үүнийг би үнэхээр хэлж мэдэхгүй байна. Анх би Азийн хөгжлийн банкны шугамаар БСШУ-ны сайдын зөвлөх гэж ирэхэд их сургуулиудын хотхон баригдах яриа өрнөж байсан. Үүний дагуу бодлогыг нь боловсруулахад би оролцсон. Бичиг баримтуудыг нь ч боловсруулсан. Тэгээд л энэ ажлыг эхлүүлсэн. Хэрвээ ирэх сонгуулиар БСШУ-ны сайдаар томилогдсон дараа­гийн хүн Их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргааг бүрэн бүрэлдэхүүнээр нь солих л юм бол бидний төлөвлөсөн ажил огт өөр тий­шээ эргэхийг үгүйсгэх аргагүй. Энэ аюул байнга л дэргэд байна. Их сургуулиудын хотхоны бүтээн байгуу­лал­тын асуудлыг тогтвортой байлгах үүд­нээс энэ талаарх эрх зүйн актыг тусд нь гаргаад, улс орны бүтээн байгуу­лал­тын томоохон бүс гэсэн ойлголтоор хөг­жүү­лэх хэрэгтэй.

-Миний асуугаагүй үлдсэн юм байж магадгүй. Та эцэст нь манай сони­ны нийт уншигчдад хандаж юу хэлэх вэ?

-Их сургуулиудын хотхоны бүтээн байгуулалтыг бүх ард түмэн хүлээж байна. Тиймээс хот төлөвлөлтийг маш нарийн, чанд хийх хэрэгтэй. Аль болох олон эрдэмтэн, архитекторчдын оюун санаа оролцох нь чухал. Зөвхөн ганц хүний ухаан оролцвол хэтэрхий учир дутагдалтай болно. Шинээр баригдах их сургуулиудын хотхон бол Монголчуудын оюуны нэгдэлийн бэлгэ тэмдэгийн бодит илэрхийлэл болж хөгжөөсэй гэсэн л хүсэл, тэмүүлэл байна даа. Энэ бол зөвхөн бидний биш, та бүхний ажил юм шүү.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж