Ерөнхийлөгчийн санаалчилсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийн хугацаа өнгөрсөн оны 31-нээр дуусгавар болсон. Энэ хуулийг дахиж сунгах эсэх нь УИХ-ын бүрэн мэдэлд бий. Хуулийг хугацааг дахиж сунгах уу, үгүй юу гэдгийг анхааралтай ажиглаж, сиймхий гарвал хэргээ бүтээчих санаатай Ашигт малтмалын газрын газар өргөдлөө аль хэдийн өгчихөөд отон хүлээж байгаа олон хүн бий гэнэ лээ.
Тиймээс л Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойн баярт зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулганы индэр дээрээс Монгол Улсын Ерөнхийлөгч энэ талаар эрхэм гишүүдэд, эрх баригчдад сануулга өгөхийг хүссэн биз. Тэрбээр “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг отон хүлээгчид олон байгаа. Хийх ёстой ажлууд ч бий. Гадна, дотны хүмүүсийн гарт, цүнхэнд байгаа ашигт малтмалын зөвшөөрөл нэг бүрийг ажил хариуцсан хүмүүс шалгаж байгаа. Тодорхой дүгнэлт гарах учиртай. Мөн буцаагдсан нэг ч зөвшөөрөл эргэж олгогдоогүй байх ёстой. Дээрээс нь би саяхан Монгол Улсын хилийн бүсэд 200 км хүртэл газар нутагт ашиглагдаж байгаа ашигт малтмал, мөн олгогдсон зөвшөөрлийг нарийвчлан шалгах чиглэл өгсөн. Хайгуулын тусгай зөвшөөрлийг ашигт малтмалын шинэ хууль гартал олгохгүй сунгах хуулийг УИХ-аас хурдан батлах хэрэгтэй” гэсэн Ерөнхийлөгчийн үг энгийн иргэдийн талархлыг хүлээсэн бол нөгөө талд энэ хуулийг дуусгавар болохыг нь анаж суугаа, ашигт малтмалын хайгуулын лиценз авахаар горьдож буй нөхдийн том санаархлыг тас цохьсон, тэдний уур бухимдлыг багагүй төрүүлсэн байх.
Ерөнхийлөгчийн хэлснээр бол тусгай зөвшөөрлийг дарааллын өмнө байгаа нөхөрт биш, бас хайгуулын лиценз нэрээр ашигт малтмал олборлож түүхийгээр нь гаргаж хөлжихийг санаархаж буй нэгэнд биш, харин тусгай тендер зарлаж, байгаль орчин ээлтэй технологи ашиглан, уул уурхайн нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх том зорилготой түүнийгээ хэрэгжүүлж чадах хүмүүст өгөх бодлого барих ёстойг сануулсан. Энэ зарчмыг ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалт гэсэн шат бүхэнд мөрдсөн тохиолдолд алтыг нь аваад авдрыг нь хэмхчээд хаядаг үзэгдэл үгүй болж магадгүй юм.
Өнөөдөр мөрдөгдөж буй, удахгүй өөрчлөгдөх 2007 онд батлагдсан Ашигт малтмалын хуульд Төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн тохиолдолд Монголын оролцоо 51 хувь байхаар заасан. Тэгвэл өөрийн хөрөнгөөр эрэл хайгуул хийж илрүүлсэн ордын 34 хүртлэх хувийг Монголын төр эзэмших ёстой. Харин Ерөнхийлөгчийн тавьсан илтгэл дурдсан 51, 34 гэсэн тоо монголчуудын хувьд дээд хязгаар байсан бол одоо доод хязгаар нь болох агаад Монголын талын эдлэх эрхийн эхлэх хувь байх нь, энэ хувь өмнө нь зөвхөн стратегийн 15 орд дээр яригддаг байсан бол шинэ хуулиар бүх орд дээр хэрэглэгдэх юм байна гэсэн ойлголт төрж байна.
Гэхдээ энэ бүхэн хэрэгжих хүртэл лай ч бий, зай ч бий гэдэг шиг тодорхой цаг хугацаа хэрэгтэйгээс гадна шинэ хууль батлагдаж гартал манаачийг манах шаардлага хүртэл гарах биз. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгохыг хориглох тухай хуулийн хугацааг сунгах эсэхийг хурдхан шийдэхгүй бол Ашигт малтмалын хууль шинэчлэн батлагдах гэсээр байтал чоно борооноор гэгч болохгүй гэх баталгаа байхгүй. Тийм ч тохиолдол өмнө нь гарч байсан. Ашигт малтмалын газрын дарга нь 192 лицензийн асуудлыг сиймхий тааруулаад шийдчихсэн хэргээсээ болж АТГ-д нэлээд хугацаанд шалгагдаж байсан шүү дээ. Тэгэхээр муу хүн чөлөөнөөр гэдэг л болчихгүй бол ямар ч байсан шинэ хууль мэндэлтэл шинээр лиценз олгогдохгүй нь ээ.